Top StoriesНийгэм ярилцлага

Б.Түвшинболд: Хоёр охинтойгоо дуудлагаар машин өндөрлөдөг. Бид засварын газартай болохыг зорьж байгаа

Өдөр тутмын нийгмийн бужигнаан дунд хүн бүр өөрийн хийх ёстой зүйлсийг хичээнгүйлэн хийж буй. Үүний нэгэн жишээ бол Б.Түвшинболд хэмээх залуу юм. Түүний хувьд шатахуун түгээх станцад ажиллахын хажуугаар хоёр охинтойгоо дуудлагаар машин өндөрлөдөг.

Б.Түвшинболд эхнэр дөрвөн охины хамт амьдардаг. Хамгийн сонирхолтой нь том хоёр охиноо ээлжлэн авч явж, ажилдаа туслуулж буй дүр зураг олны хайрыг хүртээд байгаа билээ. Түүний хоёр бага хоёр охин нь гэрээ сахиж үлддэг бол том хоёр нь аавынхаа ажилд тусалж, өдрийг өнгөрүүлсээр гурван сарын хугацаа өнгөрчээ.

Биднийг аав, охидуудтай ярилцахаар очтол ажил нь ид өрнөж байв. Ес болон 10 настай хоёр охин нь хэлсэн багаж бүрийг нь мэдэн будилахгүй гарын үзүүрээр л аваачиж өгч, мундаг гэгч нь тусалж байгаа харагдана.

Тэд, “Өмнө нь өдөр 10 гаруй л машин өндөрлөдөг байсан бол одоо 10-20 машин өндөрлөж байна. Ойрын өдрүүдэд үүрийн 5 цаг хүртэл ажиллах тохиолдол ч гарч байна. Сайхан сэтгэлт хүн бидний хөдөлмөрийг үнэлж фейсбүүкээр мэдээлсэн нь үнэхээр том өөрчлөлт болсон. Бид өглөөнөөс орой болтол завгүй ажиллаад сайхан байна” хэмээн ярьж байлаа.

-Фейсбүүкээр таны охинтойгоо ажиллаж байгаа зураг нийтлэгдсэн. Та мэдсэн үү?

-Өө, тэгэлгүй яах вэ. Замын цагдаагийн тэнд машин өндөрлөхөөр охин бид хоёр очсон юм л даа. Нэг эелдэг залуу байсан. Нэрийг нь санадаггүй ээ. Дуучин эсвэл жүжигчин хүнийг нь л мэдээд байна. Охин бид хоёрыг ажлаа хийж байх хооронд зураг, бичлэг аваад нийгмийн сүлжээнд тавьчихсан байсан нь хүмүүст их таалагдсан бололтой.

-Машин өндөрлөөд хэдэн жил болж байгаа вэ?

-Машин өндөрлөөд гурван жил болж байна. Хамгийн анх нэг хүн фейсбүүк дээр “Дуудлагаар машин өндөрлөх хүн байна уу” гэсэн зар оруулсан байсан л даа. Надад машин өндөрлөх бүх техник нь байсан учраас тухайн үед очоод өндөрлөж өгч байлаа. Тэр үеэс л энэ санаа орж ирээд, үндсэн ажлынхаа хажуугаар дуудлагаар хүмүүс рүү очиж машиныг нь өндөрлөж өгдөг болсон доо.

-Одоо шатахуун түгээх газар ажилладаг. Харин ажлын бус цагаар дуудлагаар машин өндөрлөдөг-

-Давхар ажил хийдэг гэсэн дээ. Ямар ажил юм бэ?

-Би "Петровис" компанид түгээгчийн ажил эрхэлдэг. Бас л гурав гаруй жил ажиллаж байгаа. Жилийн жилд баярын өдрүүдэд амралтаа авдаг. Учир нь наадмын үеэр болон наадмын дараа дуудлага ихтэй байдаг болохоор амралтынхаа хажуугаар энэ ажил дээрээ төвлөрөөд л байж байна.

-Машин өндөрлөх ажил нэлээд хүч шаардсан харагддаг?

-Тийм ээ. Заримдаа бүр хөл дээрээ тогтохгүй, бие гараа даахгүй гэртээ ордог. Гэхдээ орой гэр бүлээрээ цуглардаг болохоор ядарсан ч инээд баяслаар дүүрэн охидуудыгаа хараад багахан ч гэсэн ядаргаагаа мартдаг.

-Бүх төрлийн машиныг өндөрлөдөг гэж сонссон?

