УРЛАГ

Паблик арт: Зангилаан ширэнгэ дунд өөрийгөө "огтОЛ", өөр лүүгээ өнгий

Дээрээс унжсан зангилаанууд нүсэр “хүнд”-ээр унжиж, хаасан, хашсан баганууд мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дунд нь төөрмөөр, заримыг нь мөргөмөөр. Хаачихаа үл мэдэн бэдэрмээр ч юм шиг ширэнгэн ойн дүр дүрслэл үүгээр биежжээ. Гэтэл энэ нь зангилаа бичиг. Манай эмзэг нандин өв соёлын нэгэн хэсэг бөгөөд уйгаржин бичгийг зангилаа хэлбэрээр илэрхийлдэг, хэн хүний мэдээд байдаггүй нэгэн үнэт өв аж.

Мөртлөө урт урт унжсан зангилаанууд “Хайрла”, “Хүндэл”, “Зөв бай”, “Эх дэлхийгээ хайрла”, “Биеэ засаад гэрээ зас” гэхчлэн үгсийг бичсэн гэнэ. Энэ бол уран бүтээлч Б.Содномдаржаагийн өрөг урлагийн бүтээл. Уг нь зангилаа бичгээр өнөөгийн нийгэмд “зөв хүн” байх сургааль, сургамжуудыг бичиглэсэн гэлтэй. Гэхдээ мөнөөх нүсрээр унжсан зангилаанууд сургамжлах гэхээсээ хаам, боом, төөрч будилам өнгө аяс өгчилгөж байгаа нь эсрэгцэнэ. Үүгээр нийгмээс тулгадаг “зөв байх” зарчим, хандлагууд нь нөгөө талдаа хувь хүний өөрөө өөрийгөө сонсох, дотогшоо бэдрэх эрэл хайгуулын өмнө хаалт, хана босгодог гэсэн санааг илэрхийлжээ.

Харин зангилаануудын дунд хэвтэж, амсхий гэсэн шиг, эсвэл үүлэн чөлөөний нар туссан ч юм дүрслэлтэй хэсэг бий нь тус үзэсгэлэнгийн куратор, уран бүтээлч Б.Маналжавынх. Хэвтрийг өнгө өнгийн ноосон материалын өөдөс зүйж хийжээ. Тод өнгө, зөөлөн материал хосолсноор уг хэвтэр хүүхэдлэг, гэгээн, зүггүй амгалан хийгээд яагаад ч юм монгол ахуйг илэрхийлж буй шинжтэй. Түүн дээр дэрлэх цагаан дэр ч байна. Харин хэвтрээс дээш, цагаан өнгийн нимгэн материалаар тааз хүртэлх хоолой босгожээ. Хоолой бүрийг гэрэлд тулгасан байна.

Хэвтэр дээр хэвтэн дээш харваас цагаан хоолойнд хязгаарлагдсан “тэнгэр”-ээс өөр нь үзэгдэх боломжгүйг ойлгоно. Зөвхөн тэнгэр, нар. Үүгээрээ монгол гэрийн тооно ч  юм шиг, тооноор тэнгэр ширтэж буй ч юм шиг амгалан мөртлөө монгол ахуйлаг мэдрэмж төрж байна. Бас үзэгчийг зүгээр л дээш харан хэвтэх боломжоор хангасан нь хэсэг хугацааны тайвшрал, хөнгөн бодрол өгчилгөх ба яг өөрийнхөөрөө, амар амгалан тусгаарлагдан орших, “харих” нэгэн орон зай болжээ. Ер нэг талдаа өөрөө өөрийнхөө сэтгэл рүү, дотоод руу өнгийх нэгэн “хараавч” ч гэлтэй.

