Бэрхийн уурхайд ажиллаж байсан 112 уурхайчны ар гэрийнхэн нөхөн төлбөр олгохыг шаардав

Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 иргэн, тэдний гэр бүлийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд хуулийн дагуу хоёр удаагийн нөхөн төлбөр авах ёстой ч, авч чадалгүй 10 гаруй жил болсон асуудлын талаар хөндөж ярив.
Иргэдийн зүгээс "Бэрхийн уурхай нь 1992-2004 оны хооронд төрийн мэдлийн үйлдвэрийн газар байсан. Энэ хугацаанд нас барсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох ёстой нөхөн төлбөрийн талаар анх улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж, бичгээр хүсэлт тавьсан. Тухайн үед буюу 2007 онд нөхөн төлбөр авах ёстой гэдэг дүгнэлтийг тус байгууллага гаргасан. Бидэнд нөхөн төлбөр олгох асуудлыг Монгол улсын Засгийн газарт буюу Л.Оюун-Эрдэнэд шүүх байгууллага даалгасан ч улс төржүүлээд шийдэхгүй байна. Бидний асуудлыг шийдвэрлэвэл бусад уурхайн ажилчид ч бас энэ асуудлаар дуугарч эхлэх болохоор улс төрчид шийдвэрлэхгүй яваад байна. Улсын их хурлын дарга Г.Занданшатар болон Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Хүний эрхийн хорооны дарга нартай хамтран Бэрхийн уурхайн ажилчдын төлөөллийг яаралтай хүлээн авч уулзана уу. Хэрэв тавдугаар сарын 3-ны өдрийн дотор хүлээн авч уулзахгүй бол дараагийн шатны тэмцлийн үйл ажиллагаанд орох болно" гэсэн шаардлага тавьсан юм.
Уг асуудлын хүрээнд 2010 оны 8 сараас хойш төрийн өмчийн хороон дээр гурван удаа ажлын хэсэг байгуулагдаж, нэр бүхий 112 иргэн нөхөн төлбөр авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ч, шүүхийн эцсийн шийдвэрийг Засгийн Газар хүлээж авсан байдалтай өдийг хүрчээ.
Э.МЯГМАРСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэгүүдээ гэж... гуйгаад 2 дахин очиход нь, ядаж дараагийн удаа очиход шийдүүлж байгаад сонгохгүй дээ