Б.Лхагважав: УИХ нийтийн санхүү, төсөв, мөнгөний бодлогыг хянах бүх мэдлээ Засгийн газарт алдчихлаа

Эдийн засагч, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Б.Лхагважавтай Сангийн сайдын сүүлийн үеийн мэдэгдлүүд, нийтийн санхүүгийн системийн талаар ярилцлаа.
-Хөгжлийн банкнаас эхлээд ярих уу. Сангийн сайд шууд татан буулгана гэж хэлээгүй ч бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн. Ер нь Хөгжлийн банкийг чанаргүй зээл ихээр гаргаж, сүүлдээ мухардалд орсон шалтгааныг нь та юу гэж хардаг вэ. Ямар өөрчлөлт хийвэл зөв байх бол?
-Өнгөрсөн 30 жилийн үйл явцыг томоор нь харвал, төр оролцсон банкны үйл ажиллагаа үргэлж дампуурлаар дууссан. Дараа нь арилжааны банкаар дамжуулж том бүтээн байгуулалт хийж болохгүй юм байна гээд 13 жилийн өмнө нийтийн мөнгөний нэг хэлбэрийг банк руу шилжүүлсэн нь Хөгжлийн банк болсон. Гэхдээ 2015 онд эдийн засаг хямарч, араас нь коронавирусийн үе таарлаа. Энэ үеэр зээл авч таарсан хүмүүс төлж чадахгүй хүнд байдалд орсон. Тэднийг л дахин төлүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ Хөгжлийн банкны зээлээр замаа барина уу, дулааны станцаа барина уу, ямар нэг үр дүн гаргасан бол өөр хэрэг л дээ. Гэтэл төрийн тусламжтай нэг банк бий байгуулагдчихаад, авлигалаар ч юм уу, лоббигоор эрх мэдэлтнүүдэд том мөнгө гаргаж өгдөг болчихсон бол эвгүй асуудал. Үүнийг засах гэж байгаа болов уу л гэж харж байна.
-Яг ийм эрх мэдэлтнүүдээс айсандаа, залхсандаа “Яршиг, татан буулгачих” гэсэн хандлага их байдаг. Тэгвэл ер нь зөв болох уу?
-Идээ бээр нь одоо гарч ирж байгаа хэрэг л дээ. 2013 оноос эхэлж эрх баригчид том том мөнгө, зээлээр гараа угаадаг болсон. Хөгжлийн банкаар дамжиж гарсан нэлээд их зээл байгаа. 2016 онд МАН яг энэ буруу механизм, буруу замаар орсон зээлүүдийг цэгцэлнэ гэж гарч ирсэн. Гэвч үнэхээр юу ч хийгээгүй. Тэгэхээр том мөнгөн дээр эргэлддэг бизнест нам хамаарахгүй, харилцан хамааралтай этгээдүүдийн тоглолт хийгддэг байна гэсэн дүгнэлт гарч ирнэ. Гэхдээ сүүлийн хоёр жил коронавирусийн үе таарч, эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүссэнийг мартаж болохгүй. Энэ үеийг өмнөх эдийн засгийн нөхцөл байдлуудтай харьцуулах нь тохиромжгүй юм.
Би өмнө нь танд яриа өгч байхдаа, Монголын эдийн засагт тулгамддаг хоёр том асуудлыг нэрлэж байсан. Нэг нь нийтийн санхүүгийн асуудал. Үүнд банкны систем, татвар, даатгал орж байгаа. Нөгөөх нь төрийн, нийтийн хамааралтай өмчийг яаж зөв эргэлтэд оруулах вэ, хамгаалах вэ гэдэг асуудал. Нийтийн санхүү, нийтийн өмч хоёрыг одоо л бид засаж, залруулж авахгүй бол ирээдүйд эдгээрийн дутуу, дулимаг байдал дээр үндэслэж, эдийн засаг мафижиж, улс төр нь бүлэглэлийн системд орох дүр зураг харагддаг. Өнгөрсөн 13 жилд ямар ч хүнд ял өгч чадаагүй шүү дээ. Хэрэв өнөөдөр тэр хүмүүст хариуцлага тооцъё, ингэж шударга ёс тогтооё гээд, үүнийгээ Ерөнхий сайд өөрөө мэдэгдээд явбал асуудал их өөр л дөө.

