Энэтхэгт хэт халж, 170 хүн амиа алдлаа
Энэтхэгт хэт халалтын улмаас амиа алдагсдын тоо 170-д хүрлээ. Нас барагсдын дийлэнх буюу 119 нь Уттар Прадеш, үлдсэн нь зэргэлдээ орших муж болох Бихарт бүртгэгджээ.
Тус улсын хойд хэсэг зуны саруудад хэт халдгаараа алдартай бөгөөд сүүлийн долоо хоногт агаарын температур дунджаас нэмэгдэж, 43.5 градуст хүрсэн юм. Хэт халалтын улмаас Засгийн газар нь ч олон нийтэд сэрэмжлүүлэг зарласан билээ.
Түүнчлэн Уттар Прадешийн төв эмнэлэгт хэт халууны улмаас бие нь өвдсөн иргэдээр дүүрсэн бөгөөд шарил хадгалах газруудын ачаалал эрс нэмэгдсэн байна.
Үүнд бүс нутгийн цахилгаан эрчим хүчийг тасалж, иргэд ус, сэнс, агааржуулагчгүй болсонтой ч холбоотой ажээ. Тиймээс тус мужийн захирагч эрчим хүчээр байнга хангахад анхаарч байгаа гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.
Харин Баллиа дүүргийн эмнэлэгт агааржуулагч байхгүй ажээ. Тиймээс зарим өвчтнүүдээ Варанаси зэрэг томоохон хотуудын эмнэлгүүдэд шилжүүлсэн байна.
Тус улсын хувьд энэ үзэгдлийг коронавирусний цар тахлын үеийнхтэй төстэй хэмээн тодорхойлж байгаа юм.
"World Weather Attribution" эрдэм шинжилгээний группээс хийсэн судалгаагаар дөрөвдүгээр сард болсон халалтын давалгаа нь энгийн үетэй харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 30 дахин их байсан нь тогтоогджээ. Энэ сарын эхэн үе нь түүхэн дэх хамгийн халуун үе байсан бөгөөд дэлхийн дундаж агаарын температур анх удаа үйлдвэржилтийн үеийнхээс 1.5 хэмээс илүү халуун байсан аж.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.