СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

ОЮУ ТОЛГОЙ БА УС: Хөрөнгө оруулалтын гэрээнд дулдуйдаж, Үндсэн хууль, Усны тухай хуулийг зөрчсөөр байна

Засгийн газар УИХ-ын гишүүдэд өгсөн асуулгын хариундаа Оюу толгой төсөл гүний усны нөөцийнхөө 35-80 хүртэлх хувийг ашиглаж байна, цаашид далд уурхай ашиглалтад орвол энэ тоо 100-д хүрч, усны нөөц эрсдэлд орно гэж дурдсан. Энэ агуулгаар бид үүний өмнө мэдээлэл бэлтгэж байсан билээ.

Гэвч Оюу толгойн ус ашиглалт гэдэг томоохон сэдвийг олон талт байр суурь, тоо баримтуудын хамт үргэлжлүүлэн хөндөх шаардлага бий болсон юм. Нэг талд олон нийт Оюу толгой төслийн ус зарцуулалтын сэдвийг нэлээд анхаарч үзэж буй нь ойлгогдсон. Нөгөө талд хөрөнгө оруулалтын гэрээг ашигтай болгох хэлэлцээр хийгдэхээр хүлээгдэж буй эл үест энэ сэдвээр хамгийн голч байр сууриар мэдээлэл бэлтгэх хэрэгцээ үүслээ.


УРЬДАЧ МЭДЭЭЛЭЛ: Оюу толгой 2011 оноос хойш 119.76 сая м3 ус ашиглажээ

Оюу толгой төслийн үйлдвэрлэлд ашигладаг гүний усны орд нь Галба-Өөш Долоодын сав газарт хамаардаг. Ашиглалтын цооногийн гүн дунджаар 805-400м, ордын нийт талбай 438,3км2 гэсэн тоо мэдээлэл байна. БОАЖЯ-ны харьяа агентлаг Усны газар уг усны ордыг “Нөөцийн хувьд хязгаарлагдмал, чулуулгийн идэвхтэй ан цавшилтын бүсэд оршдог” гэж дүгнэжээ.

Эндхийн гүний усны ордын нөөцийг 2003-2004, 2007, 2015 онд гээд гурван удаа судалж тогтоосон. Хамгийн сүүлд буюу 2015 онд нэмэлт хайгуул хийгээд ашиглалтын нөөцийг секундэд 918 литр байхаар тооцож баталсан байдаг. Энэ нь үйлдвэр үргэлж секунд бүр 918 литр ус ашигладаг гэсэн үг биш, энэ тухай доор дэлгэрэнгүй тайлбарлана.

Өнгөрөгч 2020 оны хувьд Оюу толгой төсөл 14.9 сая м3 ус ашиглажээ. Жилд дунджаар 14-16 саяыг ашигладаг гэж Усны газар тооцсон байна. 2011 оноос хойш нийт 119.76 сая м3 ус ашиглагджээ.

Говийн бүс нутгийн гүний усны эх үүсвэр ерөөс хур тунадас байдаг тул нөхөн сэргээгдэхдээ олон зуун жилийг зарцуулдаг. Бүрэлдэж тогтохдоо ч олон мянган жилийн хугацааг элээсэн байдаг тул нутгийн иргэд болон олон нийтийн дунд эрхгүй болгоомжлол бий. 918 л/секунд гэдэг нэг багашаархан голын урсацтай дүйнэ.

“Оюу толгой” ХХК нийт 351 цэгт мониторинг хийж, улирал бүр Усны газар тайлагнадаг. Харин улсын нэгдсэн хяналтын сүлжээнд уг гүний усны ордод 12 цооног холбогдсон байх юм. Дээрх уст цэг болон цооногуудад хэмжилт хийх замаар гүний усны нөөцийг хянадаг гэсэн үг.

Усны газар “Газрын доорх усны хэмжээ тодорхой хэмжээгээр багасдаг. Гэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй. Дөрөв, тавдугаар сард усны түвшин 4м орчим дээшилж, хоёр, найм, арванхоёрдугаар сард 16м буурдаг. Хамгийн ихдээ 37м хүрдэг” гэж бичжээ.


НЭГ: Хэмжилтийн цэгүүд юу хэлдэг вэ

Холбогдох хүснэгтэн мэдээллүүдийг доор үзүүлэв.

Улсын хяналтын нэгдсэн сүлжээнд хамрагддаг 12 мониторингийн цооногуудын хэмжилт. Усны статик түвшин гэдэг нь газрын гадаргаас усны түвшин хүртэлх зайг хэлж буй. Үүнээс харахад 5, 7, 8 дугаарт бичигдсэн цооногууд маш гүн, тэр хэрээрээ статик түвшин нь бусадтайгаа харьцуулахад доор байгаа нь ажиглагдана. Гэхдээ үүнд өмнөх жилүүдийн статистиктай харьцуулалт хийх боломж байхгүй байгаа тул “доошилжээ” гэдэг агуулгаар мэдээлэх бололцоогүй байна.

