ОХУ-ын “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт”-д ажилладаг Цөмийн физикч З.Батсүрэнтэй ярилцлаа

ОХУ-ын Дубна хотын “Цөмийн шинжилгээний нэгдсэн институт” олон улсын байгууллагад ажиллаж буй Цөмийн физикч З.Батсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-д үндсэн мэргэжлээ эзэмшиж, Румын улсад цөмийн эрчим хүчний инженерээр магистрын зэргээ хамгаалснаас хойш салбартаа тасралтгүй ажиллаж яваа нэгэн. Хүүхэд байхаасаа л томчуудаас асуусан асуултынхаа хариултыг авч чаддаггүй байсан хүү өөрөө олж мэдэх их хүсэлдээ автсан нь шинжлэх ухааны салбарт дурлах замыг нь нээж өгчээ.
МЭДЭХИЙГ ХҮССЭН ОЛОН АСУУЛТАД ЦӨМИЙН ФИЗИКИЙН САЛБАР ХАРИУЛТ ӨГЧ ЧАДАХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОЖ СОНГОСОН
-Цөмийн физикч мэргэжлээр аль сургуулийг төгссөн бэ. Монголд мэргэжлээрээ хаана ажиллаж байв?
-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын Их Сургуулийг цөмийн технологич мэргэжлээр төгссөн. Румын улсын Бухарестийн Политехникийн Их Сургуулийн Цөмийн эрчим хүчний инженерээр магистр хамгаалсан. Магистраа хамгаалж Монголдоо буцаж ирээд Геологийн төв лабораторид цөмийн физикийн шинжилгээний инженерээр ажиллаж байгаад Дубнад ирээд байна. Монголд ажилллаж байхдаа голчлон эрдэс чулуулгын химийн найрлагыг шинжилж судалдаг байсан бол ЦШНИ-д ирээд шинэ цөм үүсгэж бүртгэх тал дээр ажиллаж байна.
-Таны мэргэжил Монголд их ховор мэргэжил үү? Яагаад цөмийн эрчим хүчний салбарт дурлаж сонгох болов?
-Дэлхий дахинаа Цөмийн физикийн салбар хөгжөөд олон жил болж байна. Манайд ч мөн тодорхой шатанд хөгжиж, урагшилж л байна. Энэ салбараас төрсөн олон эрдэмтэд бий. Залуу цөмийн физикчид ч мөн цөөнгүй. Тэгэхээр ховор мэргэжил гэхээс илүүтэй төдийлөн ил гараад байдаггүй салбар гэвэл онох юм уу. Цөмийн шинжилгээний нэгдсэн институтад олон улс орноос эрдэмтэн инженерүүд ажилладаг. Энэ дунд Монгол Улс уг байгууллагыг 1956 онд хамтран үүсгэн байгуулалцсан 12 улсын нэг гээд харахаар бид энэ салбарын түүхийг 60 жилээр ярих хэмжээний болжээ гэсэн үг. Харин энэ салбарт дурлах болсон шалтгаан олон. Ер нь багаасаа их сониуч хүүхэд байсан. Энэ нь ч байгалийн шинжлэх ухааныг түлхүү сонирхоход хүргэсэн байж болох юм. Хүүхэд байхад зарим асуултынхаа хариултыг томчуудаас авч чаддаггүй байв. Тиймээс өөрөө олж мэдэх, өөрөө судлах, унших хэрэгтэй болсон. Эндээс л шинжлэх ухааны салбар, байгалийн шинжлэх ухааны салбарыг сонирхож эхэлсэн. Мэдээж шууд л би энэ салбарын хүн болчихъё гэж бодоогүй. Аав минь энэ салбарын хүн учир миний сонголтод их нөлөөлсөн. Багаас л гэрт цөмийн физиктэй холбоотой ном товхимол дүүрэн байв. Тэндээс уншиж ойлгосноор миний мэдэхийг хүссэн олон асуултад цөмийн физикийн салбар хариулт өгч чадах юм байна гэж бодож, энэ салбарыг сонгож суралцан өнөөдөр ажиллаж байна.

- Та ярилцлагынхаа эхэнд ЦШНИ-д шинэ цөм үүсгэж бүртгэх тал дээр ажиллаж байна гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу? Мөн шинэ цөм үүсгэхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Миний хувьд ЦШНИ-ийн Флеровийн нэрэмжит Цөмийн Урвалын Лабораторийн ГаЛС группт харъялагдан ажилладаг. Хийж буй ажлаа тайлбарлахын тулд зарим нэг ойлголтын талаар эхлээд тайлбарлаж өгье. Шинэ цөм үүсгэхдээ цөмд нейтрон шингээх байдлаар үгүй бол хоёр цөм хооронд нь мөргөлдүүлж шинэ цөм үүсгэж болдог. Тухайн цөм хэрхэн яаж үүссэн, мөн түүний физик хими шинж чанарыг судалснаар шинжлэх ухааны ойлголт мэдлэгийг тэлж орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн талаарх ойлголт төсөөллийг нэмэхэд оршино.
