Н.Гансүх: Малын хамар хатгах өвсгүй тул Баянцагааны малчид малаа бэлчээх боломж алга. Өдөр бүр тэжээж байна

Дэлхий даяар “Коронавирусийн халдвар” гээд халаглаж байхад цөөнгүй аймгийн малчид юун цар тахал манатай сууна. Үргэлж хөдөө хөхөрч, гадаа гандан, хэдэн малынхаа аясыг дагаж явдаг тэдэнд хотон дахь хэдийгээ онд мэнд оруулчих юм сан гэсэн ганцхан бодол л эргэлдэнэ. Үүнээс өөр зүйлийг ажрах, анзаарах, ач холбогдол өгөх сөхөө малчдад үнэндээ алга. Борог өвс намирсан бус улаан шороо эргэсэн талыг санаа алдан харуулдаж, дэмий горьдлого тээн тэнгэрийн хаяа ажиглана. Эцэж, сульдсан мал нь тэжээл аван тожигноход баярлан, цасанд шурган унагахад нь санаа алдана.
Уг нь өдийд малчид өвөлжөөндөө буун, хадлан тэжээлээ жин тан болгочихсон сэтгэл амар сууж байдаг үе. Отор нүүдэл гэсээр зунжингаа зүтгэснийхээ хүчинд тарга тэвээрэг сайтар авахуулсан мал нь жавар сөрөн яраглаж, “Зуд болсон ч ажрахгүй” гээд маадгар суудаг цаг л даа. Гэтэл өнөө жил энэ бүхэн цөөнгүй аймгийн малчдын хувьд тэнгэр, газар шиг өөрчлөгдөн, эсрэгээрээ эргэжээ. Ялангуяа баруун аймгуудын хувьд байдал өдрөөс өдөрт дордсоор буйг малчид халаглаж, учирлаж сууна. Хавсарган салхитай хавраар бус халуун намраар мал нь хоргодоод эхэлжээ.
Өнөө жил цөөнгүй аймагт хур бороо муутай, гандуу зуншсан. Бүр зарим аймгийн малчид бороо харуулдсаар зуныг барсан. Малын хамар гатгах өвс ургаагүй нутгийн малчид өвс, ус бараадан хавраас хойш отор хийжээ. Тэгсэн ч тусыг эс олов. Зунжин, намаржингаа чардайн байж малдаа жаахан тэвээрэг авхуулсан ч хайлган намрын цагаар хэдэн мал нь туржээ. Бороо ороогүй, халиурах өвс ургаагүй зарим аймгийн мал есдүгээр сарын сүүлчээр өргүүлэн, түрүүчээсээ үхсэн гэнэ.
Цаг зүтгэж, хамгийн их зутарч буй сумуудын нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан. Тус сумд энэ жил бороо ер ороогүй. Сүүлийн хэдэн жил дараалан ган, зуд болсон тул Баянцагаан сумд энэ зун ногоон туяа татуулах нь битгий хэл малын хамар хатгах өвс ургаагүй. Газарт ганхах өвс ургаагүй тул малчид хадлангаа бэлтгэж чадаагүй нь тодорхой. Хаанаас, юугаа хадах билээ дээ. Аргаа барсан малчид банкнаас зээл аван, хурааж, хуримтлуулсан хэдийгээ шавхаж байгаад хэдэн боодол өвс худалдаж авснаараа одоо малаа тэжээгээд дуусаж байгаа гэнэ.
Бид Баянцагаан сумын Засаг дарга Н.Гансүхтэй утсаар холбогдон, өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгааг тодруулав.
–Сайхан өвөлжиж байна уу, Та. Танай сумд өвөлжилт хэр байна вэ?
-Өвөлжилт үнэндээ хүнд байна. Манай сум мал малладаг 940 өрхтэй. Тэдгээрээс 667 нь жилийн дөрвөн улиралд мал маллаж амьдардаг. Өвс, тэжээл маш бага бэлтгэсэн, хэдхэн хоногийн нөөцтэй 400 гаруй малчин байна. Малчид маань малаа хямд үнээр ч болтугай нэлээд борлуулсан. Нэг хэсэг малчид өвс худалдаж аваад, тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн. Тэгэх санхүүгийн боломжгүй малчин олон байна. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, цөөхөн малтай малчид өвс худалдаж авах боломж тааруу. Хэдэн малаа онд мэнд оруулахын тулд өвс авъя гэх нь ээ мөнгөгүй.
