Иргэн баавгайд бариулж амиа алдсанаас хойш юу өрнөж, ямар шийдвэр гарав

Одоогоос яг долоо хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү баавгай дайрч 40 настай иргэн амиа алдаж, 55 настай эмэгтэй хүнд гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн.
Тус өдрийн 22:00 цаг орчимд хэрэг гарсан газрын ойролцоогоос баавгай олж агнасан. 55 настай эмэгтэйн хувьд шаардлагатай мэс засалд орж, эмчлүүлсээр буй.
Сурвалжилгыг ЭНД дарж унших боломжтой.
Харин баавгайд дайруулсан айлын хохирлыг хаанаас нөхөн төлөх, тус байршлаас олж агнасан баавгай тухайн айл руу дайрсан баавгай үү, суурьшлын бүсэд баавгай олноор орж ирж байгаа асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх гээд олон асуудал хариулт эрж буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт баавгайтай холбоотой ямар үйл явдал өрнөсөн, холбогдох байгууллагуудаас ямар шийдвэр гарсныг тоймлон хүргэе.
Нэг. Агнасан баавгайн гэдэснээс хүний цус илэрсэн. Одоогоор нарийвчилсан шинжилгээг хийж байна
Баавгайг агнасан даруйд "тус баавгай нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан амьтан мөн эсэхийг тогтоолгохоор" тус амьтны сэг зэмийг Шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн байдаг. Тэгвэл шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр тус баавгайн гэдэснээс хүний цус илэрсэн байна. Цусны дээж амь хохирсон 40 настай эрэгтэйн цус мөн болохыг нарийвчлан тогтоохоор шинжилгээг эхлүүлсэн байна.
Хоёр. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох өөр бусад хууль тогтоомжийн хүрээнд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр болсон байна
Баавгайд дайруулж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэний ар гэрээс өчигдөр мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Яам, холбогдох байгууллагаас эмгэнэл ч илэрхийлж холбогдоогүй. Бидний хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна" хэмээсэн юм.
Харин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "УОК-оос "Баавгай дайрсан асуудал гамшиг биш" гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн. Харин БЗД-ийн ЗДТГ-аас орон гэрийг нь сэргээхэд зориулж мөнгө гаргаж өгөхөөр болсон" хэмээсэн юм.
Тэгвэл УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах байр суурийг илэрхийллээ.
Баавгайд бариулаад амь насаа алдсан эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал өнгөрсөн долоо хоногт Улсын онгой комиссын хурал болон Ерөнхий сайдын шуурхай хурал дээр яригдсан. Мөн орон нутагт гэр нь баавгайд сүйтгэгдсэн, эд хөрөнгийг нь гэмтээсэн хэд хэдэн тохиолдол гарсан учраас хохирол нөхөн төлүүлэх, төлбөр барагдуулахтай холбоотой асуудлууд яригдсан.
Ингэхдээ гамшгаас хамгаалах хуулийн дагуу зохицуулах боломжгүй учир Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох өөр бусад хууль тогтоомжийн хүрээнд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр болсон. Нөхөн төлбөр олгох асуудал судлагдаад явж байгаа.
Гурав. Унтуулгын бууг энэ сарын 16-наас худалдаж авахаар төлөвлөөд байна
Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулгын буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлээд байна. Энэ сарын 16-наас унтуулгын буу худалдан авахаар төлөвлөсөн. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна.
Дөрөв. Өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор баавгайг устгасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй
УОК: Суурьшлын бүсэд баавгай олноор орж ирж буй шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж буй баавгайд шуурхай арга хэмжээ авч байна. Түүнчлэн баавгай олноор үзэгдэж, суурьшлын бүсэд нэвтэрч буй газруудад галт зэвсэг ашиглах эрх бүхий албан тушаалтнуудыг ажиллуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байна.
Баавгайн халдлагаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор зайлшгүй арга хэмжээ авч, баавгайг устгасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зохицуулалт бий. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу мал тооллогоос гадна зэрлэг ан амьтдыг, тэр дундаа хүрэн баавгайг сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна гэв.
Тав. "Амьтны тухай хууль"-ийг өөрчлөх төслийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал боловсруулж буйгаа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Амьтны тухай хуулийн 25.7 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвхөн саарал чоноор хязгаарлахгүйгээр хүн рүү халдах аюул учруулсан бусад араатан амьтнаас өөрийгөө хамгаалах эрхийг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэв.
Амьтны хуулийн 25.7-д: Иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх хэсэг хамаарахгүй
/25.1.Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна/
Зургаа. Баавгайтай холбоотой хуурамч дуудлага, AI зураг бичлэг олширч байна
Сүүлийн үед “Баавгай явж байна” гэх хуурамч дуудлага, мэдээлэл олноор ирж байна.Хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэгийг бодит мэтээр олон нийтэд түгээх нь иргэдийг төөрөгдүүлж, айдас, эргэлзээ үүсгэхээс гадна төрийн байгууллагуудыг худал мэдээллийн дагуу шалгалт хийхэд хүргэж, цаг хугацаа, хүн хүч, нөөцийг үргүй зарцуулж байна.
Гэмт хэрэг, зөрчил, гамшиг, гал түймэр, аюулт үзэгдлийн талаар хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 50,000 төгрөгөөр торгоно.Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг.
- Аврах ажиллагаа, түргэн тусламжийн хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгоно.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо баавгай өөрөө унтах/ичих/ цаг нь ч болчлоо доо. Үргэлжилсээр үүрэглэсээр байтал чинь...