Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлагаЯрилцлага

Хүнсний инженер О.Гал-Очир: Хуванцар саванд химийн бодис тээвэрлэдэг тул хүнсэнд ашиглаж болохгүй

Монгол улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хүнсний хэрэглээндээ зориулалтын бус хуванцар савыг өргөн хэрэглэж байна. Тухайн иргэдийн дунд хуванцар савыг хүнсэндээ хэрэглэвэл хортой, цаашид хэрэглэж болохгүй гэх мэдээлэл тархаад буй. Энэ асуудлыг тодруулахаар хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа.

-Хуванцарыг нефтээс гаргаж авдаг-

-Хуванцар гэж юу бэ. Хаанаас гаргаж авдаг талаар ярилцаж, яриагаа эхлүүлье?

-Нефтийг боловсруулж цэвэршүүлсний дараагаар олон төрлийн бодис гаргаж авдаг. Тэдгээрийн нэг нь хуванцар юм. Дэлхий даяар машины хэрэглээ өсөж буй. Эдгээр машины хөдөлгүүр нефть хэрэглээ байж л ажиллана шүү дээ. Тэгэхлээр нефтийн дагалдах бүтээгдэхүүн болох хуванцрын гаралт зогсохгүй гэсэн үг.

-Бидний амьдралын ихэнх хэрэгцээг хуванцар хангах болсон. Ялангуяа хүнсний зориулалтын сав баглаа боодолд ашиглагдаж буй. Гэтэл дэлхий даяар хуванцраас татгалзаж эхэлж байна шүү дээ?

Хоол, хүнсний савлагаанд зориулалтын бус хуванцар сав хэрэглэхийг хоригложээ

-Хуванцар бүхэн өөр өөрийн гэсэн зориулалттай. Нэг хэсэг нь хүнстэйгээ урвалд ордоггүй байхад нөгөө нь хортой нэгдлийг ялгаруулж байдаг. Зарим төрлийн хуванцарт халуун зүйл хийж болдог байхад нөгөө хэсэгт нь зөвхөн хүйтэн бүтээгдэхүүн агуулах зориулалтай байдаг юм. Зориулалтаар нь ашиглаж хэвшвэл хортой зүйл ялгарахгүй гэсэн үг.

Мөн хуванцраар хийсэн сав бүрийн доор тэмдэглэгээ бий. Ямар бодисоор хийсэн, ямар зориулалтаар ашиглах тухай мэдээллийг тухайн тэмдэглэгээ агуулж байдаг билээ. Иргэд түүнийг харж танихгүй байдлаас үүдэж бүх хуванцрыг аюултай гэсэн ойлголтод хүрээд байгаа.

Хэрэв танихгүй байдлаасаа үүдэж хортой хуванцрыг хэрэглэвэл хоол боловсруулах тогтолцоонд өөрчлөлт гарч, цаашилбал хорт хавдар үүсэх магадлалтай.

Хүмүүс мэдлэггүйгээс болж янз бүрийн сав хэрэглэж байна. Жишээ нь, химийн бодис хийх зориулалттай “цэнхэр” саванд сүү тараг хийгээд зарах тохиолдол байдаг. Энэ байж болохгүй.

-Дэлхий дээр жилд 13 сая тн хуванцар хог хаягдал болж байна-

Хуванцар савыг үнэлж авна

-Дэлхий нийтэд хуванцрын хог хаягдал асуудал болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Үүнээс үүдэж хуванцрын хэрэглээг бууруулах, ангилж хаях дадалд уриалж буй. Энэ уриалга хэр зохистой вэ?

-Дэлхий дээр жилд 13 сая тн хуванцар хог хаягдал болж байгаатай холбоотой.

Тухайн хог хаягдлыг далайд хаях аль эсвэл хөрсөнд булах зэргээр устгадаг. Энэ байдлаас үүдэж хуванцар хортой гэсэн ойлголтыг дэлхий даяар түгээж буй. Гэтэл тухайн хаягдаж буй хуванцрын 10 хүрэхгүй хувийг л дахин боловсруулж чаддаг.

Манай улсын хувьд хогоо ангилах дадалд хараахан суралцаагүй байгаа. Ганц нэг хүн ангилж хаяж байгаа хэдий ч тухайн хогийг ачихдаа ангилдаггүй. Ялгаагүй нэг машинд ачигдаж, хогийн цэгт хаягддаг шүү дээ. Энэ байдлаараа явбал хуванцрын хаягдал нэмэгдэнэ. Бууруулахын тулд дахин ашиглах дадалд суралцах хэрэгтэй. Манайх шиг хуванцраа үрэл хэлбэрээр худалдаж аваад хэлбэрт оруулж хэрэглэдэг улсад дахин боловсруулж ашигладаг байвал зохих байх.  

