ДЭЛХИЙ

Үзэл санаа, үйл хэргээрээ түүчээлж, Нобель хүртсэн сэтгүүлчид

Нобель гардуулсан 120 жилийн түүхэнд долоон сэтгүүлч эл нэр хүндтэй шагналыг хүртжээ. Эдгээрийн тав нь 1902-1936 онуудад хамаарч байна. Дэлхий дахины анхаарлыг татаж байсан Хүйтэн дайны үед эдгээр сэтгүүлчид дайны эсрэг үзэл санааг дэлгэрүүлж, улс төрийн тодорхой хэлцлүүдийн холбогчоор хүртэл ажилласан зэрэг шалтгаанаар Нобель хүртсэн түүхтэй юм. Сэтгүүлчдийн Нобелийн шагналын түүчээ 1936 оноос хойш 85 жилийн турш тасарч байгаад, 2021 онд ОХУ болон Филиппин гаралтай сэтгүүлчид улстөрчдийн авлига, сонгуулийн луйвар зэрэг тогтолцооны асуудлаарх бүтээлээрээ уг нэр хүндтэй шагналыг хүртсэн байдаг.

Нэг. Эли Дюкоммун, 1902 он

Швейцар гаралтай энх тайвны төлөө тэмцэгч Эли Дюкоммунд 1902 онд Энх тайвны шагналыг “Бернийн энх тайвны товчоог чадварлагаар удирдсан” зүтгэлийг нь үнэлж олгосон байна. Тэрээр “Revue de Genève” нэртэй улс төрийн сэтгүүлд редактор хийж, мөн “Der Fortschritt” нэртэй өөрийн сэтгүүлээ үүсгэн байгуулсан юм. Үүнээс гадна Дюкоммун “Helvétie”, “Les États-Unis d’Europe”, “Les États-Unis d’Europe” хэвлэлүүдийн редактораар ажиллаж байв.

1891 онд тэрээр Олон улсын энх тайвны товчооны хүндэт ерөнхий нарийн бичгийн дарга болов. Энэхүү товчоо нь хэд хэдэн орны энх тайвны төлөөх байгууллагуудыг холбож өгөх үйл ажиллагааг явуулсан аж.

Хоёр. Эрнесто Теодоро Монета, 1907 он

“Цэргийн пасифист” үзэлтэй гэгддэг Итали сэтгүүлч Эрнесто Теодоро Монета Франц, Италийн хоорондын ойлголцлын төлөө олон нийтийн болон хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, энх тайвны уулзалтуудад хийсэн ажлынхаа төлөө Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн байна. Тэрээр цэргийн хүн байсны хажуугаар Милан хотод өдөр тутмын дугаараа гаргадаг “Il Secolo” сонинд 1867-1895 оны хооронд редактораар ажилласан аж. Нобелийн шагналын сайтаас харвал түүнийг “Il Secolo” сониныг олон нийтийн үзэл бодолд нөлөөлж чаддаг хүчирхэг хэвлэл болгосон гэж бичжээ.

Тэрээр “19-р зууны Дайн, Бослого, Энх тайван” нэртэй дөрвөн боть бүтээл хэвлүүлсэн юм. Монета тэтгэвэрт гарсныхаа дараа ч гэсэн нийтлэл бичих ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Сэтгүүл зүйн ажлаас гадна тэрээр Олон улсын энх тайвны товчоонд 1895 онд Итали улсыг төлөөлөн оролцсон юм.

Гурав. Альфред Херман Фрид, 1911 он

Австри гаралтай сэтгүүлч Альфред Херман Фрид нь “Дайн үүсэх болсон үндсэн шалтгаан, тухайлбал олон улсын харилцаа дахь эмх замбараагүй байдлыг илчилж, тэмцсэн хүчин чармайлтын хариуд” энэхүү шагналыг хүртжээ. Тэрээр Вена хотод мэндэлсэн ч амьдралынхаа ихэнх хэсгийг Германд өнгөрүүлсэн байна. Фрид “Monatliche Friedenskorrespondenz”, “Die Friedenswarte” гэх мэт хэвлэлүүдийг үүсгэн байгуулж, редактораар ажиллаж энх тайвны төлөөх хөдөлгөөнд хувь нэмрээ оруулжээ.

