Нийгмийн

“Риновирус”, “Бокавирус” нь бага насны хүүхдэд түгээмэл тохиолдож байна”

“Риновирус”, “Бокавирус”-ийн тухай өнгөрсөн наймдугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай хийсэн ярилцлагыг СЭРГЭЭН НИЙТЛЭВ.

Сүүлийн үед иргэдийн дунд нүд загатнах, аргах, нулимс гоожих, хамар битүүрч, нус гоожих, гэдэс гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг бүхий томуу төст өвчин дэлгэрч буй тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон Эрүүл мэндийн яамнаас хэлж буй.

Бид үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга, Төрийн удирдлагын мастер, клиникийн профессор тэргүүлэх зэргийн их эмч Н.Сувдмаатай томуу, томуу төст өвчний шинж тэмдэг, урьдчилсан сэргийлэх чиглэлээр ярилцлаа.

-Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр “Риновирус”, “Бокавирус”-ээр үүсгэгдсэн өвчлөл их байгаа тухай мэдээлэгдсээр байна. Тус вирусийн тухай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Лабораторид суурилсан тандалт буюу вирус судлалын шинжилгээний үзүүлэлтээр “Риновирус”, “Бокавирус” гэх томуу төст вирус эргэлтэд ороод байна. Тус вирусээр үүсгэгдсэн халдвар томуугийн шинж тэмдэгтэй адилхан илэрдэг. Нууц үеийн хугацаа дуусаж, томуугийн эхний шинж тэмдэг илэрсний дараа тухайн вирусийн өөрийнх нь онцлог шинжүүд илэрдэг гэж хэлж болно.

Тухайлбал, “Риновирус”-ийн хувьд ихэвчлэн амьсгалын дээд замын шинж тэмдгүүд буюу хамар, залгиурын үрэвслээр илэрдэг. Өөрөөр хэлбэл хамар битүүрэх, нус гоожих, найтаах хэлбэрээр илэрснийг хүмүүс ханиадтай андуурах нь бий. Тус вирус нь эхэн үедээ халуурах, хамраас нус гоожих шинж тэмдгээр илэрч, дараа нь хамар залгиурын үрэвслээр хүндэрдэг гэсэн үг юм.

“Бокавирус”-ийн хувьд томуугийн үед илэрдэгтэй ижил боловч зарим хордлогын шинж тэмдэг тод илэрнэ. Хоолой залгиур хөндүүрлэх, цэртэй ханиалгах цаашлаад хүндэрсэн үедээ хатгаа болгодог вирус байгаа. Тэгэхээр өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн амын эргэлтэд томуу, томуу төст вирусүүд байна. Дээрх вирусээс сэргийлэхийн тулд заавал мэргэжлийн эмчид үзүүлэх, эмчийн бичиж өгсөн эмчилгээг хийлгэх нь зөв.

-Тус вирусүүдээс өөрийгөө болон бага насны хүүхдийг хэрхэн сэргийлэх вэ?

-Бага насны хүүхдийн тухайд эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, шим тэжээлтэй хоол хүнс идэж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хэрэгжүүлбэл тус вирус нь хөнгөн үедээ эдгэрэх боломжтой. Мөн онцын шаардлагагүй бол бага насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх нь зөв. Бага сартай хүүхдийг дэлгүүр, олон нийтийн газар болон унаагаар тэврээд явж байгаа мэр сэр харагддаг. Энэ нь төдий хэмжээгээр хүүхдээ томуу болон томуу төст халдварын вирусээр өвчлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс мэргэжлийн төв байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжүүдийг илүү амьдрал ахуйдаа дадал хэвшил болговол олон өвчнөөс сэргийлж чадна.

Мөн дараагийн зөвлөмж бол гараа 20-30 секунтын турш савандаж, зөв дарааллын дагуу угаах нь чухал. Тус зөвлөмж нь нотолгоонд суурилсан. Амьсгалын замын халдвар, гэдэсний халдвараас хамгаалах, эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үздэг. Тэгэхээр гар угаах, амны хаалтаа зүүх, зай барих, зөв ханиаж найтаах зэрэг энгийн зөвлөмжүүдийг байнга дадал хэвшил болгоорой гэж зөвлөе!