Мөн дараах хэдэн асуултуудад хариулт өгч чадна.
Хамгийн хүнддээ ямар элемент бүрдэж үүсч болох вэ, эдгээр элементүүдийг үүсгэхэд ямар механизм явагдаж байна вэ. Тэдгээрийн хими физик шинж чанарууд ямар байх вэ. Мөн Менделеев Д.И. нь элементүүдийг химийн найрлага шинж чанараар нь үечилсэн бөгөөд тухайн үед эрдэмтдэд нээгдээгүй байсан олон элементүүдийг энэ үечлэлийн ачаар таамаглаж олж чадсан. Тэгвэл хэт хүнд элементүүд үелэх системийн үелчлэлээр ангилагдах уу эсвэл өөр үечлэлтэй байх уу гэх зэрэг асуултуудад хариулт авах буюу шинжлэх ухааны ойлголт мэдлэгийг тэлж орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн талаарх ойлголт төсөөллийг нэмэхэд оршино.
Харин манай багийн хувьд ренийгээс цагаан алт хүртэлх изотопуудыг үүсгэж бүртгэн тэдгээрийн шинж чанарыг бид энэ салбартаа тэргүүлэгч улс орнуудаас түрүүлж нээхээр хичээн ажиллаж байна. Миний ажилладаг Цөмийн урвалын лабораторийн хувьд шинэ элемент изотоп нээж бүртгэх тал дээр түлхүү ажилладаг гэсэн үг. Нийтдээ 9 элемент нээж бүртгэснээс сүүлийн 6 элемент болох 113-118 дахь элементүүдийг ЦШНИ-ийн ЛЯР үүсгэж бүртгэхэд оролцоод байна. Тус баг бүрэлдэхүүнийг Оганесян Ю.Ц. ахлан ажилласан бөгөөд түүний энэ салбарт оруулсан үр нөлөөг нь үнэлж 118 дахь элементийг Оганесяны нэрээр нэрлэсэн (Oganesson). Энэ тун сонирхолтой. Учир нь амьд ахуйд нь нэрээр нь химийн элемент нэрлэгдсэн хоёр дахь хүн болж буй юм. Өнөөдрийн байдлаар ЦШНИ 119 дахь элементийг нээхээр Япон Герман, АНУ-тай өрсөлдөж байна.


1956 ОНД ЦШНИ-Г ШИЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИЖ, ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 12 УЛСЫН ХАМТААР ҮҮСГЭН БАЙГУУЛЖ БАЙСАН
-Энэ судалгаан дээр та ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа вэ?
- Манай группийн хувьд эрдэм шинжилгээний ажилтан, инженер, лаборант гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
- Та өөрийн ажиллаж буй байгууллагын түүхээс хуваалцвал? Ямар учиртай, ямар түүхтэй байгууллага вэ. Томоохон судалгааны ажлуудаас дурьдвал?
- ЦШНИ шинжлэх ухааны салбарт хэдийнэ өөрийн байр суурийг бэхжүүлсэн байгууллага. 1956 онд ЦШНИ-г шинжлэх ухааны салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Монгол улс болон бусад 11 улсын хамтаар үүсгэн байгуулж байсан. Өнөөдөр ЦШНИ нь 18 гишүүн улс болон тодорхой шатанд хамтран ажилладаг зургаан улс бий. Мөн 82 улсын 800 гаруй судалгаа шинжилгээний төв болон их сургуулиудтай хамтын ажиллагаатай. Эндээс энэ байгууллагын салбартаа үзүүлэх нөлөө, байр суурийг олж харж болно. Онолын физик, эгэл бөөмийн физик, цөмийн физик зэрэг физикийн олон салбарт судалгаа хийхээс гадна математик загварчлал, сүлжээ, мэдээлэл технологийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг. ЦШНИ нь лаборатори болгон тус тусдаа мега төслүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Өнөөдрийн байдлаар ЦШНИ-д 5000 гаруй ажилтан, үүн дотор 1200 эрдэм шинжилгээний ажилтан, 260 гаруй Шинжлэх ухааны доктор, 560 гаруй PhD, 2000 гаруй инженер техникийн ажилтан ажиллаж байна. ЦШНИ-гийн 64 жилийн түүхэнд Монгол Улсын, Монгол эрдэмтэн инженерүүдийн оролцоо ч мөн бий гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Монгол улсын хувьд цөмийн физик онолын физикийн олон эрдэмтэн судлаачид энэ байгууллагад мэргэшиж бэлтгэгдэж байсан бөгөөд хамгийн анхны бүрэн эрхт төлөөлөгчөөр Академич Н.Содном гуай ажиллаж ЦШНИ-ийн дэд даргын албан тушаалыг хашиж байсан. Н.Содном гуай Монголд цөмийн физикийн салбарыг үүсгэж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, ЦШНИ рүү олон залуу эрдэмтэн, судлаач ирж ажиллах зам мөрийн суурийг тавьж өгсөн.