-Та өмнөх ярилцлагадаа төрийн өмчит компаниуд цар тахлын үед төсөвт хүндрэл учруулж байгааг онцолж байсан. Одоо зарим ТӨҮГ-ын бүтцэд өөрчлөлт хийх асуудлыг ч Сангийн сайд сөхөж байгаа юм байна. Мөн ТӨБЗГ-ыг корпораци болгох талаар Засгийн газарт танилцуулжээ. Эдгээрийг та хэрхэн харж байна вэ?
-Монголд 500 гаруй төрийн өмчит, улсын үйлдвэрийн газрууд байгаагийн 40-50 нь гол тоглогчид. Эдийн засагт ноёлон тоглодог. Тийм учраас төр оролцсон ийм компаниуд байгаа тохиолдолд хувийн компаниуд хүрээгээ тэлэх ямар ч боломж гарч ирэхгүй байгаа юм. Хэрэв өрсөлдөөн бий болгоё гэвэл тэднийг зах зээлийн зарчим руу нь оруулах хэрэгтэй. Гэтэл эцсийн эцэст, тэнд очиж улс төрийн эрх мэдлээр мөнгө саадаг механизм бий болчхоод байгаа юм. Үүнийг засах эхний алхам нь болох хувьцаат компаниуд гаргах асуудлыг эрчимтэй ярьцгааж байна.
-ТӨБЗГ-ыг корпораци болгочихоор менежментийг нь хувьд шилжүүлж байна гэсэн үг үү?
-Үүний цаана, эрх мэдэлтэй байгаа дээрээ тэнд дахиад бизнесийн бүлэглэл үүсгэнэ гэвэл мөн л шударга бус явдал. Аль болох л хувьд шилжүүлж, төрөөс хань хамааралгүй болгох хэрэгтэй байна.
-Гарц нь?
-Асуудал эргээд л Үндсэн хууль руу орно. Энэ намар УИХ-ын чуулган төрийн, нийтийн хамааралтай өмчийн тухай хуулийг хэлэлцэх байх. Хэлэлцээд баталж чадвал араас нь нэлээд хөдөлгөөн орно. Хоёрдугаарт нийтийн санхүүгийн систем Үндсэн хуулиар хамгаалагдаагүй учраас өндөр албан тушаалтнууд луйвар хийх явдал ихэссэн. Нийтийн санхүүг Үндсэн хууль юунаас хамгаалах вэ гэхээр төрийн эрх мэдэлтнүүдээс, өөрсдөөс нь хамгаана. Ийм хамгаалалт байхгүйгээс болж улс төрчид хувьдаа ашиг олох том механизм бий болсон. Энэ хоёр өөрчлөлтийг хууль, эрх зүйн хүрээнд хийж чадахгүй бол бахь байдгаараа л үлдэх байх.
-Та сая Хөгжлийн банкны тухай ярьж байхдаа зарим этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг сөхлөө л дөө. Санхүүгийн томоохон гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял үүрүүлэх нь чухал уу, эсвэл учруулсан санхүүгийн хохирлыг нь төлүүлсэн нь чухал уу?