-НИЙТ ХҮН АМЫН ДУНД ЯМАР ВИРУС ЗОНХИЛЖ БУЙГ ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООГООР ИЛРҮҮЛДЭГ-

-Томуу, томуу төст өвчний илрүүлэлт, тандалтын тогтолцоо хэрхэн явагддаг бэ?

-Томуу, төст халдвар буюу амьсгалын замын халдварыг манай улс 365 хоногийн туршид улс, аймаг, нийслэлийн хэмжээнд тогтмол тандаж байдаг. Долоо хоног, өнгөрсөн жилийн мөн үетэй, сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулан амбулаторит хандаж байгаа үйлчлүүлэгч, эмнэлэгт хэвтэгсдийн дунд, түргэн тусламжийн үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд танддаг.

Мөн эдгээр үйлчлүүлэгчдээс сорьц авч вирүс судлалын тандалт буюу хүн амын эргэлтэд ямар вирүс байгааг байнга танддаг. Олон жилийн хөдлөл зүй, ирээдүйн хандлагыг эдгээр тандалт дээр үндэслэн тогтоож байдаг. Манай улсад томуу, томуу төст халдварын тандалтын тогтолцоо дэлхийн нийтийн жишигт нийцсэн маш ач холбогдолтой, үр дүнтэй чанартай тандалтын тогтолцоо гэж үздэг.

Ингэснээр энэ тогтоцооны үр дүнд ямар арга хэмжээ авах тухай дүгнэлт шинжилгээг тогтмол гаргаж эргэн мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байдаг.

-Томуу, томуу төст халдварын өвчлөл хэр их байна бэ?

-Өнөөдөр буюу 2020 оны 32 дугаар долоо хоногийн мэдээлэл гарсан байна.. Энэ долоо хоногт нийт амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2.1 хувь байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар бага, сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад 0.1%, арван мянган хүн амд гурван жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 3.4 тохиолдлоор буюу гурван хүнээр нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, манай улс нэгдүгээрт эрс тэс уур амьсгалтай, хоёрдугаарт сэрүүний улирал эхэлж байна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбоотойгоор томуу төст халдвар нийт хүн ам, тэр дундаа хүүхдийн дунд эргэлтэд гарч байна. Манай улсын хувьд есдүгээр сарын 1-нээс эхлээд улиралчлал угтуулан амьсгалын халдварын сэрэмжлүүлэг, зөвлөмжөө боловсруулж түгээдэг. Хэвтэгсдийн дунд 4.6 хувийг эзэлж байгаа. Энэ нь өмнөх долоо хоног, сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад 1 хувиар бага үзүүлэлттэй байна. Тэгэхээр харьцангуй хөнгөн, алга цоог хэлбэрээр томуу төст халдварууд явж байна гэж үзэж болно. Түргэн тусламжийн үзлэгийн хувьд улсын хэмжээнд 4, Улаанбаатар хотод 18, аймгуудад 4.5 хувьтай байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй адилхан байна.

-ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨГСДИЙН ДИЙЛЭНХ НЬ БУЮУ 60 ХУВЬ НЬ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА-

-Тус өвчнөөр ямар хүмүүс ихэвчлэн өвчилж байна вэ?

-Дийлэнх буюу 60 хувь нь бага насны хүүхдүүд эзэлж байгаа. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид үүн дээр онцгой анхаарч, хүүхдүүддээ тавих асаргаа сувилгаа, анхаарал халамжаа нэмэгдүүлэх, өглөө болон оройн сэрүүнд дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Түүнчлэн манайхаас Ковид-19-тэй холбоотойгоор энгийн зөвлөмжүүдийг иргэд, үйлчлүүлэгчдэд байнга өгч байгаа. Энэ нь бусад амьсгалын халдвараас сэргийлэх энгийн бөгөөд мөнгө шаардахгүй зөвлөмж болдог учир эдгээр зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй. Тэгэхээр үүнийг онцгой анхаараарай гэж эмч нь зөвлөж байна.

-Тус вирус нь шинээр гарч ирсэн үү, эсвэл урьд өмнө илэрсээр байсан уу?

-Энэ вирус нь байнга илэрч байсан энгийн вирус юм. Риновирус, бокавирус, амьсгалын синстал вирус зэрэг нь тогтмол хүн амын эргэлтэд гарч байдаг. Тэгэхээр иргэд айж түгших хэрэггүй билээ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button