- Та ажлынхаа талбарыг зураглахгүй юу? Аюултай орчин нөхцөлд ажилладаг уу. Ямар багаж, тоног төхөөрөмжтэй харьцдаг вэ?
-Аюултай орчин нөхцөл гэхээсээ илүү маш өндөр хариуцлага шаардсан орчинд ажилладаг гэвэл онох юм болов уу. Мэргэжлийн нарийн багаж тоног төхөөрөмжүүдийг нэрлэвэл маш их. Ганц ЦШНИ-д гэлтгүй. Монголд Геологийн төв лабораторид ажиллаж байхад ч тийм л байсан. Туршилт хийх, лабораторийн орчинд багаж тоног төхөөрөмжтэй харьцах, лазертай харьцах зэрэгт аюулгүй ажиллагааны дүрэм журмыг нарийн мэддэг байх шаардлагатай болдог.

-Та Монголдоо хэзээ эргэн ирж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? Таныг ирэхэд яг энэ чиглэлээр ажиллах нөөц бололцоо Монголд бий юу?
-Дубнад ажиллахаар ирж байгаа хүн бүр хугацаат томилолтоор ирдэг. Эрдэм шижнилгээний ажлын үр дүнг шууд баримжаалан хэлэх боломжгүй. Иймд Монголоос төдийгүй ЦШНИ-тэй хамтын ажиллагаатай улс орныг төлөөлөн энд ажиллаж байгаа эрдэмтэн, мэргэжилтнүүд төлөвлөгөөт хугацаа нь дууссан ч үр дүнгээ үзэхийн тулд дахин хугацаагаа сунгаж ажиллах болдог. Миний хувьд ч мөн төслийн ажил маань амжилттай урагшилж, үр дүн сайтай байвал төлөвлөсөн хугацаандаа Монголдоо очиж салбартаа үргэлжлүүлэн ажиллахыг зорилгүй яахав. Гэхдээ ажлын нөөц бололцооны хувьд манайд хөгжих, өрсөлдөх боломж тун бага. Түүнчлэн манай туршилтын физикийн салбарт тулгардаг хамгийн том асуудал нь туршилт хийх багаж тоног төхөөрөмж буюу хөрөнгө санхүү. Гэтэл багахан хөрөнгө мөнгө зарцуулах үед хүмүүс шууд л үр дүн хүсдэг бөгөөд тэр нь инноваци буюу амьдралд шууд буугаад хэрэглэгдэж болохоор зүйл байх ёстой мэтээр хардаг. Өөрөөр хэлбэл суурь шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд хөрөнгө зарцуулахыг олонх ч тэр шийдвэр гаргах түвшинд ч тэр төдийлөн ойшоодоггүй. Гэтэл бусад улс орны туршлагаас харахад шинжлэх ухааны суурь судалгаа, шинжилгээнд зориулагдсан төсвийг улсын төсөвтөө зориудаар суулгаж өгдөг, бусад улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүртэл нь дэмждэг байх жишээтэй. Манай эрдэмтэн, судлаачид хилийн дээс давмагц аль ч улсын эрдэмтэн, инженерүүдтэй салбартаа хангалттай сайн өрсөлдөж чаддаг. Тэгэхээр шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, энэ салбарыг бодлоготойгоор хөгжүүлэх шаардлага үүсчээ гэсэн үг. Бид өнөөдөр хөрөнгө санхүүгийн асуудлыг л яриад сууж байхад Хятад улс хэдийнэ хиймэл оюун ухааныг инноваци болгочихсон байна. Хөгжиж байгаа салбарт залуу мэргэжилтнүүд шинээр хүч түрэн орж ирсээр л байдаг. Тэнд ажлын байр бий болно. Өрсөлдөөн, хөгжил бий болно шүү дээ. Манайд энэ тал дээр дутмаг.