-Ерөөсөө бизнесийн шударга байх зарчим руу улс төрийн эрх мэдлээ ашиглаж орсон бол хэн байх нь хамаагүй ялаа эдлэх ёстой. Харин бид ял өгч чаддаггүйд л гол асуудал байгаа юм. Шударга ёсыг та бид хоёр яриад тогтоохгүй, харин шүүх засаглал тогтоодог. АТГ процессын ажлаа сайн хийгээд, шүүх ялаа өгөөд явбал сайн хэрэг. Гэтэл шүүх засаглал маань эдийн засгийн томоохон гэмт хэргийг шүүх болохоор мэргэжлийн бус хүмүүс орж ирдэг. Өөрөөр хэлбэл эрх зүйч нэртэй, хуулийн сургууль төгссөн боловч эдийн засаг, санхүүгийн мэдлэггүй хүмүүс. Товчхондоо энэ институт өөрөө эдийн засагжаагүй. Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөж байгаа мөрдөгчид, хянаж байгаа прокурор, шүүж байгаа шүүгч нар нь эдийн засагжих хэрэгтэй байгаа юм. Гэтэл тэгээгүйгээс болж гэмт хэргийг бултуулах гол эх уурхай тэнд үүсдэг. Нөгөө мэдлэггүй шүүгч, мэдлэггүй прокуроруудыг ашиглаад мэдлэгтэй улс нь зугтаад явчхаж байхгүй юу. Тэгэхээр энэ том эрх зүйн салбараа эдийн засагжуулах хэрэгтэй байна л даа. Манай бизнесийн асуудлыг уг нь Арбитрын шүүх дээр шийдэх ёстой юм. Тэнд мэргэжлийн улс бий. Гэтэл тийшээ хандах хандлага нь бага.
-Шүүгч, прокурорууд санхүүгийн сайн мэдлэгтэй байсан бол томоохон хэргүүдийг зөвөөр шийдэх байсан гэж хэлж байгаа юм байна. Олон нийт бол зөв, бурууг нь хэчнээн зөв дэнсэллээ ч улс төрчдийн захиалгыг дийлдэггүй гэж ойлгодог?
-Гэхдээ улс төрч хүн улс төрийн шийдвэр гаргаад, түүнээсээ болж гэмт хэрэгт холбогдох асуудлыг өөрөөр харах хэрэгтэй юм шүү. Жишээлбэл, энэ коронавирусийн үе, 2013 оны эдийн засгийн хямралын үед гаргаж байгаа шийдвэрүүдийг тийм өнцгөөс харах нь зүй. Нэг үгээр улс төрийн шийдвэр гэдэг бол эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал үүсгэхээс ялгаатай асуудал юм.
Тэгэхээр Үндсэн хуульд маань хэргийг улс төрийн шийдвэр байсан эсэхийг ялгаж авч үздэг, хянадаг цэц маягийн бүтэц байх хэрэгтэй. Гаргасан улс төрийн шийдвэр нь тухайн үедээ буруу юм шиг харагдаж байсан ч алсдаа улс орны төлөө байсан бол эрүү үүсгэж болохгүй. Үүнийг хянаж үздэг тогтолцоо манайд байхгүй. Оюу толгойн асуудал яригдаад л байна. Нарийндаа улс нийтээрээ нийлж байж хийсэн гэрээ юм. С.Баярцогт ганцаараа хийчихсэн хэрэг биш. Улс төрийн томоохон шийдвэр. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал байна. Энэ бас л улс төрийн наймаа байсан. Нэг залуу ганцаараа гүйж очоод, Улаан талбайгаас худалдаад авчихсан хэрэг огт биш. “Хэрэв 49 хувийг олж авчраагүй байсан бол” гээд бод доо. Өнөөдөр амь зууж байгаа ганц үндсэн орлого маань ОХУ-руу гарч байх нь байна шүү дээ. Үүнийг дотооддоо шингээж чадлаа. Харин үүнийг улс төрийн шийдвэр талаас нь задалж үзэлгүй, “49 хувь оруулж ирсэн нөхдийг шоронд хийнэ” гээд үзчихвэл асуудал хэцүүднэ. Тэртэй тэргүй манай Эрүүгийн хуулиар ингэх нөхцөл нь үүсэж магадгүй. Гэх мэтээр үнэлж, цэгнэдэг институт хэрэгтэй.

-Та бид хоёр нийтийн санхүүг улс төрчдөөс хамгаалах концепцоор голчлон ярьж байна. Энэ яг чөлөөт зах зээлийн үзэл санаатайгаа нийцээд явдаг уу?
