УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Монгол хүн битгий хэл монгол морь эх орон руугаа гүйдэг юм шүү

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас ирэх сарын 2-3-нд хийхээр болсон билээ.

Коронавирусийн халдвараас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон долоон арга хэмжээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулахдаа энэ талаар “Үхэх, сэхэхийн ирмэг дээр бид амьдарч байна. Тийм учраас бид бие биенээ хайрлах хэрэгтэй. Бид бүгдээрээ адилхан хүн. Бид цөөхүүлээ. Гадаадад байгаа иргэддээ санаа зовж байна.

Бүх орон руу тусгай үүргийн нислэг үйлдээд иргэдээ авч ирж чадахгүй. Тэгж чадна гэж худлаа ярихгүй. Дэлхий даяар цацсан шагай шиг 160 гаруй мянган монгол иргэн амьдарч байна. Тэд жаргал хөөж яваагүй юм шүү. Тэд амьдрахын төлөө хүний нутгийг зорьсон юм. Хүний нутагт боловсрол эзэмшээд ир гээд хүүгээ гадаад руу явуулсан юм. Хүүгээ сайн хүн болгон, хүмүүжүүлээд байж байгаарай гээд хүний нутагт ажил хийе гээд аав, ээж нь явсан юм. Хамгийн хүнд хүчир ажлыг хийгээд олсон хэдэн төгрөгөө гэр бүл рүүгээ явуулж байгаа.

Иргэдээ бид хүний нутагт орхихгүй. Засгийн газраас гадаадад байгаа монгол иргэдээ авч ирэхэд шат дараатай арга хэмжээ авна. Хүний нутагт эмчлүүлэх гэж очоод гацчихсан, идэх хоолгүй болчихсон, орох орон, оочих аягагүй болчихсон байгаа иргэдээ татна. Үе шаттайгаар зохион байгуулна. Хилээ хаасан зарим оронд очих боломжгүй байгаа. Жишээ нь, Европ руу. Бидэнд хүндрэл байгаа.

Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй. Энэ бол Үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа ажил. Монгол хүн битгий хэл монгол морь эх орон руугаа гүйдэг юм шүү. Монгол хүн “Гэртээ ирэх юм сан, эх орондоо ясаа тавих юм сан” гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас харийн нутагт хөдөлмөрлөн, гэр бүлээ тэжээж яваа монгол түмнээ улс төрчид доромжилж болохгүй. Энэ бол хүний ёс. Энэ бол монгол философи. Бид бололцоотой бүх арга хэмжээгээ авна. Гадаадад байгаа бүх монгол иргэнээ татаж авч чадахгүй ээ. Энийг би дахиж хэлье.

Хүний нутагт амьдарч, ажиллаж байгаа элэг нэгт монголчууд маань тухайн орны хууль дүрмийг сахин биелүүлж, амь насаа хамгаалан, аль болох гадуур явахгүй, бусадтай харьцахгүй байхыг хичээгээрэй. Энийг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсье. Эх орны чинь хөх тэнгэр, уул ус, ээж, аавын чинь сэтгэл та бүхнийг ивээж, тэтгэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнөөдөр хаа нэгэн оронд монгол хүн халдвараар нас барлаа гэсэн мэдээ ирээгүй. Тийм болохоор бид гадаадад байгаа монголчууддаа сэтгэл гаргаж байх ёстой.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/674532790016927/UzpfSTE1ODQ3NzIxODE1MzA1ODo1MDUwNDY0NDAxNjI3OTk/

Би коронавирусийн халдвартай байгаа өнөө цагт сонгуулийн талаар ярихыг хүсэхгүй байна. Ярих цаг нь болохоор л ярья. Зургадугаар сарын 2-ноос сонгуулийн ажил эхлэхээр л ярь. Одоо тэгж бие биенээ элдвээр ярьж, доромжилдгоо болих хэрэгтэй. Би хэн нэгнийг доромжилж, бусад нам руу элдэв үг шидэхгүй байгаа. Ерөнхий сайд хүн ийм байх ёстой гэж бодож байна. Үүнийгээ ч намын нөхөддөө захиж байгаа. Энэ жил мөнгөгүй сонгууль явуулчих юм сан, МАН дотор байгаа болохгүй, бүтэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцохыг хүсэж байна. Би намдаа хэзээ ч бусдаас хандив авахгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button