Нэг дороос | ШХАБ айлчлал: Монгол Улс элсэхгүй, ажиглагчийн байр сууриа хадгалахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа мэдээллийг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 2024.07.05-нд, 08:00 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв.

Мөн олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв.
Цаашид ч ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов.
Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв.
Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-тэй хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.
Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
НЭМЭЛТ: 2024.07.04-нд, 16:20 цаг
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна-

Гишүүн арав, ажиглагч хоёр, яриа хэлэлцээний түнш 13 улсыг багтаасан ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Казахстан Улсын Тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн ирэв. Тэрбээр төрийн тэргүүн, ажиглагч орны хувиар үг хэлнэ.
Түүнийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа.
НЭМЭЛТ: 2024.07.04-нд, 15:20 цаг
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй Астана хотноо уулзлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.
Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.

Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан.
Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.
НЭМЭЛТ: 2024.07.04-нд, 09:00 цаг
-Ерөнхийлөгч элсэхгүйгээ мэдэгдэж, ажиглагчийн статусаа хадгалахаа илэрхийлнэ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн нь энэ юм.
Энэ жилийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхээс гадна ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор ирээд буй.
Энэ хүрээнд өчигдөр /2024.07.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзсан.
Харин өнөөдөр /2024.07.04/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерешийг орон нутгийн цагаар 10 цаг 15 минутад хүлээн авч уулзсанаар хоёр дахь өдрийн уулзалт хуваарийн дагуу эхэлнэ. Үүний дараа 11 цагаас Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзах бол өдөр 12 цаг 45 минутаас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарыг албан ёсоор угтах ёслолын арга хэмжээнд оролцож, үг хэлнэ. Тэрбээр Монгол Улс ШХАБ-т элсэхгүй хэмээн мэдэгдэж, ажиглагч орны байр сууриа хадгалахаа илэрхийлэх юм.
НЭМЭЛТ: 2024.07.03
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчтэй уулзав-
Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров-тай уулзав.
Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо.
Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.
Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз Улсын Парламент Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо.
Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотноо “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа.
НЭМЭЛТ: 2024.07.03
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзлаа.
Төрийн тэргүүн нар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл байдгийг нотоллоо.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээр байгуулах яриа, хэлэлцээ амжилттай өрнөж байгааг Ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Хэлэлцээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж ахуйн нэгж, үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ.
ЭХЛЭЛ: 2024.07.03
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо газардлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв. Хятадад л ашигтай нийгэмлэг байх
нэр нь Москвагийн ч юм уу Петрийн хамтын ажиллагааны байгууллага гэчихсэн байсан бол манай ооркууд яаж элсэхсэн гээд яриад явж байх болдоо хаха..
Ямар нэг холбоо,эвсэлд Монгол улс нэгдэх үгүйг ерөнхийлөгч бие даан шийдэх эрхгүй шүү.Манайх парламентын засагл�##�тай ардчилсан улс бөлгөө..коммунист орнуудын удирдаж байгаа эвсэлд тийм ч амархан гүйгээд орохгүй байлгүй дээ..
ЗӨВ ХҮҮК ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ ШҮҮ ДЭЭ ЭЛСЭХ ЭЛСЭХГҮЙГЭЭ БИД ШИЙДЬЕ МОНГОЛ БОЛ ТУСГААР УЛС ХЭН Ч БИДЭНД ЭЛС ГАР ОР ГЭЖ ТУЛГАХ ЭРХГҮЙ ОДОО БҮГДЭЭРЭЭ НЭГ САЙХАН СЭРГЭЦГЭЭЕ ДЭЛХИЙД МОНГОЛ ГЭДЭГ НЭРЭЭ ЗӨВ БОДЛОГО БАРИАД ГАРГАЯ АРД НИЙТЭЭРЭЭ НАМ ЭВСЭЛ ГЭЖ ТУЙЛШРАХГҮЙ ЭНЭ МОНГОЛ УЛС ЧИНЬ ЯАЧИХАВАА ЧИНГИС НЬ ИРЦИМУ ГЭТЭЛ НЬ УЛСАА ХӨГЖҮҮЛЖ ИРГЭДЭЭ БОНДОЙТОЛ НЬ ӨӨД НЬ ТАЬЯА