Газрын маргаанаас болж тувачууд нутгаа орхин Эрдэнэт, Налайх руу нүүсээр байна
Баян-Өлгий аймгийн газар ашиглалт, бэлчээрийн хүрэлцээний асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Учир тус аймагт амьдардаг исламын шашинтай иргэд талийгаачдаа оршуулахдаа малчдын өвөлжөө, хаваржааны газарт шарилаа тавьж, оршуулгын бунхан босгодог нь асуудал дагуулсаар өдгөө өндрийг аваад буй юм.
Нийтийн өргөдөл, гомдол хүлээн авдаг D-Parliament.mn цахим системд иргэн Д.Гансаруул "Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэл" хийх өргөдөл байршуулсныг 100,000 гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан. Ингэснээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, уг асуудлыг чуулганаар хэлэлцэх учиртай ч одоогоор албажсан зүйлгүй байна.
Видео:
Тэгвэл эл асуудлыг манай сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлахаар Баян-Өлгий аймгийг зорьж, нутгийн иргэдийн бодит нөхцөл байдалтай танилцан, олон талын эх сурвалжаас мэдээлэл авсан юм. 2025 оны Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол орны баруун хязгаар болох Баян-Өлгий аймаг нь 119 мянга гаруй хүн амтай аж. Үүнээс хамгийн олон буюу 91-93 хувийг казах үндэстэн эзэлдэг бөгөөд Монгол дахь нийт казах түмний 76-77 хувь нь Баян-Өлгий аймагт төвлөрөн суурьшдаг байна.
Тэгвэл тус бүс нутгийн уугуул монголчуудын нэг болох алтайн урианхайчууд ойролцоогоор 3.6-7.2 хувийг эзэлдэг аж. Харин тувачууд нь Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 1 орчим хувийг эзэлдэг бөгөөд 2020 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын албан ёсны дүнгээр "1,500-2,000 орчим нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг" гэсэн тоон судалгаа бий.
Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр, 2026 оны байдлаар Баян-Өлгий аймгийн нийт хүн амын ердөө 7 хувийг урианхай, тува, дөрвөд ястан эзэлдэг байна. Сүүлийн үед Баян-Өлгий аймгийнхантай холбоотой хэд хэдэн асуудал хөндөгдөж, нийгмийн сүлжээгээр олны анхаарлын төвд ороод буйн нэг нь казах үндэстэн урианхай, тува иргэдийг төрөл бүрээр ялгаварлаж, шахан хавьчиж буй явдал. Манай редакцын сурвалжлах баг тус аймагт ажиллахдаа дээрх орон нутагт төрснөөсөө хойш амьдарч буй тува иргэнээс дараах тодруулгыг авсан юм. Түүний аюулгүй байдлыг харгалзан, бид нэр, нас болон бусад хувийн мэдээллийг нууцаллаа.
Тэрбээр "1868 оноос хойш энэ нутагт тувачууд нутаглаж ирсэн түүхтэй. 1940 он буюу Х.Чойбалсангийн үед манай нутаг руу казахууд олноор түрж орж ирсэн. Эхэндээ бид хоорондоо эвтэй, мэндтэй л байдаг байсан. 1989 оноос тува, казахуудын дунд газрын маргаан гарч, казахууд уугуул тувачуудын өвөлжөө, хаваржаанд хашаа хороо, талийгаачдын шарил бунхнаа барьж эхэлсэн. Үүнээс үүдэлтэй газрын маргаан яван явсаар сүүлийн тав, зургаан жилээс нэлээд хурцадсан.
Улмаар тувачууд арга ядан, нутгаа орхиж Эрдэнэт, Налайх руу нүүх нь их боллоо. Тэр хүмүүс эргээд нутагтаа ирэхээр хуучин хашаа хороо нь казах эзэнтэй болчихсон байдаг. "Хэрүүл тэмцэл хийж төвөг" гэж өнгөрүүлсээр одоо энэ сайхан нутаг маань бараг уугуул тува хүнгүй болж байна даа. Саяхан нэг тува залууг хоёр казах зодсон хэрэг гарсан. Шалтгаан нь өвөлжөө, хаваржааны маргаанаас үүдэлтэй юм байна лээ. Зодуулсан залуу нь хөгжлийн бэрхшээлтэй юм. Тухайн хэрэг сүүлдээ харилцан зодоон болоод л дууссан байх. Энэ мэт асуудлууд их байна даа" гэлээ.