Зургийн тайлбар: 2020 оны ус ашиглалтын худгуудын усны түвшний график.

Харин энд 2020 оны байдлаарх ус ашиглалтын худгуудын усны түвшинг харуулжээ. Улаан зураас нь зөвшөөрөгдөх түвшин. Цэнхэр нь анх тогтсон түвшнийг илэрхийлж буй бөгөөд бидний хувьд улбар шар зураасыг голч болгож харах юм. Үүнээс ажиглахад цөөнгүй худгуудын түвшин анх тогтсоноос доошилсон нь харагдаж байна. Мөн зөвшөөрөгдөх хязгаарт ойртох болоогүй байна.

Зургийн тайлбар: 2011-2019 оны хооронд малчдын худгуудад хийсэн хэмжилтийн график.

Энд 2011-2019 оны хооронд малчдын худгуудад хийсэн хэмжилтийн график байна. Үүгээр худгуудын усны түвшин сүүлийн жилүүдэд багасах биш харин нэмэгджээ. Усны газар “Малчдын гар худгуудад нөлөөлөл илрээгүй” гэж дүгнэсэн байна.

Зургийн тайлбар: Гүний усны ажиглалтын цооногуудын байршил

ХОЁР: Нутгийн малчид юу ярьсан бэ

Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын малчдаас холбогдож, байр суурийг нь сонслоо. Тэд “Онги голынхон” хөдөлгөөн, “Галба-Өөш Долоодын сав газрын зөвлөл” зэрэг сайн дурын байгууллагуудад идэвхтэй ажиллаж байсан намтартай хүмүүс. Энэ хүрээнд говийн гүний усны сэдвээр хэвлэлд ярилцлага өгч байсан удаа цөөнгүй, тэр бүрд шахалт дарамттай учирч байсан гэлээ. Иймд нэрээ нууцлахыг хүссэн тул хүсэлтийг нь хүндэтгэв.

Малчин М:

-Говийн бүс нутгийн гүний ус нөхөн сэргээгдэхдээ олон мянган жил зарцуулдаг. Гэтэл уул уурхайн компаниуд нэг дундаж голын урсгалыг шууд цутгах хэмжээгээр соруулж ашигладаг, энэ хэдхэн жилийн дараа дуусна. Энэ хүрээнд олон ч судалгаа хийж, юм уншиж явлаа.

-Хэмжилтийн цэгүүд дээр гарч буй мэдээллийг харахад гүний усны түвшинд төдийлөн өөрчлөлт ороогүй байсан?

-Тэд тэгж ам тагладаг, гоё сайхан тоо үзүүлдэг. Цаанаа гүний ус ашиглаад бараг дуусаж байгаа. Түүнийгээ мэддэг учраас Орхон, Хэрлэн голыг сэтэлж, Өмнөговь руу татах төсөл хэрэгжүүлэх тухай нэг хэсэг идэвхийлэн ярьж байсан. Тэдний өгч буй тоо баримтууд биш он цагийн үйл явдлууд яг юу болоод байгааг гэрчилдэг. Бид нэг хэсэг эрчтэй дуугарч байсан, энэ чиглэлээр хоёр ч хууль батлуулсан. Харамсалтай нь хоёуланг нь сүүлд хүчингүй болгосон. Хамт дуугарч байсан хүмүүс одоо ихэнх нь яам, тамгын газарт ажилд ороод дуугүй болсон. Би малаа маллаад, нутагтаа байна.

Малчин С:

-Харгана, бударгана, гоёо зэрэг ургамлууд ургахаа байсан. Уг нь чийг нэхэхгүй өөрсдөө л хаврын хаварт гараад ирдэг байсан. Одоо харагдахаа байлаа. Малчдын олон худаг ширгэсэн. Би өөрөө ч худагтай, түүний түвшин жил ирэх тусам л багасаж байна. Уг нь “Галба-Өөш Долоодын сав газрын зөвлөл” гэж байгууллага идэвхтэй ажилладаг байсан ч сүүлд байхгүйтэй адил болчихлоо.

-Таныг нутгийнхаа усны асуудлаар дуугарахад дарамт, шахалтууд ирж байсан гэсэн үү?

