Нийгмийн

Сурвалжилга | ₮2000-ын татуу идэшний мах тойрсон эрэлт, нийлүүлэлтийн уулзвар буюу “Малчдын зах”

Манай сурвалжлах баг өглөө эрт ТЭЦ-4-ийн баруун талд байрлах “Малчдын зах”-ыг зорилоо. Тэнд хөдөө жилийн дөрвөн улиралд нар, салхинд борлосон царайтай, идэр чийрэг залуус бэлчээрээсээ бэлтгэсэн махаа ачилтын машин хөлслөн авчирч, өөрсдөө худалдаалж байв. Гандсан дээлийнх нь энгэр, хормойд наалдсан өөх тос мал маллаж, махаа бэлтгэн хотод хүргэх хүртэлх хөдөлмөрийнх нь ул мөрийг илтгэх аж. Хотноосоо мал махаа хотод авчирсан тэд одоо килограммыг нь хэдээр борлуулах, тээвэр болон бусад зардлаа хэрхэн нөхөх, хэдийд нутаг буцахаа тооцоолж сууна.

Малынхаа ашиг шимийг өөрсдөө хэрэглэгчдэд хүргэхээр зорьсон тэдний хувьд махаа борлуулах үнэ төдийгүй хотод ирэхэд гаргасан зардлаа нөхөж, мал малласныхаа ашгийг гаргах нь чухал байлаа.

Малчдын зах дээр хонины махны килограмм 17-18 мянга, үхрийн мах 21-23 мянган төгрөг, адууны мах 13-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Махаа хотод авчирсан малчид шатахуун, тээвэр, захын хураамжаа тооцож байгаа бол хотынхон өвлийн идшиндээ хэдэн сая төгрөг зарцуулах боломжоо сарын орлоготойгоо уялдуулан тооцож байна. Харин лангуугаар явах худалдан авагчид үнэ ханшийг асууж, хэдэн өдрийн хоолны мах авахаа хоорондоо ярилцана.

-Арван үхрийн мах борлуулахад 500 мянган төгрөгийн хураамж төлжээ-

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын малчин А.Баянмөнх өчигдөр арван үхрийн махтай хотод иржээ. Малаа нядалж, махыг нь бэлтгэн авчирсан тэрбээр өдөртөө бараг борлуулж дуусахаар байгаа аж. Түүний ард гэр бүл, малын ахуй нь ирэхийг нь хүлээж байгаа. “Бод малын мах 50 мянган төгрөг, бог малын маханд 10 мянган төгрөгийн хураамж төлдөг. Арван үхрийн мах авчраад захад 500 мянган төгрөгийн хураамж төллөө” хэмээн ярив. Махаа борлуулж олсон мөнгөнөөсөө гарсан зардлаа нөхөх ёстой малчдын хувьд зах дээр өнгөрүүлэх хугацаа ч чухал. Борлуулалт удаашрах тусам хотод байх хугацаа сунжирч, өвөлжилтийн бэлтгэл ажил хойшилно. Тиймээс авчирсан махаа аль болох хурдан борлуулаад буцах нь тэдний хувьд ашигтай.

-Малчид бусад худалдааны захаас 2,000 төгрөгөөр хямд мах худалдаалж байна-

Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин М.Давааням хонины махаа килограммыг нь 17 мянган төгрөгөөр, шүдлэн үхрийн махыг 21 мянга, хязаалан үхрийн махыг 22.5 мянган төгрөгөөр борлуулж байв. Түүний хэлснээр, зарим худалдан авагч өөх багатай, зөөлөн махыг илүүд үздэг аж. Мөн өөрийн борлуулж буй үнэ бусад захын үнээс килограмм тутамд ойролцоогоор 2,000 төгрөгөөр хямд гэж тэр тайлбарлав.

Хөдөө орон нутагт шатахуун олдохгүй, олдсон ч өндөр үнээр авахад хүрч байгаа нь тэдний зардлыг нэмэгдүүлж байна. “Хөдөө дизель түлш олдохгүй, шаг нь 7,500 төгрөгт хүрсэн.Олдсон балга бензинээрээ бидний махыг ачаад хот орж борлуулах ачилтын машин олдохгүй байгаа. Хомсдолоос үүдэж тээврийн зардал өндөр тусаж байна. Нэг хонины гулууз 21 зг татаж 365 мянган төгрөг буюу килограммыг нь 17 мянган төгрөгөөр өгч байгаа” гэж М.Давааням ярив.

