А.Дүүрэнжаргал: Шантрахад, муудалцахад “Зогсохгүй” нэр маань хүч өгдөг

“Зогсохгүй” продакшныг үүсгэн байгуулагч А.Дүүрэнжаргалтай ярилцлаа. Залуус энэ сарын 17-нд “Зурвас” УСК-ныхоо нээлтийг хийх гэж байна.
-Дүүрээгийн продюсороор нь ажилласан “Зурвас” УСК нээлтээ хийх гэж байна. Тэгэхээр шинэ уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?
-2017-2019 онд СУИС-ийг төгссөн дүү нар, найзуудтайгаа нэгдэж, дандаа залуу уран бүтээлчдээс бүрдсэн багаар энэ “Зурвас” киногоо хийсэн. Зураг авалт бүтэн жил үргэлжилж өнгөрсөн намар дуусаад маргааш нээлтээ хийх гэж байна. Хилийн цэргийн амьдрал, эх орноо хайрлах сэтгэл, ард иргэд хилчдийн хоорондын зөрчлийг харуулсан. Гэхдээ бүх үйл явдал зохиомол шүү гэдгийг хэлмээр байна.
-Аливаа бүтээл продюсер хэн байх, яаж ажилласнаас ихээхэн шалтгаалдаг. Таны хувьд хэрхэн ажиллав?
-Продюсерээр ажиллахад хүнд ш тээ. Бүх ажлыг зохицуулна. Энэ кинонд дандаа залуус оролцсон болохоор маш их эрч хүчтэй ажилласан. Хөдөө натурт байсан болохоор хоол унд, обьект зохицуулах гээд зарим ажил руу бүгдээрээ л орно. Өмнөх хоёр кинон дээр бол чанга байсан. Манай залуус бүгд том продакшнууудын ард ажиллаад туршлага суучихсан. Энэ удаад бид яагаад заавал олны танил болсон уран бүтээлчид тоглрх ёстой гэж, яагаад шинэ залуу жүжигчид баг бүрдүүлээд кино хийж болохгүй гэж гэсэн утгаар ажилласан. Бид өөрсдийнхөө хувьд маш гоё сэдэв сонгосон гэж бодож байгаа. Би их яриа бүх болохоор ингэсгээд зогсоё. Үгүй бол хамаг үйл явдлаа ярьчих гээд л байна шүү. /инээв/ Хотоос гарахдаа төсөв мөнгө бүх зүйлээ л зохицуулсан. Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 243 анги, Хилийн цэргийн ерөнхий газар их тусалсан. Би сэтгүүлч мэргэжилтэй болохоор хүмүүстэй яриад маш сайн ойлголцдог. Нэг цаг ярихад ямар ч ах эгчийг “за” гэж хэлүүлээд гарч ирнэ. /инээв/ Гүйгээд, гуйгаад, зохицоод сайхан ажилласан. Ямартай ч залуусаа өлсгөхгүй, ядраахгүй, сэтгэл дүүрэн натураас бууж ирсэн.

