"Эрдэнэт" ТӨҮГ-ын хаягдлын далан сэтэрч, нэг айлыг нүүлгэж шилжүүлжээ

"Эрдэнэт" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас өчигдөр /2024.05.23/ оройноос эхлэн ус шүүрсэн. Онцгой байдлын газарт эхлээд "Труба задарсан" хэмээн дуудлага ирсэн гэх боловч тус үйлдвэрээс хаягдлын даланд элс хураагдахын хэрээр түвшин нэмэгдэхийн хэрээр хажуу талын далангийн ёроол хэсэг рүү ус гарч шүүрдэг гэх мэдээлэл өгсөн юм.
Иргэд үйлдвэрийн ашигласан саарал ус иргэдэд хор хөнөөлтэй, 60 өрх бүхий Говил баг дээр яаралтай арга хэмжээ авч ажилла зэргээр оршин суугчдын групп-ээр дамжуулан шаардлага тавьсан.
Харин "Эрдэнэт" ТӨҮГ-аас ямар нэгэн эрсдэл, хор хөнөөлгүй гэсэн юм. Шүүрсэн ус айлуудын хашаан дундуур урссан тул нэг айлыг нүүлгэн шилжүүлж, улмаар шуудуу татаж гольдролыг өөрчлөх арга хэмжээ авчээ.
Мөн ОБГ, Цагдаагийн байгууллага, бусад холбогдох албаныхан 27 айлд зөвлөмж хүргэж, усанд өртсөн 4 айлын хашаа эд хөрөнгийг авран хамгаалж, 19 техниктэй ажиллаж, хэвийн нөхцөл байдалд оруулсан байна.
ОБЕГ-аас нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажиллаж иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан байсныг усны урсацын голдирлыг өөрчилж, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулган автозамын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч ажиллаж байна гэж мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.