АН-ынхан Төсвийн хүрээнээс давж 43 их наяд болгосон нь хууль бус хэмээн үзэж хэлэлцүүлгээс 3 хоногийн завсарлага авлаа
Монгол Улсын намрын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт эхлүүлсэн. Хэлэлцүүлэг эхлээд удаагүй байтал УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл уг хэлэлцүүлгийг АН-ын бүлгийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг гаргаж ирлээ.
О.Цогтгэрэл:
УИХ-ын даргаас асуулт байна. Та хуулийг дээдэлж ажиллах уу, үгүй юу? Яагаад өнөөдөр шууд улсын төсвийн хэлэлцүүлэг эхэлж байна вэ? Бид өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна гэсэн үндэслэл бүхий хүсэлтийг ҮХЦ-эд өгсөн. Дөрвөн үндэслэл бүхий хүсэлтийнхээ ердөө нэгийг нь танд хэлье. Улсын төсвийг 43 их наядаар өргөн барьсан. Яг өнөөдөр хүчин төгөлдөр байгаа төсвийн хүрээний мэдэгдлээр Монгол улсын 2027 оны төсвийг 36 их наядаар дээд тал нь өргөн барих ёстой. АН-ын бүлгийн зүгээс төсвийн хууль зөрчсөн энэ хэлэлцүүлгээс 3 хоногийн завсарлага авч байна. Бид хуульчдын тайлбарыг сонсоно.
Ийнхүү АН-ын бүлэг 2027 оны төсвийг хэлэлцэх чуулганы нэгдүгээр хэлэлцүүлгээс 3 хоногийн завсарлага авахаа мэдэгдсэнээр чуулганы өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөөд байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.