Нийгэм мэдээ

326-р ангийн өмнөх кэйс: Согтуу дэслэгч цэрэг зодон хөнөөж байв

Хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хоёр жил гаруйн өмнө бас нэгэн байлдагч зодуулж амиа алдсан.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 28-ны орой дэслэгч Д.Гялбуужамц ангийнхаа гадаа машиндаа найзуудтайгаа архи ууж, улмаар ангийн байр руу архи авч орсон. Улмаар цэргүүдийг амарч байхад нь Соёл амралтын танхимд дуудаж оруулан жагсаан дэглэсэн. Энэ үеэр байлдагч Ц.Б-ыг салааны захирагч Д.Гялбуужамц зодож, аминд нь хүрсэн хэрэг гарсан. 

Зодуулсан байлдагч дэслэгчийн хөлнөөс зуурах гэж байгаад ухаан алдсан. Ингээд Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн ч ухаан оролгүй байж байгаад нас барсан байдаг.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 28.3-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн”, 10.1 дэх хэсгийн хүний амь хөнөөсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Д.Гялбуужамцыг 14 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Уг хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс Цэргийн ангид хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох өмнөх шаардлагын биелэлтэд Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар нэхсэн.

Ингэхэд, Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Адъяабазар “Цэргийн амь нас хохирсон явдалд харамсч, шуурхай арга хэмжээ авч, дотоодын хяналт шалгалтуудыг хийсэн. Шалгалтын явцад тухайн ангийн удирдлагыг ажилдаа тэнцэхгүй байгааг тогтоож, шийдвэр гаргах хооронд ийм харамсалтай хэрэг гарлаа. Салбарынхаа зөрчлийг арилгахын тулд цэргүүдээс нэр, хаяггүй нууцлал хангасан байдлаар социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийж байна. Судалгаа, хяналт шалгалтын мөрөөр цэргийн бодлогыг шинэчлэх, дүрэм журмыг өөрчлөх, хөндлөнгийн хяналтын нэгжийг шинээр бий болгох зэргээр хүний эрхийг хангасан арга барил, дэг жаяг, харилцаа, хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байна” хэмээн тайлбарласан байдаг.

Гэвч тус ангид дахин нэг байлдагч учир битүүлгээр амиа алдлаа.

Б.ХАШ-ИЛД 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button