-Тийм. Өмнө нь миний яриа хэд хэдэн телевиз, сайтуудаар түгж байсан. Тэр бүрийн дараа мөнгө амлах, сүрдүүлэх зэрэг үйлдэл гарч байсан. Би мөнгийг нь авахгүй. Одоо настай ч хүн. Уул, усныхаа төлөө дуугарсаар л насыг барна гэж боддог. Говийн гүний ус сүүлийн 10 шахам жилд мэдэгдэхүйц доошлоод байна, малчид бид андахгүй мэднэ.


ГУРАВ: “Оюу толгой” дуугарч, төрийн байгууллагууд “зугтав”

Иргэд, олон нийтийн ойлголттой уялдуулж мэргэжлийн байгууллагуудын албан тушаалтан, эрдэмтэдтэй холбогдож, мэдээллийг шинжлэх ухаанч, бодит байдлаар цуглуулах гэж хичээсэн боловч “Оюу толгой” ХХК-иас бусад нь дуугарсангүй.

Тухайлбал УУХҮЯ, БОАЖЯ-ны хариуцсан газрын захирлуудтай холбогдоход Усны газрын дарга Ш.Мягмар албан мэдээлэл өгөх ёстой гээд халгаасангүй. Зөвхөн усны ашиглалтаас гадна бусад ус ашиглах технологи, говийн бүсийн гүний усны онцлог талаар ярилцлага хийхийг хүссэн ч татгалзсан хариу авлаа. Харин Ш.Мягмар даргын хувьд мэдээлэл өгөхөөс мөн л татгалзсан.

Харин “Оюу толгой” ХХК-ийн усны мэргэжилтнүүдтэй дараах асуултуудын хүрээнд ярилцлаа.

-2015 онд гүний усны нөөцийн зэргийг үйлдвэрлэлийн зэргээр 918 л/с байхаар тооцож, гэрээ байгуулсан. Одоогоор үйлдвэрлэлийн үеэр секундэд ашигладаг усны хэмжээ дунджаар хэдээс хэдийн хооронд хэлбэлзэж байдаг вэ. Энэ хэлбэлзэл юунаас шалтгаалдаг вэ. 918 л/с-д тулж байсан удаа бий юу?

-Гүний хоолойн газрын доорх усны ордын эрэл хайгуулын ажлыг тухайн үеийн Усны хэрэг эрхлэх газрын (УХЭГ) мэргэжилтнүүд, эрдэмтэн докторуудын санал зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэн үр дүнг БОАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөл 2015.07.06-ны өдрийн хуралдаанаар Гүний хоолойн газрын доорх усны ордын нийт нөөцийг 918 л/с буюу 79315 м3/хоног ашиглалтын нөөцийг хүлээн авах тухай шийдвэр гаргаж, 2015.11.02-ны өдрийн 2015/03 тоот тушаалаар уг нөөцийг баталгаажуулсан байна. Хаягдлын хадгалах байгууламжаас эргүүлэн татаж, дахин ашиглаж буй усны хэмжээ нь өвөл болон зуны улирлаас хамаарч хэлбэлздэг. Уг дахин ашиглалтын хэмжээнээс хамаарч Гүний хоолойн газрын доорх усны ордоос ашиглаж буй усны хэмжээ нь хэлбэлзэж байдаг ба дунджаар 508.7 л/с буюу 43950.7 м3/хоног байна.

-Гүний усны нөөцийн 80 хүртэлх хувийг ашиглаж байгаа тухай Засгийн газрын мэдээлэлд дурдсан байсан. “80 хүртэлх хувийг ашиглаж байгаа” гэдэг өгүүлбэрийн утгыг тодруулж өгөөч. Олон нийтийн дунд нийт нөөцийн 80 хувь нь ашиглагдаад дуусаж байгаа юм биш үү гэсэн ойлголт төрж байна?

-Усны нийт нөөцийн 80 хувь нь ашиглагдаж байна гэдэг нь ташаа ойлголт байна. Газрын доорх усны батлагдсан нөөц гэдэг нь тухайн ордын өөрөө нөхөн сэргээгдэх чадвараа алдахгүйгээр авч болох нөөц бөгөөд Гүний хоолойн газрын доорх усны ордын хувьд 918л/с буюу 79315 м3/хоног хэмжээгээр 25 жил ус ашиглахад ордын нийт нөөцийн 20% буюу даралттай уст давхаргын түрэлтийн өндрөөс хэтрүүлэхгүйгээр ашиглах хэмжээ юм. Гэсэн хэдий боловч Оюу толгой уурхайн хувьд 508.7 л/с буюу 43950.7 м3/хоног ашиглаж өдөрт 35364.3 м3/хоног ус хэмнэлж байгаа нь батлагдсан нөөцийн хэмжээнээс бага ус ашиглалт явагдаж байгааг харуулж байна. Гүний хоолойн газрын доорх усны ордын эрэл хайгуулын ажлыг тухайн үеийн УХЭГ-ын мэргэжилтнүүд, эрдэмтэн докторуудын санал зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэн үр дүнг баталгаажуулсан.

