ТОДРУУЛГА: Автобусны үнэ нэмэгдсэн гэдэг нь худлаа

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны үнэд өөрчлөлт орсон гэх мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Тодруулбал, хот доторх чиглэлд нийтийн тээврийн автобусны үнэ нэг талдаа 100-400 төгрөгөөр нэмэгдэж 600-900 төгрөг болсон талаар мэдээлсэн. Уг асуудлаар Улаанбаатар смарт карт компанийн олон нийт хэвлэл мэдээллийн ахлах менежер Ц.Түвшинжаргалтай холбогдож дараах тодруулгыг авлаа.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНЫ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ
Улаанбаатар смарт карт компанийн олон нийт хэвлэл мэдээллийн ахлах менежер Ц.Түвшинжаргал: “Нийтийн тээврийн автобусны үнэ нэмэгдээгүй, олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тарж иргэдийг бухимдуулж байна. "Улаанбаатар смарт карт” компани Нийтийн тээврийн үйлчилгээний газраас заавар авч ажилладаг. Манайхаас үнэ нэмсэн талаар мэдээлэл өгөөгүй” гэлээ.

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: АВТОБУСНЫ ҮНЭ НЭМЭГДВЭЛ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ГЭЭД БҮХ ЗҮЙЛИЙН ӨРТӨГ ӨСНӨ
Харин нийтийн тээврийн үнэ нэмэгдвэл иргэд дараах байр суурьтай байна.

Баянзүрх дүүргийн иргэн: “Цалин мөнгө бага хүмүүсийн амьдрал хэцүүхэн байхад автобусны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа гээд бүх зүйлийн өртөг өснө. Иргэдийн нуруун дээрх ачаа л нэмэгдэнэ гэсэн үг. Бид ахмад настны картаар явдаг болохоор мөнгө төлнө гэж санаа зовохгүй. Миний хүүхдүүд мөнгөө төлөөд нийтийн тээврээр зорчдог. Манай ард түмэн хэтэрхий хөлцөнгүй номхон байна”

Сүхбаатар дүүргийн иргэн: Миний хувьд өдөрт багаар бодоход 2-3 удаа автобусанд суудаг. Оюутан залуусын хувьд санхүүгийн бэрхшээлтэй их тулгардаг учраас нийтийн тээврийн үнэ нэмэгдвэл асуудал нэгээр л нэмэгдэнэ гэсэн үг” гэв.

Б.АМАР
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.