Нийгэм мэдээ

Ч.Лодойравсал: Аавын амьдралынхаа сүүлийн мөчид бичиж дуусгасан ном хэвлэгдлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” номын нээлт МУИС-ийн байранд болсон.

Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлсэн.

“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга агуулгыг нь нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлажээ.

Түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулснаараа хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай “Монголын нууц товчоон” болж байна.

Монголын түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирджээ.

Энэ тухайд Ш.Чоймаа агсны хүү Ч.Лодойравсал "Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2022 оны 11-р сарын 14-нд ачлалт эцэг маань хүмүүн төрлийг орхиж бурхны оронд түрхэн саатахаар одсон билээ. Тэгвэл өнөөдөр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” аав маань амьдралынхаа сүүлийн мөчийн цаг зав, сэтгэл зүрхээ зориулан дуусгасан “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”, “Чингис хааны билиг сургаал” бүтээлүүд хэвлэгдэн түмэн олны хүртээл боллоо. Үхэл, амьдралтай тэмцэлдэж байх үедээ надтай хөөрөлдсөн сүүлийн мөчүүдийн нэг нь энэ бүтээлүүдийг гаргах тухай байсан санагдана.

Юутай ч эцгийнхээ хүслийг биелүүлж, номын цагаан үйлийг нь төгсгөх хувь завшаантай өдөр байлаа. “Бие хэврэг, билиг мөнх” гэж юутай үнэн. “Цагаан мөрт лам ах” хэмээгдэн, хожмоо “Цагаан морьт лам ах” хэмээн хувиран хүндлэгдсэн өвөөгийн маань үргэлжлэл өнөө цагт аавын маань номын цагаан мөрөөр үргэлжилж байна. Эзэн богд Чингис хаандаа мөргөмүй. Эрдэм төгс эцэг Тандаа мөргөмүй." хэмээв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button