-Оюу толгой уурхай усаа дахин ашигладаг технологитой. Энэ технологийн механизмыг уншигчдад энгийн үгээр тайлбарлаж өгөөч. Үйлдвэрлэлд ашигласан усаа хэдэн удаа дахин ашигладаг вэ. Дахин ашиглах технологи оруулж тооцвол дунджаар нэгж хугацаанд хэдий хэр усыг бүрэн ашигладаг дуусдаг гэсэн үг вэ?

-Гүний хоолойн газар доорх усны эх үүсвэрээс татсан усыг 400,000м3 бүхий усан санд төвлөрүүлж, өөрийн урсгалаар Баяжуулах үйлдвэрт очих ба тэндээс хүдэр боловсруулах процесст оролцоно. Баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал зутанг өндөр үр бүтээмжтэй Хаягдал өтгөрүүлэгчийн тусламжтай өтгөрүүлж, усыг сайн ялган авснаар нийт усны 88 хувийг эргүүлэн ашиглах ба өтгөрсөн хаягдал зутанг Хаягдлын санд шугам хоолойгоор дамжуулан хаядаг. Иунасан усыг эргүүлэн ашиглана. Ингэж дахин ашиглагдаж буй ус маань дахин баяжуулах үйлдвэрт орон олон дахин ашиглагдаж байдаг. Оюу толгой компани нь усыг дахин ашиглах болон хэмнэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Өндөр бүтээмжтэй өтгөрүүлэх, нягтруулах технологи (60% хүртэл өтгөрүүлж байна)
  • Үр бүтээмжтэй ус эргүүлэн татах систем
  • Хөргөлтийн усны дахин ашиглалт
  • Ахуйн хаягдал усны дахин ашиглалт
  • Машин, тоног төхөөрөмж угаалгын усны дахин ашиглалт зэргийг 100 хувь хэрэгжүүлж,
  • Усан сангаас ууршилтаар ус алдахаас сэрийлэн усан санг битүүмжилсэн зэрэг нэрлэгдэнэ.

Эдгээр ус хэмнэх, хамгаалахтай холбоотой арга хэмжээнүүдийг Оюу толгой уурхайн үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхийн бусад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг жишиг үйлдвэрүүдийн ашигладаг усны дундаж хэмжээнээс гурав дахин бага ус ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл Оюу толгой уурхайн усны дахин ашиглалт 87% байгаа нь дэлхийд энэ чиглэлийн тэргүүн туршлагуудын нэг болж байна. 2020 онд нийт усны эргүүлэн ашиглалт 87.7% байсан. Дэлгэрэнгүйг энд дарж, бичлэгээс үзэх боломжтой.

-Цаашид далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй буй. Ингэвэл усны нөөцийн 100 хувийг ашиглаж эхэлнэ, үүгээр гүний усны нөөц эрсдэлд орно гэсэн судалгаа байсан. Энэ хэр бодитой вэ. Хэдий хэр хугацаа, хэдэн жилийн дараа энэ нөөц эрсдэлд орно гэж та бүхэн үзэж байгаа вэ?

-Уурхайн нийт ус ашиглалтын 90 орчим хувийг баяжуулах үйлдвэрт ашигладаг ба далд уурхай ашиглалтанд орсон ч баяжуулах үйлдвэрийн өдөрт баяжуулах хүдрийн хэмжээ өөрчлөгдөхгүй буюу 110 мян.тн хэвээр байна. Өөрөөр хэлбэл баяжуулах үйлдвэрт хэрэглэх ус их хэмжээгээр нэмэгдэхгүй учир батлагдсан ус ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээ буюу 918 л/с-ээс хэтрэхгүй гэсэн үг юм.

-Гүний усны түвшин сарууд болон үйлдвэрлэлийн явцаас шалтгаалж дээш, доош хэлбэлзэж байдаг. Гэхдээ хурын уснаас эх ундаргаа авдаг тул олон зуун жилийг элээж байж, нөхөн сэргээгддэг гэдэг. Оюу толгой уурхайн үйл ажиллагааны хүрээнд жил ирэх бүр Галба-Өөш Долоодын сав газрын гүний усны түвшин тогтмол доошилсоор байдаг гэж ойлгож болох уу. Үйлдвэрлэл эхэлсэн оноос хойш хэдий хэр хэмжээнд доошлоод буй тал дээр тоо мэдээ өгөх боломжтой юу?

