ДЭЛХИЙ

CNN: Ши Жинь Пинь цэргүүдээ “Дайнд бэлтгэ, анхаарлаа сулруулж болохгүй” гэжээ

БНХАУ, АНУ хоёрын харилцаа өнгөрсөн арван жилийн туршид ингэж муудсан удаа байхгүй гэж гаднын хэвлэлүүд онцолж байна. Үүний шалтгаан нь цар тахлын асуудал болон Тайваны тал дээрх маргаан юм.

Хэдийгээр Тайван Хятадын коммунист намын удирдлага дорх бус ардчилсан, тусгаар улс боловч БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пинь шаардлагатай бол цэргийн хүч ашиглаж Тайваныг Хятадтай нэгтгэнэ хэмээж байв. Тэрбээр Тайван улсыг “Хятадын газар нутгийн салшгүй нэгэн хэсэг” гэж үздэгээ нуудаггүй.

БНХАУ-д өнгөрсөн лхагва гарагт (2020.10.14) “Шень Жений эдийн засгийн тусгай бүс” байгуулагдсаны 40 жилийн ойн баяр болсон юм. Шень Жений уг бүс 1980 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-д гаднаас хөрөнгө оруулалт татаж, дэлхийд хоёрт бичигдэх том эдийн засагтай улс болоход нь том хувь нэмэр үзүүлсэн.

Энэ ойн баярын өдөр Ши Жинь Пин арга хэмжээнд оролцож, үг хэлжээ. Харин үүнийхээ урд өдөр Гуандон мужийн цэргийн баазын аж байдалтай танилцах үеэрээ “Бүх анхаарлаа дайнд бэлтгэхэд зориул. Туйлын үнэнч, ариун, итгэл даахуйц бай, анхаарал сэрэмжээ алдаж болохгүй” гэж хэлжээ. Энэ тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн байна.

-УЛАМ БҮР ХУРЦДАЖ БУЙ ХОЁР ОРНЫ ХАРИЛЦАА-

Ши Жинь Пин ийн цэргийн бааз дээрээ айлчилсан нь АНУ, БНХАУ хоёрын харилцаа муудаад буй цагт тохиосноороо онцлогтой. Өнгөрсөн даваа гаригт Цагаан ордон, өндөр зэрэглэлийн их буу болон пуужин гэх мэт гурван төрлийн дээд зэрэглэлийн зэр зэвсгийг Тайванд худалдах болсон тухайгаа мэдээлсэн.

Үүний эсрэг Бээжингийн гадаад хэргийн яамны төлөөлөгч Зао Лижан Вашингтонд, “Тайваньд зэр зэвсэг худалдахаа үтэр түргэн зогсоо. АНУ-Тайвань хоёрын хооронд буй цэргийн зэвсгийн холбоогоо бүгдийг тасал” гэж шулуухан хэлжээ.

БНХАУ-ын засгийн газар эсэргүүцсээр байгаа ч ерөнхийлөгч Трампын засаглал дор Вашингтон, Тайпей /Тайванийн нийслэл/ хоёрын харилцаа сайжирсаар. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд АНУ-ын эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Алекс Азар, Тайваньд цар тахлын асуудлаар айлчлал хийсэн юм. Уг үйл явдлын эсрэг есдүгээр сарын 18-19-ний хооронд БНХАУ-аас Тайваний ойролцоо цэргийн хүчээ нэмэн, 40 гаруй байлдааны онгоц Тайваны зурвасаар нисгэсэн билээ. Уг үйл явдалыг Тайваны ерөнхийлөгч Цай Ин-Вен, “сүрдүүлэг” хэмээн хэлжээ.

Есдүгээр сарын 16-ны өдөр АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Марк Эспер хэлэхдээ, “БНХАУ усан хүчний хувьд эн тэнцүү биш” гэжээ.

Ямартай ч Ши Жинь Пиний хэлсэн үгс болон АНУ-ын байр суурийг харвал нөхцөл байдал хүндхэн байгаа бололтой.

                                                                                                      Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button