Нийгэм мэдээ

Сэтгэл санааны хүчирхийлэл харилцаа, бүтээмж, нойронд хүртэл нөлөөлдөг

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдоос ирдэг нийтлэг асуултад сэтгэлзүйч хариулж байна.

Асуулт: Ганц удаагийн хүчирхийллийг мэдээлэх ёстой юу? Манай хүн нэг уурлахаараа өөрийгөө хянаж чаддаггүй. Тэгээд хүн рүү аймаар орилж, хашгирч байж тайвширдаг. Гэтэл саяхан уурлахдаа цохиж авлаа. Үүнийг мэдээлэхгүй өнгөрвөл дахин давтагдах болов уу? Ганц удаа гээд уучлах ёстой юу?

Хариулт: Сэтгэл зүйн талаасаа бол хүнээс гарч буй сөрөг үг, үйлдлийг тэр дор нь бурууг хэлэх, ойлгуулах, зохих газарт мэдэгдэх нь зүйтэй. Өршөөсөн, за яахав, байнга ингэх бишдээ гэсэн хандлага, үйлдэл дахин давтагдах магадлалтай байдаг. Сэтгэл хөдлөл хэт өндөр буюу сөрөг байх тусмаа хүнээс гарч буй үг, үйлдлийн хүч их байдаг. Мөн нэгэндээ гар хүрсэн мэдрэмж үйл явдал харилцаанд сөрөг нөлөө үзүүлдэг тул тайван болсны дараа заавал ярилцах нь чухал юм.

Асуулт: Гэр бүлийн маргаан, хүчирхийлэл хоёрыг яаж ялгаж салгах вэ? Муудалцсаны дараа зүгээр л жаахан маргаан байхад, айл бүрт л байгаа гэдэг. Би эргэлзээд байна.

Хариулт: Гэр бүлийн сэтгэл зүйн үүднээс бол маргаан нь ямарваа нэгэн асуудлыг шийдэхийн тулд харилцаанд оролцож байгаа хүмүүс өөрийн санал бодол, мэдрэмжийн зөрүүтэйгээс бол үүсдэг. Тиймээс маргаан нь тодорхой асуудлыг шийдэх зорилго руу чиглэж байдаг бол хүчирхийлэл нь илүү хор хохиролтой юм. Үүнийг хуульчаас илүү тодруулах нь зүйтэй.

Асуулт: Миний хийсэн, хэлсэн бүхнийг өөчилж, намайг байнга буруутгадаг нь хүчирхийлэл мөн үү? Өөрийнхөө хийсэн бурууг ч манай энэ бүтэлгүй болохоороо ... гэсээр байгаад би өөрийгөө ч хамгаалахаа больчихсон байна. Одоо хүүхдүүд ч намайг тоохоо болиод байна. Яаж энэ асуудлаас гарах вэ?

Хариулт: Харилцаанд нэгнийгээ буруутган сэтгэл зүйн тавгүй байдал үүсгэх тохиолдол гэр бүл хосуудад нэг бус удаа тохиолдох нь бий. Гэвч буруутгалын шалтгаан тодорхойгүй тань руу илт дайрч давшилсан байх нь сэтгэл санааны хүчирхийллийн нэг хэлбэр юм. Энэ нь олон удаагийн давтамжтай байнгын үечлэлтэй байх нь хүний өөртөө итгэлтэй байдал, амьдарлын чанар, бусадтай харилцах харилцаа, ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлт, нойр зэрэг бүхий л хэсэгт сөргөөр нөлөөлдөг. Тийм учир бусад хүмүүс таныг тоохгүй байх, хүүхдүүд үл ойшоож байгаа мэт санагдах эсвэл бүр энэ нь бодитой ч байх талтай. Таныг чухам ямар асуудалд буруутгаж, өөчилж байгааг анзаарах хэрэгтэй. Гоочилж, өөнтөглөж байгаа зүйлийг бусад хүмүүс хэрхэн хүлээн авдагийг мөн анзаарах нь чухал юм.

Асуулт: Миний цалин хөлсийг нэг бүрчлэн тооцож, буруутгадаг нь хүчирхийлэл мөн үү? Би төрийн албанд, тогтмол цалинтай учир маш нарийн тооцдог. Тэгээд мөнгө дутвал яасан гээд бөөн юм болдог. Ажил дээр хүний буяны ажил, хурим найр, төрсөн өдөр гээд мөнгө хураасан гэхээр худлаа ярьж, эцэг эхдээ зөөлөө гээд байнгын хэрүүлтэй байдаг. Би яах ёстой вэ?

