"Хоригдлуудад зориулж сэтгэл зүйн зургаа, боловсролын найман сургалт явуулж байна”

427 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Амардоржтой ярилцлаа.
-Танай анги дэргэдээ нэг үйлдвэр, хоёр цехтэй. Хоригдлуудаар ажил хийлгэх ямар давуу талтай вэ?
-427 дугаар хаалттай хорих анги аж ахуйн гурван нэгжтэй гэрээ байгуулан, хамтарч ажилладаг. Нэг нь тоосгоны, нөгөө хоёр нь нэхий, хувцас, гэрийн болон автомашины суудлын бүрээсний. Манай анги дотроо хоёр цехтэй. Тоосгоны үйлдвэрийн ажил улирлын чанартай. Жилд нэг сая тоосго үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Тэнд улиралд 60-65 хоригдол ажилладаг. Газар тариалан, тоосгоны үйлдвэрт хаалттай энгийн зэрэглэлийн хоригдлуудыг ажиллуулдаг.
Хоригдлуудын 90 хувь хавьцаа нь бусдад хохирол учруулсны хохирлын 830-аад сая төгрөгийн төлбөртэй. Өнгөрсөн жил манай ангийн хоригдлууд хохиролд 72 сая төгрөг шилжүүлсэн. Түүний долоо орчим саяыг нь хоригдлын цалингаас бусдыг нь тэдний ар гэрээс гаргасан. Жил бүр энэ хэмжээ нэмэгдэж байгаа.

427 дугаар хаалттай хорих анги 250-иад хоригдолтой. Тэдний 60-аад хувь нь тусгай зэрэглэлийнх, 6-20 жилийн ялтай. Тиймээс ажлын байраар ханган, өрөө төлөх боломжоор хангах чухал. Тэгж гэмээнэ хөдөлмөрөөр дамжуулан тэднийг хүмүүжүүлэх, юм хийж сурах боломж олгож байгаа юм. Олонх хоригдол “Буруугаа ухаарсан. Энд ажил хийгээд бусдад учруулсан хохирлоо барагдуулъя” гэдэг.
-Бусад албан байгууллагад санал тавихад хэрхэн хүлээж авдаг вэ?
-Голдуу хоригдлуудыг өөр газар ажиллуулах сонирхолтой байдаг. Манай анги хаалтай болохоор тэгж ажиллуулах боломжгүй.
ХОРИГДЛУУД ЦАЛИНГИЙНХАА 70 ХУВИЙГ ХОХИРОЛ УЧРУУЛСНЫ ТӨЛБӨРТӨӨ ӨГДӨГ
-Хоригдлуудыг хэдэн төгрөгөөр цалинжуулдаг вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг, урамшуулал авдаг. Хуулинд тэгж тусгасан байдаг юм.
-Зарим хоригдол ажил хийхээс дургүйцэх тохиолдол бий юү?

