"Toshiba" корпорац Дархан-Уул аймгийн дэд станцад батарей хуримтлуур болон эрчим хүчний удирдлагын систем нэвтрүүлнэ

Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой төслийн шугамаар Японы Засгийн газраас хоёр тэрбум иенийн буцалтгүй тусламж олгож байгаа бөгөөд энэ хүрээнд Японы "Toshiba" корпорац Дархан-Уул аймгийн дэд станцад батарей хуримтлуур болон эрчим хүчний удирдлагын систем нэвтрүүлэх ажлаа эхлүүлжээ. Төслийн хүрээнд 2027 оны арванхоёрдугаар сар гэхэд Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станцыг батарей хуримтлууртай холбож, сэргээгдэх эрчим хүчийг төвийн сүлжээнд тогтвортой нийлүүлэх загвар бий болгохоор төлөвлөсөн байна.
Төвийн эрчим хүчний сүлжээнд жилд 18.5 сая кВт.ц цахилгаан нийлүүлэх хүчин чадалтай Дарханы нарны цахилгаан станц 2017 онд ашиглалтад орсон уг төслийн хүрээнд "Toshiba"-гийн лити-ион батарейг ашиглана. Энэ нь нарны эрчим хүчний үйлдвэрлэл богино хугацаанд хэлбэлзэх үед түүнийг шуурхай зохицуулах үүрэгтэй. Харин нөгөө төрлийн батарей нь цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, шаардлагатай үед ашиглах боломж бүрдүүлэх гэнэ.
Эрчим хүчний удирдлагын систем нь нарны цахилгаан станцын үйлдвэрлэл болон хэрэглээний ачааллыг урьдчилан тооцоолж, батарейнуудын ажиллагааг нэгдсэн байдлаар удирдах юм.
Мөн Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн төв оффис болон Дархан дахь салбараас системийг алсаас хянаж, удирдах боломжтой юм байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсад нарны эрчим хүчийг илүү үр ашигтай ашиглах, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах боломжтой аж.
Г.САНСАР









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.