Б.Содномдаржаа, Б.Маналжав нарын өрөг урлагийн бүтээл өгөх мэдрэмж, илэрхийллийнхээ хувьд ийн эсрэгцэвч концепцоо нэгтгэж байна. Зааж сургамжилсан, дээр дээрээс унжин ороосон, урдуур орж хаасан, олноороо төөрч будилуулсан нийгмийн үзэл суртал, хандлагуудаас чөлөөлөгд. Өөр лүүгээ өнгий гэх шиг. Нөгөө талдаа энэ хоёр бүтээлийн аль аль нь монгол ахуй, уламжлалт соёлын тухай элементүүдийг агуулсан нь анхаарал татах юм.

Үүн дээр уртын дууч А.Нарандуламын үйлдлийг перформанс нэмэгдэх ажээ. Үзэсгэлэнгийн нээлтэн дээр А.Нарандулам перформанс үзүүлсэн бөгөөд унжсан зангилаануудын дунд хаачихаа мэдэхгүй тулгамдаж, сэтгэл зүйн зөрчилд орж, босон сууж, хашгичиж байна. Эцэстээ зүгээр л хэвтээд ардын дуу дуулах ажээ. Үндэсний урлагтай амьдрал, ахуйгаа холбосон хэдий ч контемпорари урлагт ийн хувь нэмрээ оруулж, санаачилсан, хөдөлсөн нь эрхгүй сэтгэл хөдөлгөлөө.

Энэ бол Б.Содномдаржаа, Б.Маналжав, А.Нарандулам нарын “Хэмнэл” уран бүтээлийн нэгдлээс толилуулж буй анхны үзэсгэлэн. “Огтлол” үзэсгэлэн өрөг урлаг, перформансын хослолоороо үзэгчийн сэтгэлд нэгэн урилга болж очно. Өөрийг нь хэдэн хэсэг болгон огтолсон бүхнээс салж, ер амьдрал дахь хувь тохиолуудын давхцал огтлолыг тайлж ойлгох хийгээд  одоо буй өөрөө өөрийнхөө огт өөр талыг олж нээхэд “Огтлол” уриалан дуудах шиг.

Дээр дурдсанчлан тус үзэсгэлэнг уран бүтээлч Б.Маналжав кураторлосон. Тэрбээр өмнө нь Богд уулын энгэрт тарвас тарааж тавиад, паблик арт үзэсгэлэн дэлгэж байсан юм. Дэргэдүүр нь зөрж өнгөрөх хүмүүс тарвасыг өөрт буй ямар нэг зүйлээр сольж авсан. Харин тарвас дуусаж, оронд нь цугларсан тэр олон янз, өөр өөрсдийн түүхтэй, оршихуйтай, үнэ цэнтэй эд агуурсуудыг ямар нэгэн байдлаар хослуулж, уран бүтээл болгосон байсан. Тус үзэсгэлэн дэлгэгдсэний дараа уран бүтээлч Б.Маналжавтай ярилцсаныг энд дарж уншаарай.

Б.Маналжав үзэгчийг өөрийг нь ч уран бүтээл бүтэх үйл явцын нэгэн хэсэг болгон татаж оролцуулдаг паблик арт чиглэлд ихээхэн мэдрэг хандаж байна. Урлагийг үзэгчийн сэтгэлд гүн гүнзгий хүргэх онцгой бололцоог олгодог энэ чиглэлийн туршицууд манай контемпорари урлагт хааяа нэг ажиглагдах болсон. Үүнийг түүчээлэгчдийн нэг нь Б.Маналжав юм. Цаашид “Хэмнэл” уран бүтээлийн нэгдэл уран бүтээлчдэд нээлттэй бөгөөд өөрсдийн нэгдсэн концепцыг нийгэмд хүргэх чиглэлд нэгдэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 11:55

Дүрслэх урлагаааа гэж хязгаааргүй шүү

Зочин
Зочин
2022-06-25 11:55

Сонирхолтой бүтэээл болжэээ

Зочин
Зочин
2022-06-25 11:55

Gaihaltai

Зочин
Зочин
2022-06-25 11:56

Ilvvvvv olon uran bvteelee tvgeegeerei

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x