-Биеийн амрыг харан зүгээр суух сонирхолтой ганц нэг хоригдол бий. Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө ажил голдоггүй нь ч бас бий. Олон янзын зан ааштай, хандлагатай хүмүүс энд бий.
-Танайд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хоригдол байдаг вэ?
-Долоо бий. Бүгдийг нь ажлын байраар аль болох хангахыг хичээдэг.
-Нийт хоригдлуудын хэчнээн хувь нь ажил хийн, хохирлоо барагдуулж, хугацаанаасаа өмнө суллагддаг вэ?
-Хугацаа нь дуусаад суллагддаг хоригдол ер нь цөөхөн. Өнгөрсөн жил манай ангиас 26 хоригдол суллагдсан. Тэдний олонх нь хугацаанаасаа өмнө эрх чөлөөтэй болсон. Мэдээж хохирлоо барагдууллаа гээд шууд хугацаанаас нь өмнө суллахгүй. Ангиас зохион байгуулж буй сургалт, хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан, ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаагүй хүмүүжсэн эсэх зэрэг олон зүйлийг харгалзана.
Бас бусдад учруулсан хохирлынх нь хэмжээ хэтэрхий их хоригдол бий. Энд ажиллаад төлж барахгүй төлбөртэй хүмүүс хугацаагаа дуустал хүмүүжихээс өөр аргагүй. Хоригдлууд цалингийнхаа 70 хувийг өрөндөө өгч, үлдсэнийг нь өөртөө авдаг.
-Танай ангид хүмүүжиж буй хоригдлуудын олонх нь Улаанбаатарынх уу, орон нутгийнх уу?
-50 орчим хувь нь Улаанбаатарынх. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хоригдол түлхүү бий.
-427 дугаар хаалттай хорих ангийн ажилтнууд бүгд Багануурт амьдардаг уу?
-Ангийн ойролцоо дөрвөн айлын зургаан алба хаагч амьдардаг. Бусад нь Багануур дүүргээс ажилдаа ирдэг. Багануур дүүрэг орон сууц цөөтэй. Есдүгээр сар дөхөхөөр түрээсийн байр бүр олдохгүй.
Нийт ажилчдын 70 хувь нь эрэгтэй. Ер нь эмэгтэй хүн хийх ажлын байр ховор. Ажлын зараар 10 хүн сонирхоод ирлээ гэхэд долоо нь эмэгтэй. Эрэгтэй хүн хийх ажлын байр түлхүү болохоор тэр бүр ажиллуулах боломж байдаггүй.
-Өнөөгийн залуус төв суурин газар ажиллах, амьдрах сонирхол ихтэй. Ажилчдынхаа ажлын орчин, нөхцлийг сайжруулахад хэрхэн анхаардаг вэ?
-Манайд 35 хүртэлх насны залуус түлхүү бий. Одоо нэг сувилагч дутуу байгаа. Цалингийн тухайд ер нь боломжийн. Бусад төрийн байгууллагынхан шиг л цалин авдаг. Багануураас энд ирээд ажиллах хүн нүдний гэм. Сургуулиа төгсөөд л Улаанбаатар руу явчихдаг. Багануурт сүүлийн 2-3 жил орон сууц баригдаагүй.
-Танай анги Багануур дүүргээс 18 км зайтай. Ажилчдаа өдөр бүр байгууллагын унаагаар зөөдөг үү?
-Тэгдэг. Манай анги “Багануурын хорих” нэртэй болохоос дүүргийн төвөөс 18 км зайтай, алба хаагчид маань өглөө оройдоо ажилчдын автобусаар ирж, очдог онцлогтой. Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах явдал элбэг. Тэгэхээр өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг гэсэн үг. Ийм учраас ажиллах орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах ёстой. Бид энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд хоёроос цөөнгүй ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс мэргэжилтнүүдийг урьж авчран, ажлын байрны дүгнэлт гаргуулсан. Үүний хүрээнд тус төвөөс зөвлөмж ирүүлснийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүллээ.
Улаанбаатар хот болон бусад орон нутгаас залуу алба хаагчид томилогддог, дүүргийн хэмжээнд түрээсийн орон сууц олдоц муу зэргээс шалтгаалан тэдний амьдрах нөхцлийг хангах зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан ашиглалтгүй байсан хуучин байрыг шинэчлэн засварлаж, таван айлын нийтийн байр болгон ашиглаж байн
ХОРИГДЛУУДЫН 70 ХУВЬ НЬ АЛДААГАА УХААРДАГ, ГЭМТ ХЭРЭГ ДАХИН ҮЙЛДДЭГГҮЙ