Тэрээр олон улсын харилцааны замбараагүй байдал нь дайн үүсгэх хүчин зүйл болдог гэж үздэг байв. Фрид “Хэрвээ бид дайныг зөвшилцөл, шударга ёсоор солихыг хүсэж байвал олон улсын тавцанд буй анархизмыг дэг журамтай байдалд шилжүүлэх ёстой” гэж хэлж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд эхлэхэд тэрээр “Die Friedenswarte” хэвлэлээрээ дамжуулж олон улсад энх тайвныг сурталчилж, уриалсан юм. Гэвч түүнийг Австрийн засгийн газар эх орноосоо урвасан хэрэгт буруутгасан бөгөөд дайн дууссаны дараа л Фрид Вена хотод эргэж очсон байна.

Дөрөв. Норман Анжелл, 1933 он

Британи гаралтай сэтгүүлч, зохиолч, эдийн засагч Норман Анжеллд “Дайны худал хуурмагийг илчлэн, олон улсын хамтын ажиллагаа болон энх тайвны төлөө үнэмшилтэй уриалга гаргасан” зүтгэлийг нь үнэлж Энх тайвны шагналыг гардуулан өгчээ. Тэрээр АНУ-руу цагаачилсны дараа “St. Louis Globe-Democrat” болон “San Francisco Chronicle” хэвлэлүүдэд сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн юм. Үүний дараа Анжелл Парис руу нүүж “Daily Messenger” сонинд туслах редактор, мөн “Éclair” хэвлэлд ажилласан байна.

Түүний бичсэн хамгийн алдартай ном болох “The Great Illusion” нь Норман Анжеллизм нэртэй “Цэрэг, улс төрийн эрх мэдэл нь тухайн үндэстэнд арилжааны давуу тал олгодоггүй, нэг үндэстэн нөгөөгийнхөө баялгийг булаан авах, устгах, эсвэл нэг үндэстэн нөгөөхөө эрхшээлд оруулж баяжих нь эдийн засгийн хувьд боломжгүй зүйл юм” гэх философитой онол үүсгэсэн аж. Тэрээр валют, эх оронч үзэл, нийгэм болон үндэсний бүрэн эрхт байдал гэх мэт маш олон сэдвүүдийн талаар ном бичжээ.

Тав. Карл фон Оссийцки, 1936 он

Герман гаралтай сэтгүүлч Карл фон Оссикци нь “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хайрлах дүрэлзэн асаж буй гал мэт зүтгэл, энх тайвны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан” ажлыг нь үнэлж Энх тайвны шагналыг 1935 онд өгсөн байна. Тэрээр “Die Weltbühne” нэртэй хэвлэлийн ерөнхий редактораар ажиллах хугацаанд тус сонин Гуравдугаар Рейхийн зэвсэгт хүчнийг шүүмжилсэн нийтлэл хэвлэсэн юм. Үүний улмаас Оссийкци гүтгэлэг үйлдсэн хэргээр шүүхээр орж, нэг сарын турш хоригдсон байна. Гэвч энэ нь Оссийкцигийн сэтгэлийг бөхөөж чадаагүй бөгөөд тэрээр 1929 оны гуравдугаар сард Уалтер Крейсерийн бичсэн Германы цэргүүдийг дахин зэвсгээр хангахыг шүүмжилсэн нийтлэлийг хэвлэжээ.