-Таны продюсороор ажилласан гурав дахь кино гэсэн үг үү?
-Тийм ээ. “Зогсохгүй” продакшнаа 2019 онд байгуулсан. Бид хоёр 2021 онд “Хайр уу, найз уу” анхны киногоо бүтээсэн. 2022 онд “Зурвас”, одоо ирэх сард “Цаггүй амьдрал” киногоо нээнэ. Өмнөхөө бодвол алдаагаа засаад сайжраад л байна. Зөв хийчихлээ гээд бодсон ч эргээд харахаар алдаа гарч ирээд л байна. Том продюсорын хувьд бол би инээдэм ш тээ. Зөвхөн өөрийнхөө хувьд бол ахиж байгаагаа мэдэрсэн гэсэн үг. Би одоохондоо продюсер нэрийг дураараа зүүгээд л ажиллаж байгаа хүн шүү дээ. Цаашдаа давхар энэ чиглэлээр сурна. Хүмүүс продюсер гэхээр нэг их баян хүн гэж ойлгодог. Зохицуулж, ойлголцож, чаддаг хүнийг хэлдэг. Цаашдаа суралцаад маш сайн продюсер болно.
-“Зогсохгүй“ анх хэрхэн эхэлсэн бэ. Зорьсондоо хүрчихсэн үү?
-Бид хоёр анхнаасаа том зорилт тавьж эхэлсэн. Тэр нь гоё юм билээ. Анх ярьсандаа хүрээгүй л яваа. Эхнээсээ нэг бичлэг хийгээд үзье гэсэн бол ханачихна шүү дээ. Бид хоёр тэгээгүй. Өмнө нь би телевизэд хөтлөгч, жүжигчин, Лууяа нэг продакшинд жүжигчнээр ажиллаж байсан. Хоёулаа Баянхонгорынх. Тэгээд уулзаад юм ярьж байгаад сошиал хүчээ авч байна, мөнгө төлөхгүй санаагаа олонд хүргэж боломжтой боллоо, хоёр дүр гаргаад эхэлье, цаашаа кино руу орьё гээд нээсэн. Нэрээ бараг 14 хоног бодсон. Баахан үг жагсааж бичээд, нэрнээсээ хоёулаа мотиваци авья гэж хайсаар “Зогсохгүй” нэрээ олсон. Шантрахад хоорондоо муудалцахад тэр бүү хэл хүмүүс зогсчихсон уу гэцгээхэд нэр маань хүч өгдөг. Нэрээ зөв өгсөн. Мөн бид хоёр зан ааш, төлөв байдлын хувьд эсрэг хүмүүс учраас хамтрагчаа зөв сонгосон гэж боддог. Манай Лууяа маш хурдан, би эсрэгээрэ энэ маань хүртэл нэг нэгнээ нөхөж түлхэж явдаг. Тэнгэр газар шиг хүмүүс хамтрагч байж чаддаг гэдэгт итгэдэг болсон. Ингээд 4 жил чадахаараа гоё зүтгэж явна даа.
-Дүүрээгийн оролцоо их бага юмшиг харагддаг?
-Бүх санаагаа хоорондоо ярилцана. Анхнаасаа бид хоёр дүрээ тодорхойлсон. Ярих, жүжиглэх талаар Лууяа давамгайлна. Би ард нь юмаа зохицуулаад, орох хэсэгтээ ороод л явдаг.
-Сошиалаар балбуулдаг уу?
-Аймаар шүү. Үг гэдэг хүчтэй. Сэтгэлээр унадаг үе байсан. Аймаар царай муутай, хоёр хачин алиа юм л гээд л бичээд байна. Сүүлдээ тоохгүй хоёулаа инээгээд өөрөө яах гэж үзсийн гээд уншдаг болсон. Эхлээд шантарч дараа нь хөгжилдөж тоохгүй болсон. Одоо бол бид хоёр монголынхоо царай муутай хүмүүсийн эгог өндөрт өргөж яваа гэж маазардаг. Эхэндээ дандаа муулуулж явтал одоо бид хоёрыг өмөөрдөг хүмүүс гараад ирж. Тэгээд нөгөө хүмүүсээ барьж идэх гэж байгаа юм чинь. Бид хоёр хараад л сууж байна. Тэгээд бурхан шиг ээждээ гологдоогүй байж бусдад таалагдах гээд яахын угаасаа, бид хоёр царайлаг хохь нь яах гэж үзсийн гээд л байж байдаг даа.
-Юунаасаа болоод тэгж шүүмжлүүлээд байна?
-Мэдэхгүй ээ. Та намайг одоо ингээд харах, бичлэг дээрх царай хоёр өөр байгаа биз. Би камер дээр тэгж харагдаад байдаг. Одоо бол дажгүй байгаа биз дээ. /инээв/.
-Харин тийм байна. Бичлэг дээр их том нүүртэй харагддаг?
-Камер дээр тэгээд байгаа юмаа. Одоо бол намайг охид крашладаг гээд бод доо. Удаан харагдаад эхлэхээр дасаад өөрөөр харж эхэллээ.
-Дөрвөн жил зогссонгүй. Юу юу хийв?
- Гурван кино, 80 гаруй бичлэг хийсэн. Бичлэг бүртээ эх орон газар шороогоо хайрлах мессэж шиддэг. Энэ хугацаанд Лууяа таван дуу гаргасан. Би нэг дуу хийгээд дарчихсан, тэгж байгаад цацна. “Цаггүй амьдрал” киногоо ирэх сард нэээнэ. Дөрвөн жил үнэхээр зогссонгүй, Лууяагийн “Завгүй” дуу шиг л байлаа. Одоо хоёулаа SBN телевизийн олон ангит кинонд оролцоод явж байна.

-Залуу уран бүтээлчид кино хийгээд, бусад жүжигчдээ цалинжуулаад явахад амаргүй л байх...?
-Бид хоёр анхнаасаа хэн нэгэн хүний хараат болохгүй, өөрсдийнхөө оюун санаагаар явья гэж шийдсэн. Бие дааж өдий хүрлээ. Тэр хүчээрээ өөрсдийгөө болон бусдыгаа цалинжуулаад дажгүй явж байна. “Зогсохгүй” маань баг болоод 5-6 уран бүтээлчтэй хамтраад явж байна. Шантрах, бухимдах үе зөндөө л байсан. Машинаа хүртэл зараад асуудлаа зохицуулах өдрүүд тохиож л байлаа. Ах нэр манай руу ороод ир, ивээн тэтгэе гээд ярьдаг. Гэвч өөрсдийнхөө л зүтгэсээр энд ирлээ, цаашдаа ч ингээд л явна.
-“Зогсохгүй”-гийн мөрөөдөл юу вэ?
-Бид хоёр бичлэг бүрээрээ эерэг мессэж авах санаа өгөхийн тулд ажилладаг. Мөнгө үнэхээр хэрэгтэй ч үндэсний гэх үзлээр бүх зүйлд ханддаг. Заримдаа бэлэн гоймон ч юмуу рекламдах санал орж ирвэл тоглохгүй ээ бас. Тодорхой хэмжээний өндөрлөгт хүрч, мөнгөнд санаа зовохгүй болсон үедээ бид бусдад тусална. Гадуур явахаар их хэцүү амьдралуудтай таардаг. Эх орондоо чадахаараа хэрэг болно. Өөрөө л гоё амьдрах гэж тэмүүлэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.