
Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.
Бид энэ удаа “Адмон” группийн үүсгэн байгуулагч ноён Роозонгийн Энхбатыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.
НОМ УНШИХГҮЙ, ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЯВСАН БОЛ БИ ХӨГИЙН АМЬТАН БАЙХ БАЙСАН

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?
-Ном хүний амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Тиймдээ ч хоёр, гуравхан номыг яриад өнгөрөх боломжгүй. Хүний нас, сэтгэл, нийгмийн байдлаас шалтгаалаад хүний унших ном өөрчлөгдөж байдаг. Ном бидэнд бусдын амьдрал, мэдлэг, туршлага, эргэцүүллийг өөрийнхтэйгөө харьцуулж, өөрийгөө хаана явааг ойлгох боломжийг олгодог. Олон хүний үзэл бодол, санаа сэтгэлээ шингээн бичсэн номыг уншина гэдэг таатай зүйл. Таатай ажил. Ялангуяа уран зохиолын ном хүнд ихийг бодогдуулдаг.
Ном уншиж байгаа хүмүүсийг ном шүтдэг, хэрэглэдэг гэж хоёр хэсэгт хуваах ёстой юм шиг санагддаг. Манайд дийлэнх нь ном шүтдэг хүмүүс бий. Шүтэж байгаа юмаа хүн нэг их хэрэглээд байдаггүй шүү дээ. Харин хэрэглэдэг хүн бол номыг бишрээд, хүндэтгээд байхгүй хэрнээ хоол унд шиг ууж, иднэ. Өөртөө шингээнэ.
Миний оюун санааг хооллосон ном дуусашгүй. Ер нь тэгээд ч хүмүүс ямар сэдэв өнөөдөр чухал байна. Түүнтэй холбоотой номыг ихэвчлэн уншдаг. Би лав тэгдэг. Жишээлбэл, “Гэдэс” номыг хүмүүс анх тоож уншдаггүй байсан. Харин одоо хүмүүс энэ номыг сонирхож, авч уншиж байна. Мөн тахлын үед амьдарч байгаатай холбоотой л байх. Хүмүүс “Тахал”-ыг авч уншиж байна. Өнөөдрийнхөө амьдралыг номоос харъя гэж бодоод л сөхөж харж буй байх. Хүмүүс энэ мэт цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг мэдрээд түүнд зориулсан ном уншиж эхэлж буйд би лав хувьдаа их баярлаж байгаа.
Харин номынхоо энэ тэндээс ганц нэг мөр уншчихаад түүнийгээ хүнд ярьж өгөөд, миний ширээний ном гэж яриад л түүнийгээ дандаа харж байдаг хүмүүсийг ер ойлгодоггүй. Ном хэрэглэгдээд, хэрэггүй болж болдог шүү дээ. Ялангуяа бага насны хүүхдүүд нэг номыг уншиж байгаад шинэ ном руу зүтгэдэг. Энэ чинь хэрэгцээ байхгүй юу. Тийм учраас нэг, хоёр ном ярина гэхээр их хэцүү. Хамгийн сүүлд л гэхэд би Достоевскийн “Карамазовын хөвгүүд”-ийг уншиж байна. Жинхэнэ кайфтай ном. Надад хэмжээлшгүй ихийг өгч буй. Өөрт таалагдсан хэсгээ зурж байгаад л уншдаг. Дараа нь эргүүлж хараад боддог, хүнтэй ярьдаг. Ер нь ном уншаад дараа нь бусадтай бодол санаагаа хуваалцах маш чухал. Тэгэх тусам бид өөрийгөө илүү ойлгоно.
Мөн Сайбара Риэкогийн “Өөрийгөө олсон амьдрал” нэртэй намтарчилсан номыг бас дурдмаар байна. Энэ жижигхэн хөөрхөн номонд ямар их үнэ цэн оршин буй гээч...
Түүнчлэн Юваль Ной Хараригийн “Хүн төрөлхтний товч түүх”, “Маргаашийн товч түүх” номууд галзуу. Эдгээрийг уншихгүй байна гэдэг харамсмаар... Хэрэв уншвал хэрсүүжнэ. Илүү их утга учиртай амьдарна.
Харин Лев Толстойн “Иван Ильичийн үхэл” номыг уншихаар хүйтэн хөлс дааварлаж буй юм шиг л мэдрэмж төрдөг.
Мөн Монголын эдийн засгийн өнгөрсөн ба өнөөдрийг ойлгоё гэж бодож буй хүмүүсийг Наоми клайны “Шок номлол” гээд номыг уншаасай гэж бодож байна.
-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?
-Би ном уншихгүй, зөвхөн өөрийнхөөрөө явсан бол хөгийн амьтан байх байсан. Харин номноос бусдын үзэл бодол, юмыг харж байгаа өнцгийг нь хамт мэдэрч өөрийнхөө байх хэмжээнээс жаахан ч болов шат ахисан байх. Гэхдээ бас л болоогүй байна аа...

