Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг нэг удаагийн төсвөөр хийж дийлэхгүй. Ирэх гурван жилд шаталж хийнэ

2026 оны улсын төсвийг хэрхэн боловсруулсан талаар Ерөнхий садйд Г.Занданшатарын хамт Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дараах мэдээллүүдийг өглөө.
-Татварын шинэчлэлийг нэг удаагийн төсөв дээр нэгэн зэрэг хийж дийлэхгүй. Тиймээс ирэх 2026, 2027, 2028 онуудад шат дараалалтай хийнэ. Мөн Ирэх жилийн хөрөнгө оруулалтад гурван сургууль, дөрвөн цэцэрлэг барихаар тусгасан. Ажлыг нь шууд эхэлнэ. Газрын асуудал нь шийдвэрлэгдчихсэн. Үүнээс гадна төрийн албан хаагчийн орон тоог бид 9 хувиар бууруулна гэж ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан. Үүнийг бид ирэх онд шууд эхлүүлэх нь эрсдэлтэй. Тиймд уг ажлын зохион байгуулалтыг сайд нар өөрсдөө хийж, шийдэл гаргах ёстой. Сайд нар энэ ажил руугаа орсон. Алба хаагчдын орон тоог бууруулах ажлыг яамнуудаас эхлүүлсэн. Энэ хүрээнд сул орон тоог цомхотгож, тэтгэвэрт гарч байгаа ажилтны оронд хүн авахгүй байх зэрэг арга хэмжээг төсвийн ерөнхий захирагч авч хэрэгжүүлж байна.
Манайх НӨАТ-ын тогтолцоо руу 2003 онд орсон. 2016 онд НӨАТ-ын И-баримт руу шилжүүлж эхэлсэн. Ингэхдээ барааны хуралдан авалтын дүнг маш тодорхой гаргадаг болсон. Харин энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор НӨАТ-ын бүртгэлгүй системд байгаа худалдаанууд шахаж НӨАТ рүү орж ирнэ. Ингэснээр орлого нэмэгдэх тооцоолол гарсан.
Ирэх жилийн төсөв дээрх гадаад, зээл тусламжийн 1.5 их наядыг өсгөх ямар ч боломжгүй. Үүгээрээ явна. 14 мега төслүүдийн зарим нь энэ жилээс хэрэгжиж эхэлнэ. Гадаад зээлийн ашиглалтаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил эхэлнэ. Хамгийн голлох бүтээн байгуулалт болох Газрын тосны үйлдвэрийн ажил мөн үргэлжилнэ.
Бид 2026 онд 90 сая тонн нүүрсийг хамгийн бага үнээр буюу 70 ам.доллароор гаргана гэж тооцсон. Гэхдээ Хятадын талаас нүүрсээ ачаад, дүүрээд ч хамаагүй ирвэл бид хэдийг бол хэдийг авахад бэлэн байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мөн манай эдийн засгийн энэ хүнд үед манай улсын зээлжих зэрэглэлийг B+ хэвээр үлдээсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.