ДУБНАД АЖИЛЛАЖ БАЙГАА МИНЬ ХОЛ ЗАМЫН МААНЬ НЭГ ШАТ, ЗОГСООЛ
-Таны хувьд өөрийгөө цаашид мэргэжлийнхээ чиглэлийн дагуу хэрхэн хөгжүүлж, ямар зорилго тавьж ажиллаж байна вэ?
-Судалгааны бүтээлүүдээ шинжлэх ухааны салбарын томоохон сэтгүүлд нийтлүүлэх сэн гэсэн бодол энэ салбарын хүн бүрт л байдаг. Гаднаас нь харахад ердөө л судалгааны материалаа хэвлэмэл болгож байгаа мэт харагдавч үүний цаана маш их үнэ цэн байдаг. Шинжлэх ухааны салбарт өөрийн хувь нэмрийг оруулж байгаа гэдгээ нотлох, мөн энэ салбарт шинээр орж буй залуу мэргэжилтнүүдийн судалгааны суурь болж өгөх нэг боломж юм. Эрдэм шинжилгээний ажил гэдэг үргэлж сурч мэдэх дээр тулгуурладаг учир шинээр сурч мэдэж, хуучнаа бататгаж байдаг. Шинэ зүйл сурч мэдэх тусам хүн өөрийн олж авсан мэдлэгээ хичнээн өчүүхэн бэ гэдгийг ойлгоно. “За ингээд хангалттай юм мэдээд авчихлаа” гэж бодох боломжгүй. Тийм болохоор үргэлж өөрийгөө голж, сайжрахын төлөө хичээдэг. Том зорилго, хүсэл мөрөөдөл мэдээж бий. Зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилж л байна. Дубнад ажиллаж байгаа минь ч холын замын маань нэг шат нь гэж хэлж болно. Мөн аав шигээ шинжлэх ухааны салбарт, тэр дундаа цөмийн физикийн салбарт залуу үеийг бэлдэх, эрдэм мэдлэг, туршлага чадвар өвлүүлж, багшлах цаг ч ирэх байх гэж боддог.
-Залуу хүний хувьд ажил, амьдралаа хэрхэн зэрэгцүүлж байна вэ. Ажлын үр бүтээмжээ мөн хэрхэн дүгнэдэг вэ?
-Ажил, амьдрал хоёр аль аль нь тодорхой төлөвлөгөөний дагуу явах ёстой. Төлөвлөөгүй зүйлс шат дараатай урагшилна гэж үгүй. Тийм болохоор ажилдаа ч, амьдралдаа ч тодорхой төлөвлөгөөнүүд гаргадаг. Миний хувьд би өөрөө гэр бүлтэй. Гэр бүлээрээ Дубна хотод ажиллаж амьдарч байна. Гэр бүлийн хувьд ч, ажил мэргэжлийн хувьд ч хариуцлага хүлээж байгаа учраас яг тэнцүүлэхийг хичээдэг. Гэхдээ ажилдаа заримдаа илүү цаг зарцуулах шаардлага тулгарна. Эрдэм шинжилгээний ажил, судалгаа, туршилт аль нь ч бай цаг товлох боломжгүй. Ердөө л удаан хугацааны хичээл зүтгэлийн хариуд нэг том үр дүн ирдэг. Бусад мэргэжлүүдээс өөр нь энэ. ЦШНИ-д ажилладаг эрдэмтэн, инженерүүд цагт баригдаж ажилладаг гэхээсээ илүү тодорхой үр дүнгийн төлөө л ажилладаг. Тэгэхээр заримдаа цаг наргүй ажиллах үе ч бий. Энд ажиллаж амьдарч байгаа монголчууд ч ялгаагүй ажилдаа их цагийг зарцуулдаг.
-Гэр бүлдээ хэр цаг зарцуулж чадаж байна. Мөн өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Яг энэ цаг үед бид мэдээллийн маш том чөлөөт орон зайд амьдарч байна. Хүсвэл таньд өөрийгөө хөгжүүлэх боломж бүрэн дүүрэн байна гэдэг л үе шүү дээ. Миний хувьд мэргэжлийнхээ дагуу судалгааны ажил, шинжлэх ухааны сонирхолтой материалуудыг уншихаас гадна спортоор хичээллэх, орос англи хэлний мэдлэгээ байнга сайжруулахыг эрмэлздэг. Шинжлэх ухааны баримтат киноноос гадна Netflix, HBO-ийн цувралууд үзэх дуртай. Мөн чөлөө заваараа охинтойгоо цагаа өнгөрүүлэхийг хичээдэг. Дөнгөж хэлж орж байхдаа Орост ирсэн болохоор Монгол хэлээрээ сайн ярьж чадахгүй байх вий гэж санаа зовдог. Тиймээс аль болох охинтойгоо сайн ярилцах, сэтгэлгээг нь задлах тал дээр хамтдаа цагийг өнгөрүүлэхийг л хичээдэг дээ. Гэр бүлийн шийдвэрлэх асуудлыг эхнэртэйгээ яг тэнцүү хувааж аваад л зохицуулдаг болохоор санаа зовох зүйлс бараг гардаггүй.

