ДЭЛХИЙУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цагаан ордон: ИНЕГ-т техникийн тусламж үзүүлнэ, $25 саяын буцалтгүй тусламж гэрээлэв

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэлийн талаар Цагаан ордны https://www.whitehouse.gov/ сайтад хэрхэн өгүүлснийг онцлон хүргэж байна.

Мэдээллийн товч агуулга:

  • ИНЕГ-т техникийн туслалцаа үзүүлнэ
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) болон Сангийн яам хооронд 25 сая ам.долларын өртөгтэй хөгжлийн буцалтгүй тусламжийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурав
  • НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгааг сайшааж, хөнгөн тактикийн 20 автомашин өгнө

Мэдээллийн дэлгэрэнгүй хэлбэр:

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг наймдугаар сарын 2-ны өдөр Вашингтон хотноо угтан авч, АНУ, Монгол Улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улс бүс нутаг болон дэлхий дахинд харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, улмаар олон улсын тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буй хүчин чармайлтыг АНУ сайшаав.

АНУ, Монгол Улс эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, ардчилсан зарчим, институцийг дэмжих, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч, стратегийн түншлэлийн харилцаагаа хамтдаа өргөжүүлж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх

АНУ, Монгол Улс 21-р зууны эдийн засгийн хамгийн хүнд сорилтод хариу арга хэмжээ авч, худалдаа, хөрөнгө оруулалтаар дамжуулан дэмжих боломжийг судалж байна. Одоо байгаа болон шинэ механизмаар дамжуулан эрдэс баялаг, цэвэр эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, дижитал эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх хүсэлтэй.

Монгол Улс төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо танилцуулав.

Монгол Улсын ардчиллаа бэхжүүлэхэд эдийн засгаа төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлаа нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шаардлагатай. Үүнд нь АНУ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Хоёр тал ашигт малтмал, эрчим хүчний салбарт шинэ хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. 6-р сарын 27-нд "Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан.

Монгол Улс уур амьсгал, байгаль хамгаалах асуудлаарх, Дэлхийн НҮБ-ын индэрт зарласан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Нэг тэрбум мод” санаачилгыг онцлов. Мөн АНУ, Монгол улс сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаануудыг чиглэлүүдийг судалж байна.

ИНЕГ-т техникийн туслалцаа үзүүлнэ

Хоёр улсын Засгийн газар агаарын тээвэрт шинэ хэлэлцээрийг хийсэн нь худалдаа, аялал жуулчлалын салбарт боломжуудыг бий болгоход чухал ач холбогдолтой. Хоёр тал агаарын тээврийн аюулгүй байдлын стандартыг өндөр түвшинд баримталж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын ИНЕГ-ын хүсэлтийн дагуу АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа энэ онд багтаан техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.

Салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцаж, хоёр тал энэ онд багтаан Монгол-АНУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын суурь хэлэлцээрийн зөвлөлийн хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв. Тэд мөн экспортын түүхий эдийн худалдааны ил тод зах зээлийн механизмыг хөгжүүлэхийг дэмжиж байна.

АНУ, Монгол Улс дижитал эдийн засаг, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж байна. Дижитал өөрчлөлт, цахим худалдаа, цахим худалдааны ашиг тусыг ашиглахад АНУ-Монголын хамтын ажиллагаа чухал болохыг хоёр тал онцоллоо. Хоёр тал кибер технологийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн багш нарт кибер аюулгүй байдлаас эхлээд мэдээллийн аналитик зэрэг эрэлт хэрэгцээтэй технологийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр зарлах юм.

АНУ-Монголын сансрын болон технологийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцав.

АНУ-аас Монгол Улсад боловсрол, сурагч солилцооны ажилд зориулж жил бүр 2 сая гаруй доллар зарцуулдаг.

АНУ болон Монгол Улс боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгдэв. АНУ-аас Монгол Улсад боловсрол, сурагч солилцооны ажилд зориулж жил бүр 2 сая гаруй доллар зарцуулдаг. Энэ дундаас онцлох нь засгийн газраас олгодог тэтгэлгүүдийг ихэсгэж Монголчуудын АНУ-д дээд түвшний боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлсэн явдал юм. Мөн Фулбрайтын тэтгэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, англи хэлний багш бэлтгэхэд тусалсан билээ.

Ардчилсан зарчмуудыг сурталчлах

АНУ болон Монгол Улс хүчирхэг ардчилсан институци, хуульт засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүний эрхийг хүндэтгэх, тэр дундаа жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдэд өөрсдөө шийдвэр гаргаж, амьдралаа залах эрх мэдлийг тэтгэж олгохын чухлыг онцолж байна.

Монгол, АНУ хоёр ардчилсан институцуудын тасралтгүй үйл ажиллагааг хангахын  тулд иргэний нийгмийн байгууллагуудыг, ялангуяа залуучууд болон жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадавхжуулах замаар нийгмээ бэхжүүлэхийн төлөө ажиллахад бэлэн.

Дээрээс нь ардчилсан процесст олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь нэн чухал болохыг онцолж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) болон Сангийн яам хооронд 25 сая ам.долларын өртөгтэй хөгжлийн буцалтгүй тусламжийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурснаа зарлалаа.

Энэ тусламж нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчийг дэмжих, уян хатан, олон талт, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэхэд туслах зорилготой. Монгол Улстай хийсэн шинэ гэрээнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Конгресстэй хамтран энэ онд, эхний ээлжид, хамтран ажиллах үндсэн чиглэлүүдэд 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) зуд болон бусад аюулыг даван туулахад ард иргэдийн бэлэн байдлын сайжруулах хөтөлбөрүүдэд 600,000 ам.долларын нэмэлт дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улс авлигатай тэмцэх үндсэн таван арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг АНУ сайшаав. Хоёр тал 2018 оноос хойш авлигатай тэмцэх зорилгоор Монгол Улсын эрх зүйн байгууллагуудад тоног төхөөрөмж, сургалтын туслалцаа үзүүлэх замаар үр дүнтэй хамтран ажилласныг онцлов.

Мөн АНУ, Монгол хар тамхи, хүн, соёлын үнэт зүйл, ан амьтдын наймаа, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгааг сайшааж, хөнгөн тактикийн 20 автомашин өгнө

АНУ нь Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс жил бүр зохион байгуулдаг үндэстэн дамнасан “Хааны эрэлд” сургуулилтыг сайжруулахад бэлэн байна.

Хоёр улс АНУ-ын цэргийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд Монгол Зэвсэгт Хүчний оролцоог нэмэгдүүлж, МЗХ-ний хөгжлийг дэмжиж, армийн удирдагч нарын хооронд урт хугацааны харилцаа тогтоохыг дэмжсэн.

Мөн Монгол Улсын явуулж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 ширхэг тактикийн цэргийн машиныг илгээх болсныг АНУ онцлов.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 4, 2023 20:50

25 сая доллар мөнгө юм уу? 3 луйварчины гэрээс гарах мөнгө.

Холбоотой мэдээ

Back to top button