-Хуванцар бусад материалыг бодвол хог хаягдал болох нь элбэг байхад дахин боловсруулж ашигласаар байх нь хэр оновчтой вэ?

-Байгал орчинд хортой гэж ярих хүмүүс олон байдаг. Би бол үүний эсрэг бодолтой явдаг. Яагаад гэвэл хуванцар ашиглаж буй бүх зүйлсийг төмөр, аль эсвэл мод болгоё гэхэд маш олон модыг тайрч сүйтгэх, төмөр ухах гэж газар сэндийчих хэрэг гарна шүү дээ. Шууд гаргаад хаявал мэдээж байгаль орчинд хөнөөлтэй. Харин ангилж хаяад дахин ашиглаад эхэлбэл зохистой хэрэглээ болох юм.

-Хүнс хадгалалтад хуванцар тохиромжтой-

-Яагаад хуванцар савыг хэрэглэх ёстой вэ?

-Хүнсний үйлдвэрлэлд зөвшөөрөгдөх гол материал бол хуванцар.

Зэвэрдэг төмөр эсвэл эко гэж яригдаад байгаа мод, цаасан материал бол хүнсний үйлдвэрт хориотой, технологийн шаардлагад нийцдэггүй юм.

Яагаад гэвэл тухайн материал сайн цэвэрлэгддэггүй мөн зэвэрч хүнстэй урвалд орж болзошгүй байдаг. Хэрэв хүчиллэг хүнс байсан тохиолдолд төмөртэйгөө урвалд ороод бүтээгдэхүүн болон саванд өөрчлөлт ордог. Тиймээс хүнс хадгалалтад хуванцар тохиромжтой. Яагаад гэвэл хуванцар урвалд орохгүй шүү дээ.

Хуванцар төрлийн бүхий л зүйлсийг хортой л гэнэ. Гаргаад хаялаа гэхэд таны хананаас гоожих ус хуванцар хоолойгоор дамжиж ирдэг шүү дээ. Нүдэнд ил байгаа зүйлсээсээ айж, буруутгах ойлголтоосоо салах хэрэгтэй.

Харин тухайн хоолой ямар шинж чанартай байна вэ. Наанадаж цахилгааны утас далдалдаг хуванцраар хийсэн юм биш биз гэсэн хардлага тээвэл бодит болно.

-Дахин ашиглавал зохистой гэлээ. Тэгвэл ямар төрлөөр?

-Өнөөдөр усны сав байсан бол маргааш өөр савны таг, нөгөөдөр замын боржур ч юм уу. Өөр өөр материал болгоод хувиргаад явж болно шүү дээ. Дахин ашиглаж байгальд хог болгохгүй байх нь чухал.

-Бүтээгдэхүүний үнэ савлагаатай шууд холбоотой байдаг-

-Хуванцрыг халж, төмөр, мод, шилийг хэрэглэх уриалга нэмэгдлээ. Та бол үүнд хоёр талын байр суурьтай ханддаг юм байна. Хэрэглээнээсээ хуванцрыг ч шууд хаяж болохгүй хэмээн тодотгож байна шүү дээ?

-Заавал төмөр савлагаанд хийе гэвэл зэвэрдэггүй ган байх шаардлагатай. Манай улс зэвэрдэггүй ганыг бүтээж, үйлдвэрлэх хүчин чадалтай улс мөн билүү гэдгээ бодох хэрэгтэй.

Ямар нэгэн ашиг сонирхлын хүрээнд зэвэрдэггүй ганаар хийсэн бүтээгдэхүүн оруулж ирээд түүнийгээ борлуулахын тулд иргэдийн дунд хуванцрын талаар сөрөг мэдээлэл явуулаад байгаа эсэхийг мэдэхгүй шүү дээ.

Манайх шилээ өөрөө үйлдвэрлэдэггүй. Шил худалдаж авахын тулд гаднын улсад их хэмжээний мөнгө төлж байна. Даршилсан ногоо болон бусад шилэнд агуулдаг зүйлсийг хуванцар саванд хийх боломжтой. Бусад улс оронд, тодруулбал Японд хуванцарт хийсэн харагддаг юм. Ингэснээр тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах өртөг буурах боложмтой. Тухайн улс шилний өртгийг мэддэг болохоороо хуванцарт хийж эхэлсэн байх.

Архийг гэхэд шилэнд агуулдаг. Тухайн архины сайн сайханд бус гаднах шилний хийц, өнгөнөөс хамаарч үнэлэгддэг юм.

-Тэгэхээр бидний хэрэглэдэг ус ундааны сав хуванцар байдаг нь үнэтэй холбоотой байх нь. Шууд буруутгах боломжгүй юм байна?