Манай сумд өвс ургаагүй учраас малаа бэлчээх, бэлчээрээр хариулах боломж алга. Тиймээс малчид малаа өдөр бүр тэжээж байна. Тэгэхээр хэр их хэмжээний өвс, тэжээл хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Хамаг мөнгөө хамж, шимж байгаад авсан өвс нь хэдхэн сар болоод дуусаж байна. Гэтэл урин цагтай золгох яагаа ч үгүй байдаг. Зургаан сар гарч байж л нар, ногоотой золгоно. Тэр хүртэл малаа тэжээх шаардлагатай. Тэгж байж онд мэнд оруулах боломжтой. Ийм хүнд байдалд манай сумын малчид орчихоод байна.
–Одоогоор хэчнээн мал хоргодоод байгаа бол?
-Мал нь хорогдоогүй малчин байхгүй. Бүгд зудтай нүүр тулж байна. Одоогоор сумын хэмжээнд 1000 орчим мал хорогдсон.
–Танай сумын малчдад өвсний хэдэн сарын нөөц байгаа вэ?
-Малчдын өвсний нөөц харилцан адилгүй. Ер нь дунджилаад бодохоод малчид маань сар хүрэхгүй нөөцтэй. Өвсний ямар ч нөөцгүй, өвс худалдаж авах мөнгөгүй, санхүүгийн боломжгүй малчин олон байгааг дахиад тодотгоё.
УОК-ын мэдэлд байдаг “Сум дундын аюулгүйн нөөцийн салбар” гэж бий. Дөрвөн сумын дунд байгуулсан тус салбар манай сумд байдаг юм. Тэнд нөөцөлсөн өвс, тэжээлийг 2021 он гарахаас өмнө худалдахгүй гэх шийдвэр улсаас гаргасан. Үнийг нь тогтоогоогүй, цаг хүндэрсэн үед гаргана гээд байгаа юм. Гэтэл манай энд цаг аль хэдийнэ хүндэрдгээ хүндэрчихсэн. Халуун намраар мал үхээд эхэлчихсэн. Өвлийн эхэн сар дөнгөж гарч байна. Цаг уярах, урин цагтай золгох хаа байсан юм бэ.
Баянцагаан сумд энэ жил бороо дусаагүй. Хавар ямар байдаг билээ. Яг тиймээрээ өдий хүрсэн. 18.500 малтай, 90-ээд малчин өөр аймагт отроор өвөлжиж байна. Улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг мал хоргодохоос, малчдын хот харлахаас өмнө хүргэх, хангах чухал. Энэ байдлаараа манай сумын малчид энэ оныг давж чадахгүй. УОК “Сум дундын аюулгүйн нөөцийн салбар”-ын өвсийг гаргах гэсээр байтал манай сумын мал хоргодоод дуусах нь.
–Танай сумын мал хэр тарга тэвээрэг авсан бэ?
-Тааруу, тааруу. Маш муу. Өвс ургаагүй учраас үнэндээ малаа сайн таргалуулах боломж малчдад байсангүй. Өвс ургаагүй, мал нь таргалаагүй, тамир тэнхээ муутай байгаа болохоор энэ өвлийг давахад үнэхээр хүнд байна.
–Баянхонгор аймгийн бусад сумын өвөлжилт ямархуу байгаа вэ?
-Говийн сумууд өвөлжилт хүнд байгаа. Эдгээрээс хамгийн хүнд байгаа нь манай сум.
КОРОНАВИРУСЭЭС ДУТАХГҮЙ АЮУЛ МАЛЧДАД ТУЛГАРААД БУЙ НЬ ЗУД

–Цаашид энэ асуудалд сум, орон нутгаас хэрхэн анхаарч, юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Аймаг, сумын ЗДТГ-аас малаа борлуулах боломж малчдад бүрдүүлэх тал дээр нэлээд анхаарлаа. Төрөөс МҮХАҮТ-тай хамтран туранхай малыг малчдаас зээлээр авсан. Үүний хүрээнд манай сумын малчид 7092 малаа зээлээр худалдсан.
Манай сум энэ жил түүхэндээ байгаагүй олон төл бойжуулсан, 100.000 гаруйг. Энэ жил, өнгөрсөн жилийн төлийг борлуулах боломж үнэндээ алга. Авдаг хүн байхгүй Малчид хоёр жилийн төлөө яалт ч үгүй авч үлдлээ. Малчдын авч үлдсэн малын 80 гаруй хувь нь өнгөрсөн он, энэ жилийн төл.