-Ер нь төр эдийн засаг руу татвар, даатгал, лиценз гурваар ордог. Энэ үйл явцыг эргээд Үндсэн хуулиар, өндөр албан тушаалтнаас зайлшгүй хамгаалж өгөх хэрэгтэй. Зарим орны хуульд, УИХ-ын гишүүн нь төр ба орон нутгийн өмчийн хөрөнгө оруулалттай асуудалд оролцвол шууд эгүүлэн татдаг. Манайд ЖДҮ хусаад давхисан мөртлөө хоёр хүнээс бусад нь хариуцлага хүлээгээгүй. Дээр нь манай улс төрчид өөрөө ёс зүйгүй. “Би давуу эрхтэйгээр тендер авах нь нийтийн албан тушаал хашиж буй надад таарахгүй хэрэг шүү” гэж боддоггүй. “Хууль байхгүй юм чинь, би л, миний найзын компани л авах ёстой” гэж ханддаг.
Мөн сүүлийн хоёр жилд УИХ маань нийтийн санхүү, төсөв, мөнгөний бодлогыг хянах бүх мэдлээ алдчихлаа. Ковидын хуулиар далимдуулж, Засгийн газарт бүх эрх очсон. УИХ-ын хараа хяналтгүйгээр дурын мөнгөө захиран зарцуулах эрхтэй, ийм байдлаар бараг хоёр жил ажиллачихлаа. УИХ Засгийн газраас энэ эрхээ буцааж олж аваач дээ. Уучлаарай, “Гамшгийн” гээд шоудаад л байгаа боловч дэлхий нийтээрээ зэрэгцэн амьдрах шинэ хэлбэршлийг хэдий нь бий болоод явчихсан байна. Манайх болохоор “Гамшгийн” гэнгүүтээ Засгийн газарт онцгой эрх өгчихсөн, УИХ хэн ч биш болчихсон.
-Гэхдээ энэ парламентад тийм итгэл тавьж чадах нь уу. Ихэнх нь МАН-аар хайрцаглагдчихсан, ерөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа үгэнд дуулгавартай орох дүр зурагтай байгаа биш үү?
-Хууль, эрх зүйн талаас яаж ч чадахгүй олонх байна л даа. Нөгөө талаар 13 хүнтэй цөөнх ажлаа хийх ёстой. Эцсийн эцэст парламентад олонх боллоо гээд ард түмний олонх болоогүй л дээ. Нийт авсан саналын 50 хүрэхгүй л хувь. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гэсэн, яг нарийн хуваавал У.Хүрэлсүх нийт ард иргэдийн 50-иас илүү саналыг аваагүй. Гэхдээ “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг дур, зоргоороо явна гэвэл аяндаа ард түмэн алга урвуулахын төдийд арчаад л хаячихна. Ард түмэн зүгээр “Ердийн амьдрал руу буцаагаад оруулаад өгөөч ээ, улс төр хийж хэрэлдэхийн оронд нэгт талдаа гар аа” гэж сонгосных болов уу. Үүнийг нь биелүүлж чадахгүй бол уучлаарай.
-Эрх баригч намын хувьд хуульд хамгаалах механизм оруулж ирэхээс илүү шинэ бүтэц үүсгэх тал дээр л ажиллаад байх шиг. Намар шинээр хоёр яам байгуулна, үүнийхээ сайд нарыг гишүүд дотроос томилохын тулд дахиад Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэгдэж байна?
-Намар тэгнэ гэж байгаа бол мөрөөдөл. Сайдаа гаднаасаа тавиад л явах ёстой. Яг энэ механизмыг МАН-ынхан өөрсдөө л хийсэн, үүнийхээ үр дүнг үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүрдсэн анхны Засгийн газар ажлаа хийж, үр дүнгээ үзэх л хэрэгтэй байсан. Гэтэл У.Хүрэлсүх ажлаа өгөөд, Ерөнхийлөгч болоод явчихсан биз дээ.

-Гэхдээ хуулийг өөрсдийнхөөрөө залж болдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө харлаа шүү дээ?