-Танай анги хэчнээн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт явуулдаг вэ?
-Сэтгэл зүйн зургаа, англи хэл, дуу хөгжим зэрэг боловсролын чиглэлийн найман төрлийн сургалт явуулдаг, хоёр сэтгэл зүйчтэй.
Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Улаан загалмайн хороо зэрэг төрийн, “Өрнө Дорнын соёл, хөгжлийн харилцааны зөвлөл”, Далд ухамсрыг сэрээх “Баярлалаа төв”, “Монголын Випашяна судлалын төв” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтардаг.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бий. Багануур дүүргийн Насан туршийн боловсролын төвөөс хичээлийн жилийн хугацаанд найман төрлийн боловсрол олгох сургалт тогтмол явуулдаг. Тус төв нь манай хамтран ажилладаг чухал байгууллагын нэг.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс өнгөрсөн онд зохион байгуулсан гурван удаагийн барилгын засал чимэглэлчин, гагнуурчин, бетон арматурчин, тогоочийн мэргэжил олгох болон чадамж олгох сургалтад нийт 83 хоригдол хамрагдсан. Эдгээрийн 67 нь амжилттай төгсч, мэргэжлийн үнэмлэхтэй болсон. ШШГЕГ-аас дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс олгож байгаа мэргэжлийн үнэмлэх нь хорих ял эдлээд суллагдсаны дараа хаана очоод ажиллах боломжтойгоороо онцлог.
Хоригдлуудын олонх нь боловсрол муутай. Дээд сургууль төгссөн, мэргэжил эзэмшсэн хоригдол цөөхөн. Есдүгээр сарын 1-нээс хичээл ордог, хоригдлуудад. Тэгээд хичээлээ яг ерөнхий боловсролын сургууль шиг зургадугаар сар хүртэл заадаг. 2017 оны хуулинд “Хоригдлууд зан байдлаа тодорхойлуулах, нийгэмшүүлэх, сэтгэл зүйн сургалт, хөтөлбөрт бүрэн хамрагдсан байх” гэж тусгасан. Энэ хуулийн өгөөж, үр дүн их бий.
Хоригдлууд хүссэн, хүсээгүй ангиас зохион байгуулж буй сургалтуудад хамрагдах болсон л доо. Архинаас болж гэмт хэрэг үйлдсэн бол “Архины шалтгаант зан үйлийг өөрчлөх нь” сургалтад заавал хамрагдах учиртай.
-Эдгээр сургалтын өгөөжөөр хүмүүжээд, алдаагаа ухаараад гардаг нь хэр олон бэ?
-Олоон олон. Ажлын үр дүн гарахад их баярладаг. Эдгээр сургалт, хөтөлбөрийн өгөөж их бий. Анзаараад байхад хоригдлуудын 30 хувь нь гэмт хэрэг дахин үйлддэг. Үлдсэн хувь нь томоождог, хүмүүждэг. Энд хэчнээн ухаарч, хүмүүжсэн ч суллагдсаных нь дараах орчин, найз нөхөд, тухайн хоригдлын хүрээлэл их чухал.
БИ “АЖИЛДАА ЭЗЭН БАЙЯ” ГЭДЭГ ЗАРЧИМ БАРИМТАЛДАГ
-Хоригдлууд зөрчил гаргах тохиолдол хэр их гардаг вэ?
-Мэр сэр гарна аа. Алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хоорондоо маргалдсан гэх мэт шалтгаанаар. Алба хаагчид залуужихаар хоригдлууд жаахан дээрэнгүй хандчих гээд байдаг. Зарим нь үйлдлээрээ илт үл тоох, эвгүй хандлага гаргах нь бий. Мэдээж бүх хоригдол тийм биш.
-Та ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?
-“Ажилдаа эзэн байя” гэдэг гол зарчимтай. Өнгөрсөн жил 427 дугаар хаалттай хорих ангийнханд “Харилцаа, хандлагаа өөрчилье. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” гэдэг уриатай ажилласан.
ӨНГӨРСӨН ЖИЛ МАНАЙ АНГИ ОНЫ ШИЛДЭГ БОЛСОН

-Хорих анги удирдахын хамгийн хэцүү нь юу бол?
-Хэцүү гээд тоочвол олон бий. Тэр бүхнийг аль болох давахыг хичээн ажилладаг. Сүүлийн жилүүдэд хоригдол оргох гэмт хэрэг эрс буурсан. Энэ нь техник хэрэгсэл, албан хаагчдын хүчтэй салшгүй холбоотой.
Манай анги л гэхэд камераар бүх хоригдлын өрөөг хянадаг. Өнгөрсөн жил манай ангид хоригдол хэрэг зөрчил гаргах нь өмнөх оныхоос 23 хувиар буурсан. Энэ мэт ажлын үр дүн, үзүүлэлтээр 2019 онд салбартаа тэргүүлсэн.
Бид өнгөрсөн жилээс алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ нь алба хаагчдын дунд өвчлөл байна, дээр нь түрүүн хэлсэн, алба хаагчид маань өдрийн дийлэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг гэж. Эдгээр шалтгаанаар хөтөлбөр гаргасан гэж хэлж болно.
Өнгөрсөн жил хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндээ хамгаалах, идэвхтэй хөдөлгөөн хийх, эрүүл аж төрөх, эрүүл зөв хооллолт сэдвүүдээр мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийг урьж сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, усан бассейнд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр явуулах зэрэг олон ажил хийж байгаа.
Мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай зарим алба хаагчид эмчийн магадлагаа, эмийн жорыг үндэслэн 100 000 хүртэлх төгрөгийн тусламж үзүүлсэн. Улмаар нийслэлд шалгарч, 2019 оны Нийслэлийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарлаа.
Манай анги дэргэдээ туслах аж ахуйтай. Хоригдлуудын болон алба хаагчдын хэрэглээнд зарцуулдаг. Манай ангийн цайны газрын хоол 1500 төгрөгийн үнэтэй. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан Багануураас манай анги хүртэлх газрын хогийг сар бүр тогтмол цэвэрлэдэг. Энэ хооронд манайхаас өөр газар байдаггүй юм.
Уншигч та бүхэн 427 дугаар хаалттай ангиас бэлтгэсэн сурвалжлагыг ЭНД дарж сонирхоно уу.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.