ЗАЛУУ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ДОТООДЫН ӨРСӨЛДӨӨН, ХӨГЖЛИЙГ ИЛҮҮ САЙН БОЛГООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ
-Та өөрийн салбарыг Монголдоо хэрхэн хөгжүүлэхийг хүсдэг вэ? Хөгжихөд дутагдаж буй шалтгаан юу гэж үздэг вэ?
- Нэн түрүүнд шинжлэх ухааны салбарыг сууриар нь сайн хөгжүүлэх. Дэлхийд өрсөлдөх хэмжээний, шинжлэх ухааны түүхэнд өөрийн улсын нэрийг үлдээх хэмжээний хөгжүүлэхийг хүсдэггүй эрдэмтэн, судлаач гэж үгүй биз. Түрүүн хэлсэнчлэн залуу эрдэмтэн судлаачдын дотоодын өрсөлдөөн, хөгжлийг илүү сайн болгоосой гэж хүсдэг. Хаа ч ажлын байр нь нээлттэй, өрсөлдөөнтэй салбар байх хэмжээнд шүү дээ. Өнөөдөр ЦШНИ-гээс жишээ авахад л залуу эрдэмтдийг дэмжсэн маш олон төсөл хөтөлбөрүүд зохиогддог. Хүүхдийг дунд сургуульд байхаас нь математик суурьтай хөгжлийг илүүд үзэж, шинжлэх ухааны олон талт хөтөлбөр, сургалтуудад хамруулж байна. Дунд сургуулиасаа шинжлэх ухааны гүнзгий ойлголт, мэдээлэлтэй болсон хүүхэд цаашид энэ салбараар явахыг хүсвэл төрөлжөөд сурч болох их сургууль нь байна. Сураад төгсмөгц суурь бааз нь ЦШНИ өөрөө байх жишээтэй. Энэ бол цогц ойлголт. Харин манайд онол практикийн суурь бааз бусад улс орных шиг том гэж хэлж чадахгүй. Шинжлэх ухааны олон талт ойлголт мэдээлэл хүүхдийн нас насанд тохирсон хэлбэрээр монгол хэл дээрх олдоц тийм ч хангалттай биш. Тиймээс багаасаа өөрийгөө энэ чиглэлд хөгжүүлэхийн тулд заавал хоёрдогч хэлийг сурах шаардлага үүсэх нь аргагүй шүү дээ.
-ОХУ-д мэргэжлээрээ ажиллахад хүндрэлтэй зүйлс тохиолдож байна уу?
-Мэдээж бэрхшээл тулгарах зүйлс гарна. Эх орноосоо өөр улс оронд ажиллаж амьдарч буй хүн бүрт л бэрхшээл тулгардаг шүү дээ. Хэлний бэрхшээл ч тулгарна. Гэхдээ суурь мэдлэг байсан болохоор харьцангүй гайгүй. ЦШНИ-гийн эрдэмтэн, ажилтнууд англи, орос хэлээр ярьдаг.
-Монгол хүн гэдэг давуу тал таны мэргэжил дээр эсвэл ОХУ-д харагддаг уу? эсвэл...
- Энэ талаар нэг их бодож байгаагүй юм байна. Яагаад гэвэл ЦШНИ-д олон улс орны олон эрдэмтэн, инженер ажиллаж байна. Тэд өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Тэгэхээр би монгол хүний давуу тал гэж олж харахаас илүү надтай ажилладаг хамт олон, эргэн тойрны хүмүүс маань л энэ дүгнэлтийг хэлэх болов уу.
-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Б.ГЭРЭЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цөмфи
Нэг л мэдэхэд Та нар минь мэргэжил мэргэжилээрээ т�##� бүр тийш болсон байх юм.Батсүрэндээ амжилт хүсье.Монголоо төлөөлж их үүрэгтэй ажиллаж байгаад т�##�архаж байна.
Флёровын