“УИД-т барилгын ажлын хийцтэй холбоотой албан шаардлагыг хүргүүлж байсан”

Өнөөдөр /2020.06.08/ НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр Улсын их дэлгүүрт гарсан гал түймэртэй холбоотой мэдээллийг хийлээ.
"Өчигдөр буюу 6 дугаар сарын 7-ны өдрийн 16:48 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их дэлгүүрт гал гарч байгаа тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу бие бүрэлдэхүүн очиход гал дээврийн хэсэгтээ тархан дэлгэрсэн байсан тул нэмэлт хүч шаардагдаж, шаардлагатай хүн хүчээ богино хугацаанд гаргасан.
Гал унтраах, аврах нийт найман ангийн 96 алба хаагч очиж, ажилласан. Галын тархалтыг 17:30 цагт зогсоож, 21:30 цагт галыг бүрэн унтрааснаар хүлээлгэн өгсөн. Нэмэлт хүн хүч төвлөрүүлэхэд бэлтгэл ээлж, амарч байгаа алба хаагчдаа дуудаж ажиллуулсан. Улсын их дэлгүүрийн барилгад гарсан галыг унтраахад 27 техник хэрэгсэл ажиллалаа. Утаанд боогдсон долоон хүнийг амь насыг авран хамгаалсан. Галын шалтгаан тогтоогдоогүй гэлээ. Мөн УИХ-ын барилгын ажлын хийцтэй холбоотой шаардлагыг хүргүүлж байсан болохыг онцлов.
Болсон явдлыг эргэн сануулахад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.06.07/ өдрийн 16:48 цагт мэдээлэл шуурхай удирдлагын төв буюу 101 утсанд иржээ. Тухайн дуудлагын дагуу тус дүүргийн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх 10-р ангийн алба хаагчид 16:50 цагт дуудлага дээрээ очсон байна. Алба хаагчдыг очиход гал түймэр барилгын дээвэрт тархан дэлгэрсэн байсан тул, нэмэлт хүн хүч шаардлагатай хэмээн мэдээлсний дагуу бусад шаардлагатай хүн хүч, ангиудаа гаргажээ. Нэмэлт дуудлагаар 8 ангийн 96 алба хаагчид очиж, 17.30 цагт галын тархалтыг зогсоон, оройн 21.30 цагт галыг бүрэн унтраасан байна.
Тухайн галыг унтраахад Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд хурандаа, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 8 ангийн 230 гаруй алба хаагч, 27 автомашинтай ажиллажээ. Түүнчлэн тухайн өдөр гэртээ амарч байсан онцгой байдлын алба хаагчид яаралтай дуудагдаж, гал унтралцсан билээ.
Барилгад гарсан гал түймрийн утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болж 17.00 цагийн үед ТЦА-наас Улсын их дэлгүүр орчмын замыг хаасан болохыг мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн, гэрээсээ яаралтай дайчлагдаж явсан гал унтраагч залуу замын ачааллаас болоод зорьсон газраа нэвтэрч чадахгүйд хүрч, тухайн хэсэгт зохицуулалт хийж байсан тээврийн цагдаагийн алба хаагчид учир шалтгаанаа хэлжээ. Улмаар алба хаагч зохицуулалт хийж, гал унтраагч залуу хүрэх газраа саадгүй хүрч амжжээ. Ийнхүү машинаас буусан даруй албаны хувцсаа сольж өмсөх залуугийн зураг сошиал ертөнцөөр тарсан аж.

Ийнхүү 18.25 минутын үед түймрийг унтраах, аврах ажиллагааны явцад 11 хүнийг аварч, хоёр иргэн угаартсан байсныг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Харин ЦЕГ-аас Гал гарсантай холбогдуулан цагдаагийн 138 алба хаагч, 55 тээврийн хэрэгсэлтэй их дэлгүүр орчмыг хамгаалалтад авч, ажилласан байна. Үүнээс 86 алба хаагч албаны бэлэн байдлыг ханган ажилласан аж. Одоогоор галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь хамтран ажиллаад буй. Энэ тухай ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах тайлбарыг өгөв.
“Галын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн мэдээллээр галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй. Тухайн гал гарах мөчид барилгын дээвэр дээр ажиллаж байсан, гал алдсан байж болзошгүй таван иргэнээс тайлбар мэдүүлгийг авч байна. Урьдчилсан байдлаар дээврийн хар цаас шатааснаас үүдэж гал алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Цагдаагийн байгууллагаас галын шалтгаан, хохирлын хэмжээг барагдуулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Үүний дараа Гал унтраах, аврах ангийн алба хаагч ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ:
"Яг одоогийн байдлаар Гал унтраах, аврах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын улмаас УИД-ийн зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан. Дөрөв болон тавдугаар давхар галт өртсөн бөгөөд барилга бүхэлдээ утаажилтад байна. Гэхдээ гал дотроо тархаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Урьдчилсан байдлаар засвар хийж байсан иргэд гал алдсан байх магадлалтай байгаа ч энэ нь эцсийн дүгнэлт биш юм. Галыг бүрэн унтраасны дараа шинжээчид хохирлын хэмжээг тогтооно” гэсэн юм.
Ингээд оройн 19.30 минутын үед ТЦА-аас Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн нээгдсэн болохыг мэдээлсэн юм. Харин Их дэлгүүрийн баруун, болон зүүн талын хөдөлгөөнийг түр хаасан билээ. Одоо замын хөдөлгөөн хэвийн болсон тухай ТЦА-наас мэдээлэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
буруу... буруу бүхэн бусдын буруу