Тэрбээр махаа бөөнөөр нь борлуулж, эхнэр, хоёр хүүхэдрүүгээ хурдан буцах хүсэлтэй байгаа аж. Нутагтаа очоод малынхаа өвс, тэжээлийг базааж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг амжуулах хэрэгтэй. Нутагт нь цас орж байгаа учир нөхцөл боломж таарвал дахин үхэр авчирч худалдаалах бодолтой гэнэ.

Махаа хотод авчирсан малчны тооцоо зөвхөн малаа хэдээр борлуулснаар дуусахгүй. Шатахуун, тээвэр, захын хураамж, нутагтаа хийх ажлаа хүртэл бодолцох шаардлагатай. Түүнчлэн өдөр тутмын хэрэглээ, өвс тэжээлийн үнэ нэмэгдсэн нь малчдын амьдралд ч дарамт болж байгааг онцоллоо.

-Иргэд: 10 хоног хэрэглэх хоолны махаа 500 мянган төгрөгөөр авч байна-

Нэг иргэн найман килограмм үхрийн махыг килограммыг нь 23 мянган төгрөгөөр авч, дээр нь хонины болон адууны мах худалдан авчээ. Нийтдээ 500 мянга орчим төгрөгийг маханд зарцуулсан байна. Түүний гэр бүл махаа ногоогүй хэрэглэдэг бөгөөд авсан мах нь арав орчим хоногийн хэрэгцээнд хүрдэг аж. Энэ жилийн өвлийн идшиндээ махны үнэ судалахад 4-5 сая төгрөг зарцуулахаар тооцоо гарч байна гэлээ.

Өвлийн идшээ нэг дор базаах нь айл өрхийн төсөвт багагүй ачаа болдог. Хэдэн сая төгрөгийг нэг дор маханд зарцуулах боломж бүх өрхөд адилгүй. Зарим нь мөнгөө хуримтлуулж байгаад өвлийн идшээ бөөнөөр нь авдаг бол зарим нь өнөөдрийн хоол, ойрын хэдэн өдрийн хэрэгцээнд тааруулан махаа бага багаар худалдан авна. Өдөр тутмын хоолондоо хэдэн килограмм мах авах, өвлийн хэрэгцээгээ хэдэн сараар нөөцлөх хоёрын хооронд өрхийн төсвийн том ялгаа бий.

Өөр нэг худалдан авагч хонины махыг килограммыг нь 18 мянга, үхрийн махыг 22 мянган төгрөгөөр авч байгаагаа хэлэв. Түүний хувьд захын гадаах худалдааны үнэ боломжийн санагддаг бол доторх лангуун дээрх мах арай үнэтэй байдаг аж. Тэрбээр шинэ шөлний мах авахаар ирсэн бөгөөд махны шинэлэг байдлыг чухалчилж байлаа. Өвлийн идшээ цаг агаар хүйтрэхээр базаахаар төлөвлөжээ. Захуудаас хамаагүй хямд юм. Бас мах нь шинэ болохоор сэтгэл өег байна. Би өчигдөр ирж хонины мах авсан. Өнөөдөр дахиад ирж мах авлаа. Аль аль нь хамаагүй хямд үнэтэй. Ченжийн гар дамжилгүй ингэж авах нь тэтгэврийн бидэнд зүгээр юм.

Найман ам бүлтэй нэг өрх хонины маханд 600 мянган төгрөг зарцуулж, хоёр сарын хэрэгцээгээ базаасан байна. Тэд арваннэгдүгээр сараас өвлийн идшээ бүрэн бэлтгэхээр төлөвлөж, үүндээ ойролцоогоор гурван сая төгрөг зарцуулахаар тооцжээ. Мөн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнээс хүнсний ногоо нэлээд хэмжээгээр худалдан авч, хөлдөөж, даршлан нөөцөлсөн нь маханд нэмэр болж байгаа гэнэ.

Харин Дорнод аймгаас ирсэн Б.Загд-Очир дүүгийнхээ хоёр үхрийн махыг борлуулахад нь туслахаар өчигдөр хотод иржээ. Түүний хэлснээр, нэг бүтэн шүдлэн үхрийн мах 200 гаруй килограмм жин татдаг бөгөөд нийтдээ гурван сая төгрөгөөс давж, хязаалан үхрийн мах дөрвөн сая төгрөгөөс илүү үнэд хүрэхээр байгааг хэллээ.

