ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн хүрээнд Монгол $19.5 саяын бараа бүтээгдэхүүн экспортолсон ч импорт нь 3.5 дахин өндөр байна

Монгол Улс ЕАЭЗХ-той худалдааны хэлэлцээр байгуулах асуудал анх 2015-2016 онд яригдаж эхэлсэн ч ажил хэрэг болсон нь саяхных. ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргизстан зэрэг улсыг эгнээндээ багтаадаг Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнуудын хооронд байгуулсан “Худалдааны түр хэлэлцээр” өнгөрсөн долоодугаар сарын 22-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талын 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон ч хэрэгжилтийн эхний гурван сарын статистикаас харахад Монголын импортын хэмжээ экспортынхоос 3.5 дахин өндөр байна.
Түүнчлэн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой барааны жагсаалт гарсан ч дотоодын үйлдвэрлэгчид уг боломжийг хэр ашиглаж байгаа, экспортын өсөлтөд ямар бодит өөрчлөлт гарч буй нь тийм ч тодорхой биш бололтой. Хэлэлцээр албажин хэрэгжиж эхэлснээс хойших гурван сарын явцад тарифын хөнгөлөлтийг бодит экспортын өсөлт болгох, экспортлогчдод тулгарч буй саад бэрхшээлийг арилгах ажил үргэлжилж байгааг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлсэн. Өнгөрсөн есдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод “Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан” болж, журмаа баталжээ. Мөн барааны худалдаа, гаалийн хамтын ажиллагаа, техникийн зохицуулалт, ариун цэвэр, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллах бүтцийг бүрдүүлэхээр тохиролцсон байна.
ОХУ руу 16.84 сая, Казахстан руу 2.63 сая, Киргизстан руу 64 мянга, Беларусь руу 46.25 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ
2026 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсаас 57 аж ахуйн нэгж, есөн иргэн ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийтдээ 19.5 сая ам.долларын үнэ бүхий 43.65 мянган тонн бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Үнийн дүнг улсаар нь авч үзвэл, ОХУ руу 16.84 сая, Казахстан руу 2.63 сая, Киргизстан руу 64 мянга, Беларусь руу 46.25 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн аж.
Гэтэл импортын хэмжээ эсрэгээрээ 3.5 дахин их буюу 69.3 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, эхний гурван сарын гадаад худалдааны статистикаар Монгол Улсын импорт экспортынхоо хэмжээнээс 49.7 сая ам.доллароор давсан нь манай талд уг хэлэлцээр үнэхээр ашигтай байж чадах уу гэдэг дотоодын үйлдвэрлэгчдийн эргэлзээг бататгах мэт. Монголоос хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын голдуу 64 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолсон гэх хэрнээ эдгээрээс яг хэдэн хувь нь хэдий хэмжээний тарифын хөнгөлөлт эдэлсэн, хэчнээн аж ахуйн нэгж ямар хөнгөлөлттэй нөхцөлөөр экспорт хийсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
Монгол Улс болон ЕАЭЗХ-ны талууд гурван үе шаттай хэлэлцээний үр дүнд тус бүр 367 нэр төрлийн бараанд гаалийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсоны дотор манайхаас мах махан, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхмэл, сүлжмэл, оёмол бараанууд багтжээ. Харин дээрх орнуудаас өндөг, бяслагнаас эхлээд хүнд, хөнгөн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийг 25, 50, 100 хувийн тарифын хөнгөлөлттэй нийлүүлэхээр тохирч.
Монгол Улсаас экспортлох нийт барааны жагсаалтыг үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага болон МҮХАҮТ-ийн саналыг тусган боловсруулсан бөгөөд уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилготой гэсэн юм.
