УЛС ТӨР

Төрийн банк анхлан IPO гаргаж, олон нийтийн хувьцаат компани боллоо

Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт “Цан цохих” ёслолын ажиллагаа болж байна.

Монгол Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн билээ. 

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Төрийн банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлийг 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр гардуулан өгсөн. 

Төрийн банк системийн нөлөө бүхий банкуудаас анхлан IPO гаргаж буй юм.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Монголын санхүүгийн зах зээлд шинэ үе шат эхэлж байгаа процесс болж байна. Нийт санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны зах зээл эзэлдэг. Өнөөдөр хөрөнгийн бирж дээр манай томоохон банкуудаас урьдчилж Төрийн банк олон нийтийн хувьцаат компани болж байна. Араас нь бусад банкууд гарна. Энэ нь хамгийн том бөгөөд олон жил хүлээсэн процесс болж байна. Цан цохьсоноос хойш арилжааны дүүргэлт 70 хувьтай байна гэж байна. Хөрөнгө оруулагчид төрийн банкинд ийм том итгэл өгч байна. Цаашид банкны засаглалд шинэ хөрөнгө оруулагчдын төлөөллийг оруулж хяналт тавих боломжийг бүрдүүлж байна. Цаашид олон нийтэд хүртээмжтэй, ойрхон, санхүүгийн үйлчилгээ үзүүлж сайжрах ёстой" гэв.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлэхдээ "Өнөөдөр цан цохьсоноос хойш тавхан минутын дотор 73 хувьтай захиалга явж байна. Энэ нь эрэлт маш их байгааг харуулж байна. Төрийн банк иргэддээ суурилсан банк. Нийт иргэддээ хувьцаа эзэмшигч болох боломжийг бүрдүүлж өгсөн. Ямар ч иргэн ямарч хэмжээгээр захиалга өгөх боломжийг бүрдүүлсэн. Хувьцаа эзэмшигч болсноороо хяналтын тогтолцоо, засаглал сайжрах юм. УИХ болон Засгийн газраас Төрийн банкны нийт хувьцааны 20 хүртэлх хувийг 2023 он хүртэл олон нийтэд санал болгож, гаргах чиглэл өгсөн. Үүний дагуу энэ жил таван хувь буюу 22.1 тэрбумыг олон нийтэд санал болгож байна. Босгосон хөрөнгөөрөө дундаж давхарга болон ногоон зээлд зориулна" гэв.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлэхдээ "Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх "Алсын хараа 2050" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Шинэ сэргэлтийн бодлогыг батлаад ажиллаж байна. Энэ бодлогод зургаан багц ажил бий. Үүний нэг том хөтөлбөр нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр. Үүн дотор төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өмчлөлийн хэлбэрийг оновчтой болгож, засаглалыг сайжруулъя гэсэн цогц асуудал бий. Өнөөдөр ТӨБЗГ-т 106 төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд бий. Үе шаттайгаар тодорхой хувийг олон нийтийн хяналттай болгох, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг эхлүүлээд явж байна. 20 гаруй аж ахуй нэгжүүдийн 34 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, хувьцаат компани болгохоор ажиллаж байна. Үүнийг түүчээлж Төрийн банк тав хүртэлх хувиа санал болголоо. Үүний дараа олон нийтийн болгох хувиа нэмэгдүүлэх юм. Мөн Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг нээлттэй болгохоор бэлтгэж байна. Энэ ондоо багтаагаад олон нийтэд нээлттэй болгоно. Он гараад АЗЗА-нууд, Монголын цахилгаан түгээх сүлжээ компанийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгоно" гэв.

Төрийн банкны үндсэн андеррайтераар ажиллаж буй "Өлий энд ко Капитал" компанийн захирал Б.Өлзийбаяр хэлэхдээ "Хөрөнгийн зах зээлийн хувьд маш чухал үйл явдал болж байна. Системийн нөлөө бүхий таван банк Банкны тухай хуулиар өөрсдийнхөө хувьцааг олон нийтэд санал болгох ёстой. Салхийг хагалж байгаа Төрийн банк өнөөдөр хувьцаагаа санал болгож байна. Монголын санхүүгийн зах зээлд банкууд хэт давамгайлсан, баланс алдагдсан байгаа. Тэгэхээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийг зах зээлийг хөгжүүлэх шаардлага байгаа. Цаашдаа бусад банкууд орж ирснээр манай зах зээлийн үнэлгээ нэг дахин нэмэгдэнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид манай зах зээлийг сонирхож орж ирэх болов уу гэж найдаж байна. Тиймээс цаашдаа хөрөнгийн зах зээл банкуудын 5-10 хувь биш 50-100 хувийг шингээж чадах, хөгжих том ажлын эхлэл гэж харж байна. Банкууд олон нийтээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа. Банкууд нээлттэй хувьцаат компани болсноор би ямар банкаар үйлчлүүлж, ямар банкинд хадгаламж үүсгэж байгаагаа хянах боломжтой болж байна. Хувьцаа эзэмшсэнээр хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж, санал өгөх, ТУЗ сонгоход санал өгөх эрхтэй болж байна. Төрийн банк шинэ хувьцаа эзэмшигчдийг удирдах зөвлөлд оруулна гэж байна. Энэ нь маш их ач холбогдолтой.. Захиалга нь хэдий хэмжээгээр давж биелэхийг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ ингэвэл хувь тэнцүүлэх болно. Энэ талаар мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн сайтаас авч болно" гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ "Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийг олон нийтийн болгох реформ хийгдэж байгаа. Энэ үйл ажиллагааг Төрийн банк түүчээлж байна. СЗХ-ноос сүүлийн хоёр жилийн хугацаанд бодлогын нэлээд шийдвэр гаргасан. Төлбөр тооцоог олон улсын жишигт нийцүүлэх, хувьцааны болон үнэт цаасны бүртгэлийг шинэчилсэн. Компанийг олон улсын биржид давхар бүртгэлтэй болгохоор болсон. Хөрөнгийн зах зээл дээр бодлогын оновчтой шийдвэрүүд гарснаар банкнаас бусад санхүүгийн зах зээлүүд ДНБ-үүний 24 хувьд хүрлээ. Бусад банкууд олон нийтийн компани болоод, дараа нь Монголын хөрөнгийн бирж олон нийтийн болох үйл явц болно. Ингэвэл дунд хугацаандаа манай зах зээлийн үнэлгээ 2.5-3 дахин өснө гэж харж байна. Өнөөдрийн нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлж байгаагаа хэлэхэд таатай байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-30 10:12

Хогийн банк. Өнөөдөр банк хооронд $-ийн гүйлгээ хийхэд хамгийн удаан. 24 цагаас ч удаж дансанд орж байна. Арай юу? Төрийн бак болохоороо л ийм байгааш дээ. Төр 95%-ийг нь эзэмших юм бол хэзээ ч дамдууруулж чадна. Яг Анод, Зоос шиг.

mgl hyn
mgl hyn
2022-09-30 11:22

harin shuurhai zygeer dawgui bank shde. Aih zyilgui batalgaatai

Холбоотой мэдээ

Back to top button