Үүний дараа түүнд цэргийн нууц задруулсан хэргээр 18 сар хорих ял оноосон байна. Осийцки өршөөлийн хуулиар долоон сарын дараа суллагджээ. Гэвч түүнийг 1933 онд дахин баривчилж хорих лагерь луу цөлсөн юм. Тухайн үед Оссийцкийг олон Германчууд эх орноосоо урвасан гэж үзсэн ч олон улсад тэрээр Хитлерийн эсрэг тэмцэж буй ардчиллын бэлэг тэмдэг болсон байв. Ийм учраас түүнийг 1935 оны Нобелийн Энх тайвны шагналын хүлээн авагчаар тодруулжээ. Гэвч энэхүү мэдээг сонссон Хитлер Оссийцкийг шагналаа хүлээн авахаас татгалзах хүртэл хорих лагериас гаргахгүй гэж тушаасан байна. Мөн Хитлер ямар ч Герман хүнийг Нобелийн Энх тайвны шагналыг хүлээн авахыг хориглосон юм. Оссийкци Хитлерийн тушаалыг гүйцэтгэхээс татгалзсан бөгөөд түүнийг Нацист Германы засгийн газар эмнэлгийн орон дээр нас барах хүртэл нь цэргийн хяналт дор байлгасан аж.

Зургаа. Дмитрий Муратов, 2021 он

Орос сэтгүүлч Дмитрий Муратовыг “Авилгал, цагдаагийн хэрцгийлэл, сонгуулийн луйвар гэх мэт зүйлсийг шүүмжилдэг, ОХУ дахь хамгийн хараат бус хэвлэл үүсгэн байгуулсан” хэмээн Нобелийн комисс Энх тайвны шагналыг олгосон байна. Муратов хэсэг сэтгүүлчидтэй хамтран 1993 онд Новая Газета хэвлэлийг үүсгэн байгуулж, ерөнхий редактораар нь ажиллажээ. Тэрхүү хэвлэлийн зургаан сэтгүүлч бусдын гарт амь насаа алдсан харамсалтай түүх бий. Муратовыг эсэргүүцэгчдийнхээ дарамт шахалт, сүрдүүлгийг үр харгалзан хэвлэлийнхээ бие даасан байдлыг хадгалж үлдсэнийг Нобелийн комисс сайшаасан юм.

Тэрээр шагналаа хүлээн авахдаа “Хүний амь нас эрсдэхэд хүргэсэн нийтлэл яагаад үргэлжлүүлэн хэвлэсээр байгаа юм бэ? Учир нь манай сонины сая сая уншигч нар бүгд ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг” гэж хэлсэн байна.

Долоо. Мариа Ресса, 2021 он

Филиппин гаралтай сэтгүүлч Мариа Рессад “Филиппиний албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж буй явдал, хүчирхийлэл болон авторитар засаглал хүчээ авч байгаа үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө зогссон” ажлыг нь үнэлж Энх тайвны шагналыг гардуулжээ. Тэрээр “CNN” агентлагийн Манила хот дахь салбарыг 1987 онд нээж, 1995 он хүртэл удирдсан юм. Мөн тус агентлагийн Жакарта хот дахь салбарыг 1995 онд үүсгэн байгуулж 2005 он хүртэл үйл ажиллагааг нь хариуцаж ажиллажээ.

2012 онд Ресса “Rappler” агентлагийг үүсгэн байгуулж тухайн үеийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн авторитар засаглалын эсрэг хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн байна. Тэрээр олон удаа баривчлагдаж, арван удаа батлан даалтаар суллагдаж байжээ. Ресса болон “Rappler” агентлагийн сэтгүүлч Рейналдо Сантос Жуниор хоёр 2020 оны зургаадугаар сард гүтгэлгийн хэрэгт буруутгагдаж зургаан жилийн хорих ял сонсож батлан даалтын мөнгө төлсний дараа суллагдсан аж. Түүнийг “Time” сэтгүүл 2018 оны онцлох хүнээр тодруулж байсан юм.

Эх сурвалж: Rappler

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button