ДЭЛХИЙНИЙГЭМ

Москвад коронавирусийн улмаас хүүхдийн эндэгдэл нэмэгджээ

Москвад хүүхдүүдийн дунд коронавирусийн халдварын улмаас нас баралт нэмэгджээ. Энэ талаар баасан гараг /2021.10.29/-т Москва хотын захирагч Сергей Собянин мэдэгдлээ.

“Архаг өвчтэй хүүхдүүд коронавирусийн халдвар авч байгаа нь маш хүнд байна. Хүүхдүүдийн дундах нас баралтын түвшин нэмэгдсэнийг бид харж байна” гэж Собянин “Россия 1” телевизийн эфирээр мэдэгдэв.

Москвагийн Улсын Их Сургууль /МГУ/-ийн Биологийн факультетийн Вирус судлалын тэнхимийн профессор Алексей Аграновский баасан гарагт хэлэхдээ хүүхэд, өсвөр үеийнхнийг “COVID-19”-ийн халдвараас зөвхөн насанд хүрэгчдийн вакцинаар хамгаалах боломжтой гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, хүүхдүүдийн эргэн тойронд байгаа насанд хүрэгчид нь вакцины бүрэн тундаа хамрагдах нь халдварын тархалтыг удаашруулна гэв.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн хэлснээр, ОХУ-ын 13 бүс нутагт “COVID-19”-ийн халдварын тархвар судлалын нөхцөл байдал хүндэрсэн гэлээ. Тэдний дунд Владимирская, Ивановская, Курган, Омск, Томск, Тула мужууд, мөн Кабардино-Балкария, Алтай, Буриад, Дагестан, Марий Эл, Хойд Осет, Приморийн хязгаар зэрэг бүс нутгууд багтжээ.

Аравдугаар сарын 28-нд Москва хотын орлогч дарга Анастасия Ракова нийслэлд өдөр бүр мянга орчим хүүхэд коронавирусийн халдвар авч байгааг онцлов. Түүний хэлснээр, цар тахлын нийт хугацаанд 200 МЯНГА ОРЧИМ ХҮҮХЭД өвчилжээ. Нэмж дурьдахад, Ракова хэлэхдээ “COVID-19”-ийн “Дельта” хувилбарыг хүүхдүүд өмнөхөөсөө илүү их тээвэрлэж байгааг ч онцлон тэмдэглэв. Үүнээс гадна, хүүхдүүдэд халдварласан өвчний үр дүнд эмчлэхэд хэцүү Кавасакигийн өвчинтэй төстэй үрэвсэлт хам шинж ихэвчлэн бүртгэгдэж байгаа аж.

Мөн өдөр Москвад өсвөр насныхны дунд коронавирусийн эсрэг  вакцины туршилтын хоёр дахь шатны сайн дурынхны урьдчилсан сонгон шалгаруулалт эхэлсэн. Судалгааны эхний шатанд насанд хүрээгүй 99 хүүхэд хамрагдсан ба 12-17 насны хөвгүүд 56, охид 43 байгаа аж.

ОХУ-д нэгдүгээр сараас их хэмжээний вакцинжуулалт эхэлсэн.  Иргэдийг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй вакцинд хамруулж байгаа юм. Одоогийн байдлаар ОХУ-д коронавирусийн эсрэг таван ч  вакцин бүртгэгдсэн: “Спутник V” /Sputnik V/ нь ОХУ-д төдийгүй Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн эсрэг анхны вакцин болсон бөгөөд үүний дараа “Спутник Лайт” /Sputnik Light/, “ЭпиВакКорона” /EpiVacCorona/, ЭпиВакКорона-Н” /EpiVacCorona-N/, “КовиВак” /KoviVak/ гэсэн вакцинууд гарсан.

Ихэвчлэн өндөр настан болон хүүхдүүд коронавирусийн халдвараар нас барж байгааг тэдний дархлаа сул байгаатай холбоотой гэж дүгнэж байгаа ажээ.

(Эх сурвалж: iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button