Өнөөдөр өглөө шинэ үхрийн махтай ирсэн. Одоо бараг талаас илүү нь зарагдчихлаа. Малын гарал үүслийн бичиг, малчин тамга хоёрыг шалгаж бүртгээд оруулсан. Анх удаа худалдан авагчдад өөрөө мах зарж үзэж байна. Ченж нарт өгдгөөс хамаагүй ашигтай юм. Бүтэн үхрийн махнаас 600 мянган төгрөгийн зөрүү гардаг юм шиг байна. Бүх махаа зарж дуусаад тооцоогоо бодно доо.

Махны үнэ өсөхөөр малчдыг нийтээр нь буруутгаж, хотын иргэдийг хөдөөнийхний эсрэг турхирах нь асуудлыг шийдэх гарц биш. Малчин, хотын иргэн хоёр бие биеийнхээ дайсан биш. Харин ижил эдийн засгийн дарамтад орж, амьдралаа авч явахын төлөө хөдөлмөрлөж буй нэг улсын иргэд юм.

Малчин хүн малаа өсгөхийн тулд шатахуун хэрэглэж, өвс тэжээл бэлдэж, гэр бүлээ тэжээн, үр хүүхдээ сургана. Хотын иргэдийн адил өдөр тутмын зардлаа нөхөж, амьдралаа авч явахын төлөө хөдөлмөрлөдөг. Тиймээс махны үнэ өссөн бүх шалтгааныг малчдын нуруун дээр тохохоос илүүтэй малчны хотноос хэрэглэгчийн ширээ хүртэлх үнийн бүтцийг ил тод болгож, шат дамжлага бүрд үнэ хэрхэн нэмэгдэж байгааг нь чухал.

Ийнхүү Малчны зах дээр нэг хэсэг нь малынхаа махыг борлуулж гарсан зардлаа нөхөхөөр, нөгөө тал нь сарын орлогоо хүргэж өвлийн хэрэгцээгээ базаахаар тооцоо хийж байна. Махны үнэ гэдэг зөвхөн лангуун дээрх нэг килограммын тоо биш. Түүний цаана малчны замын зардал, хөдөлмөр, хотын айлын сарын цалин, өвлийн хүнсний төсөв зэрэгцэн оршиж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

10 uhriin mah avchiraad zakhad 500 myngan tugrugiinh huraamj tulj bna gsn chin hulgais shig l yum bna

Зочин
Зочин

Malchdiin zah deer mah n zver hoshin shog shig l 2000 tugrug hyamd gsed hvmvvs dugaarshij bna shd

Зочин
Зочин

Улаанбаатар хотын иргэд бид нар чинь өвлийн идшээ бэлдэх гэж ямар их мөнгө зарцуулдаг билээ

Зочин
Зочин

Arhangai, Battsengel sumaaas irsen malchid n shudlen uhriin mahaa 21 myngar zarna gsn chin unetei l bna

Зочин
Зочин

Өвлийн идшээ базаах гэж хэдэн сая төгрөг нэг дор гаргана гэдэг чинь өрхийн төсөвт аймар хүнд тусна

Зочин
Зочин

Малчдыг буруутгахаасаа илүүтэй шатахууны хомсдол үүсгэсэн энэ төрийг л буруушаах хэрэгтэй

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Хөдөө орон нутагт дизель түлш олдохгүй, шаг нь 7500 хүрсэн болохоор тээврийн зардал өндөр тусч байна

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Ченж нарын гар дамжилгүй малчнаас нь шууд мах авахад арай л боломжийн үнэтэй тусч байна шүү

Зочин
Зочин

Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag

Зочин
Зочин

Улаанбаатар хотод амьдарч байгаа бид нар чинь мах авах гэж бас л тооцоо бодож амьдарч байна даа

Зочин
Зочин

Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna

Зочин
Зочин

Oyuuse, delxiin banknii uulzaltr orolcooj bgaa gsn ch hohirch uldej bgaa ni ard tumen

Зочин
Зочин

Малчдын зах дээр ирж махаа өөрөө борлуулж байгаа нь ченжүүдэд мөнгө өгөхгүй байх хамгийн зөв арга

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Зовлого зовлого

Холбоотой мэдээ

Back to top button