Хариулт: Гэр бүл өөрийн гэсэн санхүүгийн хуваарьтай мөн хэрхэн зарцуулах талаар төлөвлөж ярьсан байх нь зүйтэй. Мөн дундын сантай байхаас гадна өөрийн хувийн хөгжилд зарцуулах мөнгөтэй байх нь сэтгэл санааны байдал болон өөртөө итгэлтэй байдалд чухал гэж сэтгэл судлаачид үздэг. Тиймээс энэ талаар нөхөр (эхнэртээ) ойлгуулах нь зөв алхам юм. Цалин их, бага байхаас үл хамааран хүн өөрийн гэсэн мөнгөн зарцуулалтыг хийдэг байх нь чухал.

Асуулт: Миний талаар ах дүү, найз нөхдөдөө худал ярьж, муу эмэгтэй болгодог нь хүчирхийлэл мөн үү? Би яаж энэ асуудлыг бусад хүмүүст үнэн зөвөөр ойлгуулах ёстой вэ?

Хариулт: Таныг хос тань муугаар ярьж худал хэлдгийг та хэнээс хаанаас мэдсэн бэ? Өөрөө танд хэлсэн үү? Эсвэл хүн танд дамжуулан хэлсэн үү? Мөн чухам юу гэж худал хэлдэг вэ? Гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс оролцох гэсэн хандлагууд байдаг гэдгийг танд мөн сануулах нь зүйтэй болов уу. Та өөрийгөө тийм гэдгээ батлахаас өмнө хостойгоо энэ тухай ярилцаж ямар эх сурвалжаас юу гэж сонсож ойлгосон, түүнийг сонсоод ямар мэдрэмж төрсөн тухайгаа мэдэлцэх нь нэн тэргүүний ажил юм. Бусдын хэлсэнд шууд итгэн бусдад өөрийгөө батлах гэсэн оролдлого нь сэтгэл хөдлөлд суурилсан учир анхаарах хэрэгтэй. Харин үнэхээр худал ярьж, муу хүн мэтээр ойлгуулсан бол ямар зорилготойгоор бусдад хэлж ярьсныг нь мэдэх нь чухал. Тиймээс мөн л нээлттэй харилцан яриа чухал юм.

Асуулт: Нөхрийг хэн ч хүчирхийлэгч гэж мэдэхгүй байгаа тохиолдолд яах вэ? Бусад хүмүүстэй итгэмээргүй сайхан харьцдаг. Гэртээ орж ирэхээр л манай гэрийн дарангуйлагч болж хувирдаг. Хүүхдүүд ч айгаад хөдөлж чаддаггүй.

Хариулт: Гэртээ хэрхэн дарангуйлагч болдог вэ? Ямар зан чанар гаргаж хүүхдүүддээ сөрөг байдал үзүүлдэг вэ гэдгийг нь өөрт нь хэлж ойлгуулж үзсэн үү? Мөн ямар тохиолдолд тийм зан чанар гаргах нь элбэг байдаг вэ? Эдгээрийг анзаарах нь чухал. Магадгүй бага цагт их зүйл хийж амжуулдаг, ажил дээрээ стресст өртдөг, бухимдал ихтэй, сэтгэл зүйн хувьд нээлттэй бус хүмүүс ийм зан чанар гаргах тал бий. Тиймээс уурлаж бухимдаж бусдыг дарамтлах гэсэн үйлдэл бүрийн цаана тодорхой шалтгаан байгааг ойлгуулах нь зөв. Мөн энэ үед аль аль тал сэтгэл зүйн хувьд тайван байх нь чухал юм.

Асуулт: Нөхрийгөө хүчирхийлэл үйлдсэний дараа цагдаад хандвал хүүхдүүд намайг буруутгах болов уу? Яагаад гэвэл нөхөр хүүхдүүддээ маш сайн ханддаг болохоор аавыг нь цагдаад барьж өгвөл намайг үзэн ядах болов уу гэж айгаад байх юм?