-Галба-Өөш Долоодын говийн сав газар гэдэг нь дөрвөн аймгийн 23 сумын нутаг дэвсгэрийг дамнан байрласан говийн бүсийн томоохон сав газар. Харин Гүний хоолойн орд нь тус сав газрын нэгээхэн хэсэгт тогтоогдсон усны орд бөгөөд уг ордыг ашигласнаар сав газрын хэмжээнд усны түвшний бууралт явагдах боломжгүй.

-Усны хяналтын 12 мониторингийн цэгийн мэдээллийг харахад, 188 м гүн цооног бүхий GUD-26 цэг дээрх усны статик түвшин 64.981 м, 169.3 м гүн цооног бүхий GUD-27 цэг дээрх 92.6 м байгаа нь анхаарал татсан. Статик түвшний хэмжээгээр уг цооног дахь гүний ус доошилсон байна гэж ойлгож болох уу.

-Усны статик түвшин 64.981 болон 92.6 гэдэг бол тус цооногуудын амсар буюу газрын гадаргаас усны түвшин хүртэлх зайг илтгэж байгаа. Асуултанд байгаа дээрх тоонууд нь усны түвшин доошилсон гэх дүгнэлт өгөх боломжгүй утгууд бөгөөд цаг хугацаанаас хамаарсан олон хэмжилтүүдийн мэдээгээр ийм дүгнэлт гардаг. Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргааны зүгээс дээрх цооногуудад хөндлөнгийн хяналт шинжилгээг хийдэг. GUD-26, GUD-27 цооногууд нь Гүний хоолойн ордын баруун хэсэгт байдаг хяналтын цооногууд бөгөөд ус ашиглаж буй үндсэн уст давхаргын хяналтын цооногууд. Эдгээр цооногууд нь хөндлөнгийн хяналтын цооногууд учир шаардлагатай бол Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаанаас тодруулга авсан нь зүйтэй.

-Нутгийн малчидтай холбогдоход худгууд ширгэж, гол ус татарч, ургадаг байсан ургамлууд ургахаа байж буй тухай ярьж байна. Усны мэргэжилтнүүдийн зүгээс гүний усны хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс доошлоогүй гэж тайлбарладаг. Нутгийнханд байгалийн ийм өөрчлөлт мэдрэгдэж байгааг хэрхэн тайлбарлах боломжтой вэ?

-Малчдын гар худгууд нь гол төлөв хуурай сайр дагасан хөрсний бага гүний уст үед байрладаг бөгөөд энэ нь хур тунадаснаас шууд тэжээмжтэй уст үе юм. Харин Оюу толгой компанийн үйл ажиллагаандаа ашиглаж буй Гүний хоолойн газар доорх усны орд нь малчдын ундны усны эх үүсвэртэй гидравлик холбоогүй, ус үл нэвтрүүлэх шавран үе давхаргаар тусгаарлагдсан 150-400м гүнд оршдог. Мөн бид нутгийн малчид иргэдтэй хамтран “Хамтын оролцоотой хяналт шинжилгээ” хөтөлбөрийг 2011 оноос эхлэн явуулж байна. Одоогийн байдлаар нийт 86 малчдын гар худагт хяналт шинжилгээ хийж байгаа бөгөөд үр дүнг хамтарсан Гурван талт зөвлөлд тогтмол танилцуулж хэлэлцдэг ба талууд Гүний хоолой ашиглалттай холбоотой нөлөөлөл байхгүй гэсэн үр дүнтэй санал нийлдэг.

Доорх Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулгаас харвал малын тоо толгой бүс нутгийн хэмжээнд 58% буюу 2011 онтой харьцуулахад хоёр дахин өссөн гэсэн тоо баримт байна. Мөн түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхий нийтэд явагдаж байгаа тухай олон судалгаанууд байдаг.

-Гүний усны хайгуулыг 2003-2004, 2007, 2015 онуудад гурван удаа хийж баталсан. Эдгээр хайгуулыг тус бүр ямар байгууллагаас, ямар эрдэмтнээр ахлуулсан баг хийсэн байдаг вэ. Ялангуяа хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахаас өмнөх хайгуулын ажлыг хөрөнгө оруулагч талаас баг хөлсөлж хийлгэсэн гэдэг мэдээлэл бий?

-2003-2004 оны эрэл хайгуулын ажлыг “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн гидрогеологич Г.Өлзийбаяр, Н.Мөнхбаатар, Д.Чулуунбаатар, Д.Шонхор, Б.Дорждэрэм, Д.Болдхуяг, С.Отгонбаатар, геофизикч С.Санждорж нар гардан хийсэн бөгөөд энэ ажилд төслийн зөвлөхөөр Австралийн “Aquaterra“ компанийн мэргэжилтэн Ж.Жолли, Б.Боез, С.Коллетт, Д.Холмес, М.Хартли, Бретт Харрис нар оролцсон. Эрлийн цооногуудын өрөмдлөгийн ажлыг Австралийн “Major Pontil”, хайгуулын цооногуудын өрөмдлөгийн ажлыг “Major Pontil”, ОХУ-ын “Зарубежводстрой”, гидрогеологийн туршилт шавхалтын ажлыг Тайландын “Aztec”, зарим цооногийн каротажийн судалгааг Австралийн “Reeves” компаниуд гүйцэтгэсэн.

