Монгол бөхийн "Дээд лиг" Алтан цом
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх барилдаан ирэх сарын 7-нд буюу бямба гарагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Өнгөрсөн жил найман баг оролцож Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний "Хатант Интернэшнл" баг түрүүлж цом өргөж байв. Харин энэ жилийн тухайд Үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээдийг төлөөлж долоон баг өрсөлдөх юм.
"Нутгийн Буян" группийн "Хубилай хаан" баг оролцох боломжгүй болов. Харин багийн ахлагч байсан Ц.Бямба-Отгон арслан энэ жил Даян аваргаар ахлуулсан "Апу Скайтел" багаас оролцохоор болсон.
-"Хатант Интернэшнл" багийн нууц хөзөр Ө.Пэрэнлэйжамц-
Энэ жилийн "Алтан цом"-д шинээр орж ирсэн цөөнгүй бөхчүүд байна. Өнгөрсөн жилийн цомын эзэд энэ жил амжилтаа хамгаалахаар бэлтгэлээ сайн базаасан нь мэдээж. Тэдний хувьд багийн долоон гишүүн бүгд Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд буйгаараа анхаарал татаж байна. Түүнчлэн энэ жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Ө.Батсуурь, аймгийн арслан Г.Мөнхбаяр, начин Ө.Пэрэнлэйжамц гэх "шинэ цэрэг"-үүдээр хүч сэлбэсэн. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамцаас энэ улиралд бөх сонирхогчид их зүйл хүлээж буй. Алтан цомд хэрхэн барилдахаас түүнийг хэр том цолонд хүрэх чансаатай вэ гэдгийг мэдэж болно. Энэ жил Архангайн "нууц хөзөр" Ө.Пэрэнлэйжамц байж мэднэ.
Багийн бүх гишүүд нь нэг аймгийн бөхчүүд байгаа дараагийн баг бол Даян аваргаар ахлуулсан "Увс Нуур". Хэзээний л монгол бөхийн өнгийг тодорхойлж, Улсын наадмын 18 түрүүтэй аймаг. Харин тэдний араас Архангай аймаг 17 түрүүтэй удаалдаг. "Увс Нуур" багийн бүрэлдэхүүнд хоёр Улсын цолтой бөх байгаа нь Дархан аварга Н.Батсуурь, шинэхэн заан Л.Энхсаруул нар. Үлдсэн бөхчүүд нь дөрвөн аймгийн арслан, хоёр заан бий. Нэг ёсондоо бөхийн хорхойтнууд хамгийн сул багаар нэрлээд байгаа юм. Ташрамд дурдахад, "Увс Нуур" багт Дархан аварга Н.Батсуурийн үеэл дүү аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ багтжээ.
Харин хамгийн бүрэлдэхүүн "чанга" багаар өнгөрсөн жилийн дэд аварга "М-СИ-ЭС Энержи" баг яригдаж байна. Тэд энэ жил багийн гишүүддээ хамгийн их шинэчилсэн. Тухайлбал, Улсын харцага Н.Золбоо, начин Х.Цогтгэрэл, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож, арслан Ч.Алтангэрэл, Аззаяа нар барилдахгүй. Тэдний оронд Улсын заан Д.Хүдэрбулга, харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баасанжав, С.Жавхлан нар барилдана. Мэдээж тэд энэ жил дутуугаа гүйцээж цом өргөх зорилготой.
-Ц.Бямба-Отгон арсланг элсүүлсэн Даян аваргын "Апу Скайтел" баг мэдээж дээгүүр өрсөлдөнө-
"Ховд Дэвжээ" багийг ярихгүй өнгөрч боломгүй. Бөхийн өргөөнд 44 түрүүлээд буй Хамаг Монголын О.Хангай аваргын баг бүрэлдэхүүн сайн. Энэ жилийн Улсын наадмын үзүүр бөх Б.Бат-Өлзий арслан, саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан, Булган аймгийн харьяат Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож, арслан М.Баяржавхлан нар багтана. Нэр харахад л халгамаар баг. Сул унаа энэ багт бараг үгүй харагдана. Таамаг ёсоор бөхийн хүрээнийхэн "Ховд Дэвжээ"-г цом өргөх магадлалтай гэж ярьж байна.
Энэ жил шинээр баг үүссэн нь "Ажнай Корпорац" ХХК-ийн "Ажнай" баг. Улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай тус багт Улсын заан Б.Серик, харцага Б.Түвшинтөгс, начин Б.Гончигсүрэн, аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр, арслан Б.Баянсүх, О.Доржсамуу нар багтжээ. Цаг нь ирж буй гэдгээ харуулсан шинэхэн начин Б.Гончигсүрэн Барилгын салбарын 100 жилийн барилдаанд "томчууд"-ыг хаяж түрүүлсэн. Түүний хэрхэн барилдахаас "Ажнай" багийн амжилт шалтгаална.
Энэ жилийн Улсын наадмын түрүү бөх Даян аварга Б.Орхонбаяр наадмаас хойш барилдаагүй байгаа. Улмаар "Алтан цом"-ын барилдаанд Даян аварга цолтой зодоглоно. Ц.Бямба-Отгон арсланг элсүүлсэн "Апу Скайтел" баг мэдээж өрсөлдөөнд дээгүүр яригдах учиртай. Улсын харцага Э.Даш, Б.Цэдэнсодном, начин Н.Амгаланбаатар, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд гараанд гарах байх.
Б.САНАА



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.