-Ихэнх нь приус 30, 40, Harrier, Crown маркийн машинтай хүмүүс үйлчлүүлдэг л дээ. Гэхдээ заримдаа Бенз, Бамби зэрэг машинтай хүмүүс хүртэл ирээд өндөрлүүлээд л явуулж байсан. Ялангуяа Бензийг өндөрлөж болдоггүй, аюултай л гэдэг юм билээ. Гэхдээ аль болох тухайн машинд таарсан өндөрлөгөөг хийгээд л өгчихдөг юм даа. Одоогоор өдөртөө 10-20 машин өндөрлөж байгаа.

-Ингэхэд ямар мэргэжлээр суралцсан юм бэ. Авто тал руугаа юу?

-Аав минь тракторчин хүн байсан. Тийм болохоор би багаасаа л машин тэрэгтэй ноцолдсон хүүхэд байсан. Цаашлаад автын механикийн ангид суралцаж 2009 онд төгссөн байдаг. Энэ маань ч амьдралд ойр болохоор хоногийн хоолтой, шаналах зүйлгүй болгож л байна.

-Хөлөө хугалаад зургаан сар гэртээ суусан. Гэхдээ өмнөх шигээ ажиллах тэнхэлгүй болсон учраас хоёр охиноороо туслуулж байгаа-

-Эхэндээ ганцаараа дуудлагаар явдаг байсан байх. Яагаад охидуудаараа туслуулах болсон бэ?

-Ажлаа хийж байхад машин дээрээс труба унаж ирээд хөлөө хугалчихсан юм л даа. Хөлөө хугалчхаад зургаан сар гэртээ хэвтсэн. Тэр цаг хугацаанд хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэж, гэрийнхээ бас бус зүйлд л анхаарлаа хандуулаад байснаас биш санхүүгийн асуудал нэлээдгүй гарч ирсэн.

-Барби тоглох насан дээрээ машинтай зууралдаад явж байна. Өөрсдийнх нь сонирхол уу?

-Манайх чинь гачууртад байдаг. Зарим тохиолдолд манай гэрт ирээд үйлчилгээ аваад явдаг хүмүүс байдаг л даа. Тэр үед манай хоёр том охин ирээд сонирхоод л суучихдаг байсан. Би ямар сайндаа “Охин хүүхдүүд юунд үүнийг сонирхоно вэ. Явж барби, бамбаруушаараа тогло” гээд л үглэдэг байлаа. Одоо бол тоохоо байж дээ. Хүүхдүүдийнхээ сонирхлыг хүндлээд бас аавдаа тусалж байгаа сэтгэлийг нь бодоод хамтран ажиллагч болсон байна. Гэхдээ хөл эдгэтлээ л охидуудыгаа авч явна даа. Түүнээс цаашаа өөр өөрсдийн сонирхлоороо л амьдрах байх.

Их ажлын үед надаар заалгахгүй хэлсэн багаж болгоныг мэдээд л аваад ирнэ. Их мундаг л даа.

-Автомашинтай ажиллах их эрсдэлтэй шүү дээ. Хэр хамгаалалттай ажилладаг вэ?

-Үйлдэл бүр нь эрсдэлтэй бас мэдрэмж шаарддаг. Автомашинтай ажиллах нь хэн бүхэнд амар биш. Маш сайн мэдэж, судалсан байх хэрэгтэй, мартаж санахгүй байх хэрэгтэй. Хариуцлагатай бөгөөд сэрэмжтэй байхыг шаарддаг том ажил л даа. Хянуур байхгүй бол хүний аминд хүрэх ч эрсдэлтэй шүү дээ.

-Охидууд нь хэр нээлттэй вэ. Аав, ээждээ болж бүтэхгүй асуудлаа ярилцдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд багаас нь л тоо, үсэг зэргийг нь заагаад өгсөн болохоор аавдаа илүү нууц зүйлсээ ярих гээд байдаг шүү. Ихэнхдээ охид минь “Би том болоод эх орондоо хэрэгтэй хүн болно. Мундаг жүжигчин болно” гэдэг ч юм уу дандаа л гэрэл гэгээтэй мөрөөдлүүдээ ярьдаг. Мөн  өглөөнөөс орой хүртэл болсон бүхий л зүйлсээ яриад инээлдэнэ. Болохгүй зүйлсээ засах гэж оролдоно. Багаасаа л бие даагаад сурчихсан сайн хүүхдүүд шүү.

-Байнга дуудлагаар машин өндөрлөхгүй. Өөрийн гэсэн засварын газартай болохыг хүсдэг-

-Дуудлагаар машин өндөрлөөд явахад цаг хугацааны хувьд ашигтай байх?

-Хамгийн түрүүнд маш сайн цаг хэмнэнэ. Тухайн хүн заавал засварын газар бараадахгүй намайг дуудахад л хаа байгаа газар нь очоод л янзлаад өгнө. Тэр хүн ч ажлаа амжуулна, би ч тэр хооронд нь ажлаа амжуулчихна. Ийм л амар ажил байгаа юм даа.