Бид цаашид хэрхэх, юу хийх талаар нэлээд ярилцаж байна. Хийхээр төлөвлөсөн ажил цөөнгүй бий. Баянхонгор аймгийн ЗДТГ руу үргэлж хандаж, хамтран ажиллаж байгаа. Манай сумд өвс, тэжээл тасралтгүй авч ирэх, малчдад хүргэх ажлыг тасралтгүй хийсээр байна. Малчид хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөө өвсөнд өгөөд дуусгачихлаа. Одоо мөнгөтэй малчин хуруу дарам. Тэгэхээр одоо төрийн дэмжлэг юу юунаас илүү чухал байна.
–Төрөөс малчдыг хэрхэн дэмжвэл илүү үр дүнтэй байх бол?
-Өвс, тэжээлийн үнийг хөнгөлөх, үнэхээр хүнд нөхцөлд байгаа малчдад боломжийнхоо хэрээр үнэгүй олгох хэрэгтэй. Малаа бэлчээх боломжгүй, хамар хатгах өвсгүй нутагт байгаа малчдад юуны түрүүнд туслах, дэмжих их чухал байна. УОК-оос малчдад нэг юм уу хоёр боодол өгөөд ямар ч нэмэргүй.
Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсан, хүнд цаг үед бид амьдарч байна. Яг үүн шиг зүйл малчдад тулгарч буй нь зуд юм шүү. Зуд бол малчдын хувьд коронавирус. Цаг зүтгэж, зудын байдалд орчихсон байгаа сумуудаар УОК явж, газар дээр нь шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
–УОК–оос танай сумын нөхцөл байдалтай танилцсан уу?
-Баянхонгор аймгаас хоёр ч удаа ажлын хэсэг гарган, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Өөр аймагт отроор өвөлжиж буй малчдаа эргэхээр төлөвлөж байгаа юм билээ.
Өвөлжилт хүндэрч, зарим аймагт мал хоргодож эхэлсэн талаарх тодруулга бүхий нийтлэлийг ЭНД дарж уншина уу.Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�аа тураад бүүр эцэхээс нь өмнө мах�##�ж гаргаад хот оруулж ирээд борлуулсан дээр. 500 м�##�тай бол т�##�ыг нь гаргаад толгой шийр, гэдэс цувдайг ч гэсэн янз�##�ж цус гург�##�дай энэ тэрийг нь цутгаад зарахад хотынхон ур�##�даад авна. Тэгээд олсон мөнгөөрөө элдсэн т�##� м�##�аа тэжээх өвс бордоо олж авсан дээр болно. За нэг бол бүүр 70-80 хувь хүртэл нь м�##� бараг бүгдийг няд�##�ж гаргаад хот оруулж зарж борлуулчаад ирэх хавраас дахин м�##�жих хэрэгтэй. Харсаар суугаад хий зүтгэж үхүүлсэн доор ийм шийдэл дээр болно.
Сонгууль гэж гүйсээр байгаад өвөл гэдгээ мартсан биздээ, УИХ-ын эрхэм гишүүдээсээ тусламж авсан нь дээр, 5,6 сард өгч байсан амл�##�тын хариуг одоо л нэхэх цаг, зарим аймгийн м�##�чид 2 аймаг �##�гасан отор нүүдэл хийж явна, үнэгүй юм төрөөс бүү нэх, м�##� та бүхний хувийн өмч , хотын бид ч г�##�тай г�##�гүй, хоосон нойтон хонож л байна.
ерөнхийлөгчийн нутгынхан гайгүй биз,цаадахдаа дуулгасан юмуу ,нөгөө хөөрхөн гишүүн чинь ,баянхонгорыг , бар болгоно гээ биздээ,СО НӨХӨР ЯАГААД НУТГАА ӨӨД НЬ ТАТАХГҮЙ,ЭНД ТЭНДХИЙН ,ХУВИЙН ӨМЧ ,СОНИРХООД ЯВААД БНА ,АА,НӨГӨӨ ГҮЙГҮҮЛ МОРЬ ,мөнхэрдэнэ хаа явна аа,БАТЗАНДАНГ ЭЛЧИН ЗӨВЛӨХӨӨР ЯВАХ ГЭЖ БГААГ ДУУЛСАН ЮМ УУ
М�##�ынхаа тоо толгойг бууруул, чанаржуулаач, Байг�##�ь дэлхий өөрөө тэнцвэржүүлж байгаа нь энэ. Хохь чинь