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?
-Достоевскийн “Карамазовын хөвгүүд” номоос эшлэе.
“Гол нь өөрөө, өөртөө бүү худал хэл. Өөрийгөө хуурч, өөрийнхөө худал хуурмагийг дагадаг хүн өөрөөсөө ч, эргэн тойрноосоо ч үнэнийг олохгүй. Худал үнэнийг ялган салгаж чадахгүй. Тиймээс өөрийгөө, бусдыг ч хүндлэхгүй байдалд хүрдэг. Хэнийг ч хүндлэхгүй аваас хайрлахаа болино. Хайр энэрэлгүй юм чинь өөрийгөө аргацааж, баясгахын тулд хүсэл тачаал элдэв хүнлэг бус зэрлэг бүдүүлэг бүхэнд автаж, садар самуун явдлаараа адгуус амьтанаас долоон дор болоход хүрэх бөгөөд энэ бүхэн хүмүүст болон өөртөө байнга худал хэлдэгийн үр дүн юмаа. Өөртөө худал хэлдэг хүн хамгийн түрүүнд гомддог. Заримдаа гомдох нь нэн таатай байдаг. Тийм биз”.
Энэ ёстой голоор нь хэлсэн байгаа юм шүү. Ийм үг чинь дандаа санагдана. Урд гарч ирнэ, бодогдоно.
-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?
-Япон хэлний орчуулагч О.Жаргалсайхан гэж эмэгтэй бий. Олон жил ном орчууллаа. Олон ч ном уншсан л байх. Ер нь номын найруулга л хүнд их хүрдэг. О.Жаргалсайханы орчуулгууд найруулга сайтай. Тиймдээ ч энэ хүн номын тухай их сонирхолтой зүйл ярина байх.
-ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД-

- Багш дор, ном дор мөргөхөө боливол соён гэгээрэл тодорхой хэмжээнд хүрнэ
- Сайхан ном уншихаар дотор уужрах шиг болдог
- Уран зохиолын ном цаг үе харгалзахгүйгээр хүний амьдралын мөн чанарыг янз бүрээр хэлж өгдөг
- Улс төрчид ном унших хэрэгтэй
- Надад Достоевский, Д.Нацагдорж хоёр адилхан санагддаг. Эх орон ч сэтгэл нь булигласан халуун хүмүүс...
- Номонд дурлагсдын холбоо гэж байна. Номд дурлаад байхдаа яахав дээ. Тэр чинь ямар хүүхэн юм уу, хоол юм уу
- Номыг шүтэж байгаа хүн хэрэглэдэггүй, зүгээр л гайхуулдаг
- Надад гэхээс илүү монголчууд бидэнд хамгийн чухал ном аль вэ гэдгийг бодож, гаргадаг
- Зөвхөн өөрийнхөө амьдралаар ном уншихгүй явна гэвэл уйтгартай. Ийм хүмүүс илүү их зовдог байх
- Хүүхдүүд багаасаа өөрийн мэдэлгүй ном нэхэж, үздэг. Тэд хэнд ч гайхуулах гэдэггүй
ӨМНӨХ КОНТЕНТ: Д.Энхбат

Энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Setguulch egchd bayrlalaa ???? goy hun urisan bn shuu en hun
Сонирхолтой дотортой хүн шүү, нээрээ нийгмээ дагаж уншиж байгаа байх
Кармазовын хөвүүд номыг орос ба монгол дээр нь уншсан 2 ч удаа. 3 хөвүүн ба эцгийн, мөн тэнд гардаг эмэгтэйчүүдийн ад�##� явд�##�, үйл хөдлөл, амьдр�##�, сэтгэл зүйн өвөрмөц иэрхийллүүд хийгээд бас бус хэсгүүд нь эргэцүүлэн бодмор л зүйлүүд байдаг. харин эцгийгээ �##�аагүй байж хэрэг хүлээгээд явдаг нэг хүү нь тэнэг чюм шиг.... тэрээр яг юу өгүүлж буйг нь ....
Нэг номыг нь авч уншмаар санагдлаа
Сайн байцгаана уу? Хоёр Энхбатын зураг гарч Р - нь ярьсан байна. Дангаасүрэн Энхбат нь басч гэж ярина. З�##�ууст хэрэгтэй зүйл хэлдэгт багачуул сонирхдог бололтой. Тийм ч буруу зүйл биш. Гэхдээ Д.Э-т зөвлөж хэлэхэд ганы хэв загварыг хэт шүтээд бусад тийшээ харах өнцөг нүдгүй болж байна. Нүүдлийн соёл, дэлхийг түвшитгөсөн ухааныг одоо ч суд�##�саар байхад чи гадуурхаж байна. Энэ чинь чамайг Соросын найз болгоод байгаа юм. Бодоорой.
КАРМАЗОВЫН ХӨВГҮҮД НОМ ХОЁРЧ ХҮНИЙ ОРЧУУЛГА БАЙГАА АЛЬ НЬ САЙН УНШИГДАХ БОЛ .
Гомбосүрэнгийн орчуулга арай дээрээ