Гүний хоолойн газар доорх усны ордын хайгуулын ажлыг 2007 онд Австралийн “Аquaterra” компанийн мэргэжилтэн Ж.Жолли, Г,Смит, М.Хартли, Ж.Веавер, А.Брад, Фейни нарийн удирдлагаар “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн Г.Өлзийбаяр, Н.Мөнхбаатар, Д.Чулуунбаатар, геологич А.Бат-Эрдэнэ, Д.Наранхүү, нар гардан хийсэн. Хайгуулын өрөмдлөгийн ажлыг Австралийн “Маjor Pontil” компани, гидрогеологийн туршилт шавхалтын ажлыг Тайландын “Аztec” компани, цооногийн геофизикийн судалгааг Австралийн “Waste Log” компанийн оролцоотойгоор Г.Өлзийбаяр, А.Бат-Эрдэнэ, Д.Наранхүү, нар хийсэн, Өрөмдлөгийн цооногуудыг улсын сүлжээтэй холбох ажлыг Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-ийн ажилтан Ц.Наранчулуун, Б.Содбаатар нар хийсэн.

2015 онд Гүний хоолойн газар доорх усны ордын ашиглалтын хайгуул ба зэргэлдээх талбайн нэмэлт хайгуулын тайланг хийж гүйцэтгэсэн. 2009 онд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, төслийн барилгын ажлын явц эрчимжиж, 2011 онд Гүний хоолойн ордын нөөц тогтоосон талбайд ашиглалтын худгууд байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ ажлын хүрээнд 18 ашиглалтын цооног өрөмдөж, шавхалт түршилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Хайгуулын ажлын тайлангийн бүрдэл хэсгүүд болох “Гидрогеологийн судалгааны арга зүй, аргачлал ба үр дүн” бүлгийг ахлах гидрогеологич Д.Сосорбарам, III бүлгийг ашиглалт хариуцсан ахлах ажилтан, гидрогеологич С.Отгонбаатар, тайлангийн хавсралт Геологийн зураг, Газрын доорх усны ашиглалтын нөөц баялгийн тооцооны бүдүүвч зургуудыг Газарзүйн мэдээллийн системийн зохицуулагч Н.Пүрэвсүрэн, зургийн орчуулга, сайжруулах боловсруулалтыг усны барилга байгууламжийн инженер, магистр О.Жаргалбат, А.Болор нар хийсэн. Тайлан боловсруулалтын багийн ажлыг бүхэлд нь техникийн ухааны доктор, МУЗИ гидрогеологич инженер А.Түвдэндорж, “Монгол ус” ТӨҮГ-ын ахлах гидрогеологич инженер Д.Сосорбарам нар удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн.

Эдгээр усны эрэл хайгуулын ажлуудыг тухайн үеийн УХЭГ-ын мэргэжилтнүүд, эрдэмтэн докторуудын санал зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэн үр дүнг БОАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөл 2015. 07.06-ны өдрийн хуралдаанаар “Гүний хоолойн газрын доорх усны ордын нийт нөөцийг 918 л/с буюу 79315 м3/хоног ашиглалтын нөөцийг хүлээн авах тухай шийдвэр гаргаж 2015.11.02-ны өдрийн 2015/03 тоот тушаалаар уг нөөцийг баталгаажуулсан.


ДӨРӨВ: “Оюу толгой” ХХК ус ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлдөг вэ

Оюу толгойн усны мэргэжилтнүүд дээрх тайлбар, мэдээллийг өгч байна. Тэгвэл дараагийн анхаарал татах сэдэв, тэд ус ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлдөг вэ.

Манай орны усны нөөц 29 сав газарт хуваагддагийн нэг нь Галба-Өөш Долоодын сав газар. Харин Засгийн газрын 2011 оны 302-р тогтоолоор сав газруудын усны эдийн засгийн үнэлгээг тус бүрд нь хийж, баталсан байдаг аж. Үүгээр уул уурхайн зориулалтаар ашиглах нэг шоо метр усны үнэ уг сав газарт 959.04 төгрөг байдаг юм байна. Хамгийн өндөр үнэтэй нь Туул голын сав газрын ус бөгөөд нэг шоо метр нь 1510.4 төгрөг байдаг.