-Хамгийн тохиромжтой хувилбар нь хуванцар учраас тэр. Хэрэв иргэдийн шүтээд буй төмөр, шилэн савлагаагаар хийе гэвэл өртөг маш өндөр болох юм. Гэтэл манай улсын хувьд төмөр савыг боловсруулах чадваргүй. Тиймээс хүнсэнд тохирох хуванцар савыг таньж мэдээд хэрэглээд явах нь зүйтэй.

-Бидний нэрлэж заншсанаар “Шар” баллоныг ундны ус хадгалахад ашиглаж болохгүй хэмээн ярьдаг?

-Шар өнгийн, 20 литрийн багтаамжтай тус саванд наран цэцгийн тосыг зөөвөрлөн авч ирдэг. Тухайн саванд тээвэрлэгдэж ирсэн тос хүнсний бодис мөн. Нэгэнт тос хийгээд аваад ирсэн тохиолдолд яагаад ус хийж болохгүй гэж.

Харин машины тос зөөвөрлөн ирдэг савыг хэрэглээндээ ашиглаж харагддаг. Тухайн сав хүнсэнд тохиромжгүй тул бусад хэрэглээнд ашиглаж болно.

-Хуурамчаар тэмдэглэгээ хийсэн байж болзошгүй-

Хуванцар савны хэрэглээ ба эрх зүйн орчныг сайжруулахар Өргөдлийн байнгын  хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа | Sonin.MN

-Хүнсэнд хэрэглэж болох саванд тэмдэглэгээ байгаа гэлээ. Хуурамч тэмдэглэгээ хийсэн байх магадлалтай юу?

-Хуурамчаар тэмдэглэгээ хийсэн байж болзошгүй. Гаднаас орж ирж буй эдгээр саванд хяналт, шалгалт хийх нь чухал болоод байна. Ямар зориулалттай болохыг шинжлэх боломж манай улсад хомс. Ядаж өндөр хөгжилтэй бусад орноор шинжлүүлээд, дараагаар нь хэрэглэгчдэд танилцуулдаг байвал зохих юм.

-Нэг тонны багтаамж бүхий хуванцар савыг иргэд ашиглах нь элбэг. Гэтэл тухайн саванд химийн бодис агуулж байсан учир хортой гэх. Энэ үнэн үү. Зарим хүмүүс хүнсэнд бус ургамал ногоо услах зориулалтаар ашигладаг байна. Ингэж болох уу?

-Хортой. Тухайн сав химийн бодис тээвэрлэж ирдэг учир хүнсэнд яав ч ашиглаж болохгүй. Яагаад гэвэл химийн хортой бодис тээвэрлэсэндээ бус тухайн савыг хийсэн элемент хүнсэнд ашиглахад тохиромжгүй юм.

Ургамал, ногоо, амьтан, хүн бүгд өөр өөрийн гэсэн амьдралтай. Тэдгээрийг химийн гаралтай усаар усалбал бүгд хордоно. Тиймээс дээрхээс бусад шаардлагаар ашиглаарай хэмээн зөвлөх байна.

-Тухайн савыг ямар байдлаар ашиглавал зохистой вэ?

-Янз бүрийн барилга байгууламжийн зуурмагт ашиглаж болно, мөн агуулах савын зориулалтаар бус бүтээлч байдлаар ашиглаж болно шүү дээ.

Ээжүүд | eejuud-app.mn

-Хуванцар савны зөв зохистой хэрэглээнд хэн анхаарвал зохистой гэж бодож байна?

-Энэ ажлыг гүйцэтгэвэл зохих гурван субъект бий. Нэрлэвэл хэрэглэгч, үйлдвэрлэгч, төр.

Төр, хуванцрыг ангилах үйл явцад хяналт шалгалт хийж хэвшүүлэх, тухайн ажлыг гүйцэтгэх газрын чадамжийг сайжруулах ёстой.

Тухайн хуванцар агуулж буй зүйлдээ хор хөнөөл учруулж байгаа эсэхийг тодруулж чаддаг байх хэрэгтэй.

Үйлдвэрлэгч, савлагааныхаа баталгааг гаргаж таниулдаг байх хэрэгтэй. Хэрэв өөрсдөө чадахгүй бол тухайн шинжилгээг хийж чаддаг орон руу явуулж хяналт шалгалтыг хийж хэрэглэгчдэдээ таниулдаг дадалд суралцах шаардлагатай юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2023 14:22

Хуванцар савыг хүнсэнд хэрэглэдэг юм уу?

Зочин
Зочин
6 сар 14, 2023 14:23

Xuvantsar savnii talaar mash todorxoi oilgomjtoi delgerengui medeeljee Xuduu oron nutagt m#lchid suu tsagaan ideegee bolvosruulaxdaa xuvantsar savnuud ixeer xeregledeg Ted nar ene muu zurshilaasaa tatgalzaax xxeregtei shuu Xuvantsar sav suulgiig xunsendee ahiglasnaas bolj xort xavdar uusdeg baigaa shuu

Холбоотой мэдээ

Back to top button