Казах үндэстэн Исламын шашинтай. Улмаар тэд талийгаачийнхаа булшны эргэн тойронд тоосгоор томоохон бунхан барих, эсвэл төмөр, чулуугаар хашаа босгож оршуулдаг уламжлалтай. Ингэхдээ нэг гэр бүлийн гишүүдийг нэг цогцолбор буюу босгосон бунхан, хашаан дотроо зэрэгцүүлэн хамт оршуулдаг байна.
Гол асуудал нь казах иргэдийн талийгаачдаа оршуулсан бунхан, цогцолбор нь уугуул иргэдийн малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газартай тун ойр байдаг явдал гэнэ. Одоогоор Монгол Улсад оршуулгын зан үйлтэй холбоотой асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчин байхгүй бөгөөд Эрүүл ахуйн тухай хууль болон MNS5105:2001 стандартаар зохицуулж иржээ. Үүнд "оршуулгын газар нь хот суурин газар, хүн амын суурьшлын бүс, ундны усны эх үүсвэрээс хамгийн багадаа 1-3 км-ээс хол зайд байх ёстой" гэсэн шаардлага байдаг юм. Гэтэл эл стандарт Баян-Өлгий аймагт хэрэгжихгүй байгаа аж.
-Баян-Өлгий амгийн ИТХ-д ганц л урианхай хүн бий. Чухал албан тушаал бүр дээр зөвхөн казах хүн л ажилд авдаг-

Дараагийн асуудал нь сурагчийн боловсрол. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд казах болон монгол хэлээр хичээлээ заадаг гэдэг. Гэвч Боловсролын яамнаас хийсэн шалгалтаар тус аймагт сурагчдын монгол хэлний түвшин хангалтгүй, зарим сургуульд монгол хэлээр хичээл заах багш нарын хүрэлцээ муугаас шалтгаалан ахлах ангиудад ч хичээл нь бүрэн монгол хэлээр орж чадахгүй байгаа нь удаа дараа тогтоогддог. Энэ талаар бид нэгэн сумын ЕБС-ийн сурагчаас бодит нөхцөл байдлыг тодруулахад "Манай анги 11 хүүхэдтэй. Гурав нь л монгол хүүхэд. Хөрш айлууд казах учраас заримдаа казахаар ярих шаардлага үүсдэг. Манай сургуулийн багш нарын олонх нь казах. Маш цөөхөн тува багштай" гэв.
Мөн төрийн албанд зөвхөн казах иргэдийг авах, урианхай, тува иргэдийг ялгаварлан үлдээх асуудал түгээмэл гардаг байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн дунд ганцхан урианхай хүн монгол иргэдээ төлөөлж ажиллаж буй нь Б.Энхболд хэмээх төлөөлөгч аж. Бусад нь бүгд казах хүн гэнэ.
Бидний уулзсан эх сурвалжийн мэдээлснээр "Охин маань их сургууль төгсөж ирээд ажилд орох гэтэл янз бүрийн шалтаг хэлээд халгаагүй. Ер нь аль ч шатны байгууллагын чухал гэсэн албан тушаал бүр дээр зөвхөн казах хүн л ажилд авдаг. Урианхай, тува, дөрвөдүүдийг "хар, бор" үйлчилгээний ажилд л авдаг болоод удаж байна" хэмээсэн юм.
Б.САНАА














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш үнэн асуудлыг хөндсөн байна. Казакууд Увс,Ховд аймагт ч ийм асуудал үүсгэж байгааг зэргэлдээ нутгийн иргэд ярьдаг юм байна дээр. Монгол төр уугуул иргэдээ онцгой анхаарах цаг яах аргагүй болсон
МОНГОЛ үндэстэн эх нутгаасаа шахагдаж нүүдэг болоод уджээ. Одоо яах вэ? Хасгуудыг дагасан энэ олон асуудлыг шийдэх цаг болсон. МОНГОЛ хүн нутгаасаа шахуулж дөрвөх ёсгүй шүү
Хүний эрх тэр дундаас цөөнхийн эрх гээчийн ард нуугдсан далд санаа агуулсан 2 нүүртэнгүүд.