Хариулт: Хүчирхийллийг нүдэн дээрээ харж өсөж байгаа хүүхдүүд түүнийг гэр бүлд байж болдог зүйл юм байна гэсэн хүлээн зөвшөөрөх хандлагаар хардаг болох нь таныг үзэн ядахаас илүү хоруу чанартай юм. Учир нь тэр байдлаа үе тэнгийхэндээ гаргах, цаашлаад өөрийн бий болгох гэр бүлийн загвартаа ч оруулах эрсдэлтэй. Хүчирхийллийг үл тэвчих байдал нь үүнээс нь эхэлнэ гэдгийг та ойлгоорой.

Асуулт: Нөхрийг цагдаагийн байгууллагад баривчлуулсны дараа хадмууддаа юу гэж тайлбарлах ёстой вэ? Хадмууд хүүгээ хүчирхийлэл үйлдэж байхад огт буруутгадаггүй. Харин чамаас боллоо, миний хүү тийм хүн биш гээд байдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Хариулт: Эцэг, эхчүүд ихэвчлэн өөрийн хүүхэддээ буруу өгөх дургүй байдаг. Дотроо хүлээн зөвшөөрсөн ч магад гаднаа гаргаж байгаа хариу үйлдэл нь өөр байх боломжтой. Гэр бүлийн хүчирхийллийн хор хохирол, та бүхний гэр бүлд гарч байгаа сөрөг үр дагаварыг ойлгуулахыг хичээгээрэй. Мөн асуудалд дан нэг талын бус хоёр тал үүрэг оролцоотой байдгийг дурьдаарай.

Асуулт: Намайг зодсоныхоо дараа маш их гэмшиж, уучлал гуйдаг. Дараа нь хэд хоног шал өөр хүн шиг сайхан ааштай болдог. Энэ засарч байгаа явдал мөн үү?

Хариулт: Бусдын бие хүрч зодож цохих нь буруу гэдгийг хэлмээр байна. Бусдын биед гар хүрсний дараа уучлал гуйгаад засарна гэж уучлал гуйдаг хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэг нь дахин энэ үйлдлээ хийх магадлалтай байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс зөвхөн өөр хүн шиг сайхан ааштай болсныг нь өөрчлөгдсөн гэж үзэх нь буруу хандлага юм. Яагаад өөрт чинь гар хүрэх болов, ямар асуудал дээр үл ойлголцол үүссэн, түүнийг арай өөр арга замаар шийдэх боломжтойг хоёулаа уурлаж стрессдээгүй байгаа үедээ тухтай ярилцахыг хүсэж байна.

Асуулт: Чамгүйгээр амьдарч чадахгүй, чамайг сална гэвэл би амиа хорлоно гээд элдэв юм болдог. Үнэхээр салаад явбал амиа хорлох болов уу?

Хариулт: Бусдыг өөрийн эрхшээлдээ байлгахын тулд өөрийгөө ямар нэгэн аюул эрсдэлд оруулна гэж шалтаглан айлгах нь харилцааны хамгийн буруу загвар юм. Ямар ч асуудал болсон дээрх шалтгаанаар бусдыг буюу хамт амьдардаг хүмүүсээ айлгаж сүрдүүлэн тайван байдлыг эвдэх нь тэр хүний сэтгэл санааны тавгүй байдал, асуудлыг буруу аргаар шийддэг хэв маягийг илтгэдэг. Тиймээс тухайн хүнийг сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандахыг зөвлөж байна.

Асуулт: Би нөхрөөсөө салбал хүүхдүүдээ тэжээж чадахгүй гэдгээсээ маш их айдаг. Би 3 хүүхэдтэй, хүүхдүүдээ асраад 7 жил ажил хийгээгүй. Гэхдээ байнгын энэ хүчирхийлэлд амьдраад байж чадахгүй байна. Яавал дээр вэ?

Хариулт: Хүчирхийлэлд удаан хугацаагаар байх нь хүний шийдвэр гаргах, асуудлыг бодитоор харах чадварт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа би бусдаас хамааралтай, нөхөр байхгүй бол ганцаараа хүүхдүүдээ хэрхэх билээ, хэн ч надад туслаж чадахгүй шүү дээ гэсэн гарцгүй мэт мэдрэмжтэй нүүр тулдаг. Гэртээ мөн 5 жилээс илүү сууж нийгмийн харилцаанд орохгүй байх нь сэтгэл гутралын шинжийг бий болгодог. Тиймээс өөрийн юу хүсэж мөрөөддөг байсан чухам ямар амьдралыг мөрөөддөг байснаа эргэн нэг санахыг хүсэж байна. Бид чадна гэвэл чаддаг, чадахгүй гэвэл чаддаггүй.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button