Энэ дагуу “Оюу толгой” ХХК Галба-Өөш Долоодын сав газрын усыг уул, уурхайн зориулалтаар ашигласан төлбөртөө 2011 оноос хойш нийт 113.88 тэрбум төгрөгийг төлжээ. Өнгөрөгч 2020 оны хувьд 13.8 тэрбум төгрөг төлсөн байна.

Харин ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гэж Усны газар онцолжээ. Өөрөөр хэлбэл Ус бохирдуулсны тухай хууль Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2012 онд батлагдсан. Энэ шалтгаанаар Оюу толгой зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээгээ мөрдөх замаар, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй хэмээсэн байна.


ТАВ: Усны тухай хуулийн 2009 оны нэмэлт өөрчлөлт ба Засгийн газрын 175-р тогтоол

Оюу толгойг усны сэдэв дээр хамгийн сонирхолтой хэсэг нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахаас өмнө өрнөсөн гэж харагдаж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сард зурагдсан. Харин үүнээс хоёр сарын өмнө Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөд үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн нь ихээхэн анхаарал татна.

Тодруулбал 2009 оны наймдугаар сарын нэмэлт өөрчлөлтөөр стратегийн усны орд ашиглах тусгай зөвшөөрлийг 30 жилээр олгох, шаардлагатай бол 20 жилээр сунгах боломжтой болсон. Мөн тухайн усны ордыг өөрийн хөрөнгөөр илрүүлсэн бол тэр л ААН ашиглах эрхээ эзэмших, зөвшөөрлийг өөр ААН-үүдэд давхардуулан олгохгүй байхаар хуульчилсан.

Яг энэ дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан нь 6.13-аас 6.18-р заалтуудад тусаж орж ирсэн байдаг. Эдгээр заалтууд эцсийн дүндээ байгалийн баялгийг Монголын ард түмний баялаг биш, гаднын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа явуулах хэрэгсэл мэтээр давуу эрх олгосон агуулгатай харагддаг.

Зургийн тайлбар: 2009 онд Усны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт. Энэ хууль одоо хүчингүй болсон.

Нөгөө талд гэрээ байгуулагдахаас өмнө 2003-2004, 2007 онуудад “Айвэнхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн зүгээс урьдчилан гүний усны хайгуулыг хийгээд бэлдчихсэн байж. Иймд 2009 оны Усны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө Оюу толгойн гүний усыг зүгээр л гаднын хөрөнгө оруулагчдад бэлдээд өгчихсөн дүр зураг харагдаж байна.

Зургийн тайлбар: Засгийн газрын 175-р тогтоол.

Мөн Засгийн газрын 2011 оны 175-р тогтоол анхаарал татдаг. Үүгээр Өмнөговь аймгийн 263 мянга 710 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ том бүс нутагт тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа эрхэлж байсан бүх ААН-үүдийг болиулж, Засгийн газраас нөхөн төлбөр өгүүлээд бүгдийг нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан.

Үүнд тухайн бүс нутагт хамаарах гүний ус ч давхар хамаарч буйг УИХ-ын гишүүн Аюурсайхан чуулганы хуралдааны үеэр онцолж байсан.

Сонирхолтой нь Усны тухай хуулийг 2012 онд хүчингүй болгож, дахин шинэчилж найруулаад баталсан байдаг. Үүнд бол усны нөөцийг хадгалж, хамгаалах чиглэлд маш олон шинэ заалт туссан. Гэвч Оюу толгой төслийн үйл ажиллагаа 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан зүйл заалтын дагуу буюу хуучин усны тухай хуулиар явж байгаа юм.


ТӨГСГӨЛ: Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулбал зохих агуулгууд

Дээрх бүх мэдээллүүдийг базаж, БОАЖЯ-ны харьяа агентлаг Усны газрын дүгнэсэнтэй уяж үзээд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ус ашиглалтын агуулгаар дараах өөрчлөлтүүдийг хийвэл зохино гэж дүгнэж болох юм.

Нэг: Ус бохирдуулсны төлбөр төлүүлэх

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдан гарч Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л иргэн, ААН мөрдөж байгаа.  Гэтэл Оюу толгой ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш батлагдсан хууль гэдэг тайлбараар уг төлбөрийг төлөхгүй хэвээр байна. (ХөОГ 2.4)

Уг нь хөрөнгө оруулалтын гэрээний 6.14-т “… хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод гадаадын бусад ус ашиглагчтай адил байх” гэсэн заалт байдаг.  Иймд Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг мөрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёр: Ус ашиглах зөвшөөрлийн хугацааг бусад ус ашиглагчидтай ижил нөхцөлөөр эзэмшүүлэх

2009 онд Усны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээний 6.17-д  “…Оюу толгойн орд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан тул Хөрөнгө оруулагчтай ус ашиглах гэрээг Усны тухай хуулийн дагуу 30 /гуч/ жилээр байгуулж, уг гэрээг 20/хорь/жилийн хугацаатайгаар тухай бүр сунгаж болно” гэж туссан.

Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуулийн 28.8 дахь хэсэгт  “Иргэн аж ахуйн нэгж байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож 5 хүртэл жилээр сунгана” гэж заасан тул бусад ус ашиглагчтай адилхан нөхцөл олгох нь зүйтэй.

Гурав: 6.13 дахь заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх

Үндсэн хуулийн 6.1-д “…Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна…”, 2–д ”…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн…”, Усны тухай хуулийн 4.1, 4.2-д Монгол Улсын  нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн, Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл усыг ард түмний мэдэлд байх төрийн өмч гэж тодорхой зааж өгсөн. Түүнээс гадна усыг төрийн зохицуулалттайгаар, нийтээр ашиглана гэснийг анхаарах хэрэгтэй.

Харин Хөрөнгө оруулалтын гэрээний,

  • 6.13.-т “…усны нөөцийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр олж илрүүлбэл түүнийг /ус ашиглах зөвшөөрөл, бүхий усны нөөцийг оролцуулан/ ашиглах эрхийг Хөрөнгө оруулагчид олгох”,
  • 6.13.1-д “…Хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны нөөцийн баталгаажсан хэмжээ зөвхөн Оюу толгой төслийн усны хэрэглээг хангахуйц байгааг харгалзан уг усны нөөцийг ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байх” гэхчлэн заасан нь дээрх агуулгуудтай зөрчилдөж байна гэж үзлээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: 2009 онд Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түүндээ үндэслэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь Монголын ард түмний баялаг болох усыг хэт үнэгүйдүүлсэн агуулгатай болжээ. 2009 онд өөрчилсөн Усны тухай хууль 2011 онд хүчингүй болчихсон байдаг. Өнөөдөр өөр Усны тухай хууль хэрэгжиж байгаа ч Оюу толгойн үйл ажиллагаа 2009 оны гэрээнд буюу хүчингүй болсон хуульд дулдуйдан явагдсаар байна. Энэ л гол нюанс юм.

Бусдаар уг мега төсөл гэрээний зүйл заалтаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэлээд гялтгар ажиллаж ирсэн гэдгийг харуулах, түүнчлэн гүний усны нөөц эрсдэлд орсон эсэх дээр тодорхой дүгнэлт өгч чадах нийтлэл болсон гэж найдаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Ta nar bodood uzdee, usgui boloh gazar yanar teneg ni business hiih ve? Uneheer usguu bolchihvol uildverlel yagaad ch yavahgui shuu dee. Hoert hemjilt bolon shinjleh uhaan gedeg oilgoltuud haachvaa? Yagaad jil bur uur bdg uil yavdliig jisheend avch buruutgaad bgaa ve?

  2. Тийм том нөөцийг ашиглахдаа усны асуудлаа огт бодохгүй хөрөнгө оруулдаг бизнес гэж хаанаас байхав дээ…
    Харин хууль журам боловсруулж мөрдүүлэх нь хэний эрх, үүрэг вэ? Тэрийгээ үе үеийн төр засаг нь яаж хийсэн тухай л илүү судлаж асуудлаа гаргамаар байгаа юм. Гадаадын хөрөнгө оруул####ттай уурхайн компани төрийн ажлыг өмнөөс нь хийнэ гэж юу байх вэ!

  3. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд гарсан хэдий ч холбогдох журам нь дөнгөж 2020 онд батлагдаж одоо мөрдүүлэх гээд зарим зүйл за####т нь тодорхой биш ингээд л явж байна. Ганц уурхай руу дайрахаас гадна улсын холбогдох дүрэм журам боловсруулан, хурдтай ажиллахад анхаарах нь зүйтэй.

  4. Маш том асуудлыг ул суурьтай хөнджээ. Гэхдээ нэг юм бичээд зогсож болохгүй. Гадныхан гоё юм яриад хэдэн янзын тайлбар өгч болох ч монголчуудын нийтлэг эрх ашгийн асууд#### шүү

  5. Ус чандмань эрдэнэ гэдэг . Алтнаас илүү үнэд хүрэх цаг ирж байна. Алтгүй бол амьдарч болно усгүй бол амьд явахгүй…………

  6. Оюутолгой газрын гүний цэнгэг усыг ашигладаг 1 секүндэнд 600 мянган тонн ус цус####даг Оюутолгой ашигл####танд орсноос хойш хэзээч саар#### ус ашиглаж байгаагүй юм

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button