-Эдгээрийг түр зуурын үзэгдэл л гэж харж байна. Сөрөг хүчин нь институтын хэлбэрт очоогүйнх. Нөгөө талаар үүн дээр хяналт тавих ёстой Төрийн бус байгууллагууд амьгүй байна. Өнгөрсөн 30 жилд Төрийн бус байгуулллагын нэр дор иргэд эвлэлдэн нэгдэж, нам бусаар үйл ажиллагаа явуулдаг энэ процессыг хөхиүлэн дэмжээгүй. Бас намуудыг аль болох хүчгүй, санхүүжилтгүй, орон байргүй байлгах тэр үйл явцыг гайхалтай гардаж хийсэн. 1990 оноос хойш Төрийн бус байгууллага үүсэж хөгжих ямар ч боломж байгаагүй. Хуультай тулдаа МҮХАҮТ, МҮЭХ, МУЗГ гурав л үлгэн салган үйл ажиллагаа явуулж байна. 2006, 2007 онд иргэний хөдөлгөөнүүд хүчирхэгжээд ирэхээр улс төрчид өөрсдөдөө зориулж ТББ байгуулж эхэлсэн. Ер нь эвлэлдэн нэгдэх гэдэг бол хүний онцгой эрх. Гурван хүн нэгдсэн байлаа ч Үндсэн хууль хамгаалж байх ёстой. Өнөөдөр ганц нэг хувь хүний идэвхээр л тухайн салбар дахь буруу, зөрүү зүйл илэрч байгаа болохоос институтийн түвшинд сөхөж, гаргаж ирэхгүй байна. Үүнийг гаргаж ирдэг нэг том хэсэг нь их сургуулиуд байдаг. Гэтэл манайд 30 жилийн хугацаанд их сургуульдаа эрх өгөөгүй. Улс төрийн хараат бус, автономит эрхийг нь одоо хүртэл өгөөгүй. МУИС л гэхэд төрөөс хараат. Бие даасан дүгнэлт, шинжилгээгээ нийтэд түгээх эрхийг нь их сургуулиуддаа өгөөгүй байхад бусад газрууд яаж чадах вэ дээ. БШУ-ны сайд энэ асуудлаа мэдэж байгаа байлгүй дээ.
1921 оноос 1937 он хүртэл, намын үзэл сурталдаа “солиорч”, эцэг эхээ ч буудаж алах хэмжээний хүмүүс бэлтгэгдэж байсан. Өнөөдөр яг иймэрхүү байдал руу орох нь. Нам дагахгүй бол, төрийн нэг ажил хийхгүй бол амьдралгүй юм шиг бүхэл бүтэн арми бий болчихсон байна. Гараад зүгээр ногоо тариад, сайхан амьдар л даа. Тэгж чадахгүй, төрийн нэг буланд л сууж байвал ус, агаартай мэт. Тэгээд хоорондоо “цус нь ойртчихсон”. Монголбанкийг хараарай, 500 хүний тал нь дарга нарын хүүхэд, хамаатангууд байгаа. Бусад газар ч яг адилхан. Гэхдээ өнөөдөр залуу үе гараад ирсэн.
Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар огт танихгүй нэг нэр дэвшигч, би Д.Энхбат дэвшигчийг хэлж байна л даа, долоохон хоног ажиллаад, гурав хоногт нь хорионд ороод 250 мянган санал авсан. Бүх хөрөнгө хүч, механизмаа ашиглаад МАН үсрээд 500 мянган л санал авсан. Ийм залуу үе аяндаа гарч ирж байна, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэдэг, төрөө хүндэтгэдэг. Энэ бол манай ирээдүйн найдвар л даа. Өнөөдөр хамгийн гол аюул нь манай эрх барьж байгаа намд үзэл санааны концепц байхгүй байгаа асуудал. Энэ маш аюултай. Би өөрөө МАН-ын гишүүн мөртлөө л аргагүйн эрхэнд үүнийг хэлж байна.
-Нэгэнт Сангийн сайдын мэдэгдлээр эхлүүлсэн тул Засгийн газрын 200 хоногийн тайлангийн талаар товч яриад дуусгая. Ер нь 10 их наядын хөтөлбөр тун амжилттай хэрэгжсэн, ирэх хавраас эдийн засаг ер гайгүй болчихно гэх агуулгаар ярьж байна лээ?
