Иргэдийн санал асуулга дотоодын улс төрд нь нөлөөлдөг орнуудын жишээ
Дэлхийн улс орнуудад хэвлэл мэдээлэл болон судалгааны агентлагууд эрх баригчид, тэдний явуулж буй бодлого, улс төрийн намыг иргэд хэрхэн үнэлж буйг харуулдаг санал асуулга явуулдаг. Энэхүү санал асуулга нь хөгжингүй орнуудад дотоодын улс төрд ихээхэн нөлөөтэй байдаг билээ. Монгол Улсад санал асуулга явуулдаг хэд хэдэн байгууллага бий ч төдийлөн олны анхаарлыг татаж, улс төрийн нөхцөл байдалд нөлөөлөөд байдаггүй. Тэгвэл санал асуулгын үр дүн жин дардаг орнуудын жишээг авч үзэцгээе.
Япон: Олон нийтийн санал асуулга ерөнхий сайдын хувь заяаг шийдэж чадна
Японд Засгийн газрын үйл ажиллагааг үнэлэх олон нийтийн санал асуулга бодит үр дагавартай байдаг. “Mainichi” сонины аравдугаар сарын 26-нд нийтэлсэн судалгаагаар Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Засгийн газрын рейтинг есдүгээр сард 45 хувьтай хэвээр байсан бол эсэргүүцэгчид нь 41 хувьд хүрч бага зэрэг өссөн юм. Харин бусад хэвлэл мэдээллийн байгууллагын судалгаагаар Засгийн газрын рейтинг дэмжлэг илүү өндөр гарсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 23-25-нд явуулсан “Nikkei” агентлаг болон “TV Tokyo” телевизийн явуулсан санал асуулгаар Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигчдийн хувь 62 байжээ.
“Nikkei” агентлаг мэдээлснээр мэдээлснээр Такайчигийн Засгийн газар эхний жилийнхээ рейтингээ 50 хувиас дээш хадгалж чадсан 1987 оноос хойших хоёр дахь Засгийн газар болжээ. Өмнө нь Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хоёр дахь Засгийн газар ийм амжилт үзүүлж байсан юм.
Японы парламентын гишүүд олон нийтийн дэмжлэгийн түвшнийг анхааралтай ажигладаг. Томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд сар бүр санал асуулга явуулж, сонгууль дөхөх эсвэл маргаан дагуулсан хуулийн төсөл хэлэлцэх үед нэмэлт судалгаа гаргадаг байна. Ингэж тогтмол судалгаа явуулдаг нь улстөрчдөд олон нийтийн байр суурь хэрхэн өөрчлөгдөж байгааг тандаж мэдэх боломж олгодог. Нэг удаагийн судалгаанд 1000-2000 хүн оролцдог ч санал асуулгын үр дүн Японы төрийн үйл ажиллагаанд бодитой нөлөөлдөг .

Парламентын санал асуулгын дүнг чухалчилж авч үздэгийг харуулдаг хоёр үзүүлэлт байдаг юм. Эхнийх нь аюулын бүс гэж нэрлэдэг дэмжлэгийн түвшин юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын рейтинг 30 хувиас буурсан Ерөнхий сайд нар огцрохоос өөр аргагүй байдалд хүрч байсан.
Хоёр дахь үзүүлэлтийг Аокигийн индекс юм. Энэ үзүүлэлтийг тооцохдоо Засгийн газрын рейтингийг эрх баригч намын дэмжигчдийн хувь дээр нэмдэг. Нийлбэр нь 50 хувиас доош орвол Засгийн газрыг улс төрийн эрсдэлд орсон гэж үздэг байна. Уг индексийг Дэлхийн II дайнаас хойш ихэнх хугацаанд Японыг удирдаж ирсэн Либерал ардчилсан намаас парламентын дээд танхимд олон жил ажилласан Аоки Микиогийн нэрээр нэрлэжээ.
Санал асуулга мөн улс төрийн томоохон шийдвэр гаргах хугацаанд ч нөлөөлдөг. Засгийн газар нь ажлаа эхлүүлснийхээ дараах өндөр рейтингтэй байсан тул Санаэ гурван сарын дотор парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарласан. Ээлжит бус сонгуулиар Либерал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тус сонгуулиас өмнө Либерал ардчилсан нам хэд хэдэн санал хураалтад тааруу үр дүн үзүүлээд байсан билээ.
АНУ: Санал асуулга сонгуулийн үр дүнг тодорхойлоход нөлөөлдөг
АНУ-ын Ерөнхийлөгч тогтсон хугацаанд алба хашдаг тул олон нийтийн дэмжлэг буурсан ч Японы Ерөнхий сайд шиг шууд огцрох шаардлагатай тулгардаггүй. Харин рейтинг нь сонгуулийн үр дүн болон Ерөнхийлөгчийн улс төрийн нөлөө, бодлогоо хэрэгжүүлэх боломжид чухал нөлөө үзүүлдэг.
Аравдугаар сарын 20-нд нийтэлсэн “Reuters” агентлаг “Ipsos” фирмийн санал асуулгаар Дональд Трампын рейтинг 31 хувь болж урьд өмнө нь байгаагүй доод хэмжээнд хүрчээ.
Ирэх долоо хоногийн мягмар гарагт /2026.11.03/ Конгрессын завсрын сонгууль явагдана. Тус сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх суудал, Сенатын танхимын зарим суудал болон орон нутгийн захиргаанд хэн гарахыг шийднэ. Хэрэв Бүгд найрамдах нам Конгрессын аль нэг танхимд олонхоо алдвал Трамп мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, хууль тогтоомж батлуулахад хүндрэлтэй болно.
Ерөнхийлөгчийн рейтинг муу байх нь намын гишүүдийн улс төрийн шийдвэрт нөлөөлдөг. Тодруулбал, сонгуульд нэр дэвшигчид Трамптай хэр ойр байр суурь илэрхийлэхээ рейтингийг харгалзан үзэж шийддэг. Мөн намын санхүүжүүлэгчид, сонгуулийн стратеги боловсруулагчид санал асуулгын дүнг ашиглан аль тойрогт, ямар нэр дэвшигчийг дэмжихэд хөрөнгө зарцуулахаа тодорхойлдог юм.
Эх сурвалж: Tokyo Review, Japan Times, CNN, Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.