Гэвч нийт бараанд хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон нь тэдгээр бүтээгдэхүүний экспорт автоматаар нэмэгдэнэ гэсэн үг биш бөгөөд үйлдвэрлэгчид тухайн зах зээлийн стандарт, чанар, гарал үүслийн шаардлагыг хангах, нийлүүлэлтийн тогтвортой байдал, тээвэр логистикийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай хэвээр байгааг дотоодын аж ахуйн нэгжүүд хэлж байгаа юм. Тиймээс тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой барааны тооноос илүүтэйгээр хэд нь бодит экспорт болж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж байгааг хэмжих нь чухал байна.
Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд 2027 онд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд Монгол Улсаас 11 600 орчим тонн мах худалдан авах талаар мэдээлсэн. Энэ нь өмнөх жилүүдэд тус зах зээлд нийлүүлж байсан махны хэмжээнээс 2-3 дахин их үзүүлэлт юм. Гэхдээ энэ нь мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага, экспортлогч үйлдвэрүүдийн тоо, нийлүүлэлтийн хүчин чадал, худалдан авагчдын эрэлтээс бодит экспорт хамаарна. Өөрөөр хэлбэл, худалдан авах боломжит хэмжээг тохиролцсон ч Монголын хэдэн үйлдвэр шаардлага хангаж, ямар хугацаанд, ямар хэмжээгээр нийлүүлэлт хийх нь мөн л тодорхой бус байна.
Импортын 69.3 сая ам.долларын бараанд тарифын хөнгөлөлт олгожээ
Хэлэлцээрийн хүрээнд зөвхөн экспорт бус, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Монгол Улсад импортлох зарим бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан. Тухайлбал, дизель түлш, ачааны вагон, гахайн мах, цахилгааны утас, хүнсний үйлдвэрийн түүхий эд зэрэг бүтээгдэхүүн багтаж байна.
Аравдугаар сарын 30-ны байдлаар ЕАЭЗХ-ны орнуудаас нийт 65.5 мянган тонн бараа импортолж, 12.9 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт эдэлжээ. Үүний 60.7 сая ам.доллар нь ОХУ, 7 сая ам.доллар нь Казахстан, 1.4 сая ам.доллар нь Беларусь, 36.6 мянган ам.доллар нь Киргизстан улсаас нийлүүлсэн бараа байгаа юм.
Импортын гаалийн татварын хөнгөлөлт нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтын зардлыг бууруулах боломжтой. Гэхдээ энэ хөнгөлөлт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүний үнэ буурах хэлбэрээр хүрч байгаа эсэх, импортлогч компаниудын зардалд хэрхэн нөлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
2028 онд дуусах хэлэлцээрийг дахин гурван жилээр сунгах магадлалтай
2025 онд баталсан энэхүү худалдааны түр хэлэлцээр гурван жилийн хугацаатай. Хэлэлцээрийн 28-р зүйлд зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй тохиолдолд эхний гурван жилийн хугацаа дууссаны дараа дахин гурван жилээр сунгахаар тусгажээ. Мөн эхний гурван жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор худалдааг хөнгөвчлөх, талуудын хоорондын худалдааны ихэнх хэсэгт ногдуулах гаалийн татвар болон худалдааг хязгаарлах бусад зохицуулалтыг арилгах зорилгоор хэлэлцээрийн хэрэгжилтийг хянахаар заасан байна.
Ийнхүү Монгол Улс ЕАЭЗХ-ны зах зээл хооронд 367 нэр төрлийн барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломж нээгдсэн ч экспортын бодит хэмжээ, хөнгөлөлт эдэлсэн аж ахуйн нэгжийн тоо, үйлдвэрлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудал тодорхой хариулт дутагдаж байна. Хэлэлцээрийн үр дүнг зөвхөн хөнгөлөлтөд хамрагдах барааны тоо, импортын татварын хэмнэлтээр бус, дотоодын үйлдвэрлэгчдийн экспортын өсөлт, шинэ зах зээлд нэвтэрсэн байдал, аж ахуйн нэгжүүдэд бий болсон бодит өгөөжөөр хэмжих нь чухал байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.