-Ерөнхий сайдыг хөөргөдөж, тийм худал зүйл яриулж болохгүй л дээ. Ерөөс болсон зүйл нь: Хуучин 10 хувь байсан зээлийн хүүг 3 хувь болгосон. Эдийн засаг зогсчихсон үед тэр зөрүү хүүг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа. Үүнээс шалтгаалсан мөнгөний уналт 9-11 сарын дараа гарч ирнэ. Дөрөвдүгээр сард мөнгө хэвлэсэн, тэгэхээр энэ өвөл тэртэй тэргүй төгрөгийн ханш унана. Одоо орон сууц, барилгын материалын үнэ 30 хувь өссөн нь энэ процесс эхэлчихснийг харуулж байна.
Юу гэхээр, хөдлөхгүй байгаа зах зээл рүү мөнгө оруулбал байгаа нөөцийг нь шавхчихдаг гэдгийг Ерөнхий сайд тооцоогүй. Нэг үгээр байсан бүх барилгын материалыг нь барилгын компаниуд худалдаад авчихсан, агуулахад нь байж байгаа. Одоо үнэ нь өсчихсөн. Хэвлэсэн “цаас”-аар нь хүмүүс бэлэн байгаа материалуудыг худалдаад авчихдаг. Үүнийг харин эргэлт гэж гэнэдээд байгаа юм. Цохилт нь арав, арваннэгдүгээр сард ирнэ л дээ. Эцсийн эцэст ихээр хэвлүүлсэн мөнгө өөрийнхөө үнэт чанарыг ингэж нэхдэг. Хөөрцөглөөд гоё юм яриад л байна билээ. Уучлаарай, манай Засгийн газар шиг улсын төсвөө бүхэл нь барьцаалж, эрсдэл гаргасан аль ч орон байхгүй. Эндээс банкнууд л хожсон. Эргэлтийн мөнгөтэй болсон, зээлүүдээ Засгийн газраар төлүүлчихсэн. Тийм учраас тэр “УИХ-ын дөрвөн гишүүн” ч арилжааны банкнуудад хамааралтай хүмүүс байж магадгүй. Хянадаг газрууд хянаж л байх ёстой. 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхлэх урьдач эх сурвалжийн мэдээллийг УИХ-ын гишүүд л авч байгаа. Ялангуяа банкнуудад дэмжлэг өгөөд байгаа УИХ-ын гишүүд их сонин харагдаж байгаа шүү.

-Мөртлөө одоо 50 мянгатын дэвсгэрт гаргах тухай яриад эхэлсэн. “Сайн жишиг” гэж Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч хэвлэлд ярьсан байна лээ?
-Энэ бол инээдтэй асуудал л даа. Манайд уг нь бол тэгийг нэмэх биш харин ч хасах ёстой юм. Монголбанкны Ерөнхийлөгч 10 мянгатын дэвсгэртийг 10 төгрөг болгож болох юм шүү дээ. Бас түүхий эд үнэтэй байгаа дээр, түүхий эдийн нөөцтэй төгрөгөө холбочихвол манай валют чангарна. Тэгэхээр ийм утгагүй асуудал ярьж байгаа нь, нийгмийн уур амьсгалыг өөр тийш нь сарниулах л үйл явц байх.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн чинь өөрөө Монголбанкны хян�##�тын зөвлөлийн гишүүн хүн биздээ? Өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө шүүмжлэх хэрэг байна уу?
ENE NOXOR OOROO MAN -IIN XULGAICHDIIN TALD SHUUDEE. YARIJ BUI NI ERUUL BOLOVCH ARCHAAGUI BOGS DOLOOGCH. ENE UGEE OOR ULS TORIIN XUCHNII TALD OROOD YARIVAL 100 XUVI DEMJINE
ENE NOXOR OOROO MAN -IIN XULGAICHDIIN TALD SHUUDEE. YARIJ BUI NI ERUUL BOLOVCH ARCHAAGUI BOGS DOLOOGCH. ENE UGEE OOR ULS TORIIN XUCHNII TALD OROOD YARIVAL 100 XUVI DEMJINE