-Энэ чигээрээ байнга дуудлагаар явах уу, эсвэл өөрийн гэсэн засварын газартай болох уу?

-Одоогоор манай гэрийнхний зорилго засварын газартай болох. Тийм  болохоор гэр бүлээрээ өглөөнөөс орой хүртэл хичээн ажиллаж байгаа нь энэ шүү дээ. Би гэхдээ 10 жилийн өмнө л засварын газартай болно гээд бодчихсон байсан л даа. Гэхдээ амьдрал наанатай цаанатай. Чадахгүй явсаар байгаад л байна. Хичээж байхад нэг өдөр болно доо. “

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон янзыг ааш, авиртай хүмүүс таарсан байх. Хүмүүсийн дийлэнх хандлагыг яриач?

-Анхандаа хүмүүс албатай юм шиг л харьцдаг байсан. Гэхдээ энэ нь маш бага хэсэг нь л дээ. Ихэнх хүмүүс “Цаг завыг минь хэмнэж өгсөнд баярлалаа” гэдэг. Ингээд нэг хүнд сайхан сэтгэл гаргах юм бол цаашаа танил хүмүүстээ намайг хэлээд байнгын үйлчлүүлэгчтэй болгочхож байгаа юм л даа. Хүн болгонд сэтгэлээсээ хандана гэдэг маш том зүйл байдаг юм билээ.

-Өглөө хэдээс гараад, хэдийд гэртээ орж байна?

-Сүүлийн өдрүүдэд нэлээн ачаалалтай байгаа. Өчигдөр гэхэд үүрийг 04.00 гэж гэртээ орсон. Наадмын өдрүүдэд үүрийн 05.00-06.00 хүртэл ч явсан үе байна. Цагийн хувьд их уян хатан ханддаг л даа. Зарим хүмүүс рүү би очно, зарим хүмүүсийг нь өөрөө гэрт минь хүрээд ир гээд дуудна” гэх мэтчилэн янз янз л байдаг. Энэ чинь миний ганц чадах ажил учраас би хөдөлж байж л гэр бүлээ элбэг дэлбэг амьдруулна шүү дээ.

-Биднийг энд ирснээс хойш таны утас ч зав чөлөөгүй дуугарч байна шүү?

-Тийм ээ. Хүмүүс зогсоо зайгүй их залгаж байна. Би зарим дуудлагыг нь л авч амжиж байна даа. Харин ажлаа хийж байхад залгаж байгаа хүмүүсийг анзаараагүй өнгөрөөд байгаа. Намайг их зантай гээд бодчих вий гэхээс жоохон санаа зовж байна. Би аль болох та нарын дуудлагад хариу өгнө өө.

-Таны бичлэгийг үзээд заалгах хүсэлтэй хүүхэд байвал хүлээж авах уу?

-Дуртай хүлээж авна шүү. Хөвгүүд байвал бүр л сайн. Охидууд бол сайн бодож байж энэ чиглэлээр сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол боолт суллаж, чангалахаас эхлээд хүч шаардсан зүйл байдаг учраас эрэгтэй хүүхэд, залуучуудад илүү тохирно гэж боддог.

-Таны эхнэр хоёр охиноо дагуулаад явахаар эсэргүүцэх, дургүйлхэх зүйлс хэлж байв уу?

 -Манай гэр бүл их бие биеэ ойлгодог төрлийнх. Тийм болохоор хоёр охиноо “Аавдаа хэсэг туслах хэрэгтэй” гэж үзээд хамт явуулж байгаа. Миний бага хоёр охин харин гэрээ сахиад л биднийгээ хүлээж суугаа даа. Гэрт байгаа хоёрын том нь 6, бага нь 4 настай. Багаасаа л биеэ дааж сурч байгаа хүүхдүүд дээ. Өдөр цайны цагаараа л дүрсээ харж ярьдаг. Одоо гэхдээ охидууд минь том болоод амар байна даа.

-Охидууд нь багажаа хэр удаж байж мэддэг болсон бэ?

-Энэ багажууд чинь хоорондоо адилхан тогтооход хэцүү. Гэхдээ миний хувьд хоёр охиндоо анхнаас нь бариулж, харуулж янз бүрээр зааж өгч байсан. Одоо бол багажаа хайхгүй шүүрээд, шүүрээд л авч өгдөг болсон.

Уг нь охидуудаа нэг нэгээр нь ээлжлээд авч явдаг байсан. Харин сүүлийн өдрүүдэд ачаалал ихсээд хоёуланг нь аваад явахгүй бол бие дийлэхгүй байна л даа.

-Та дээр засварын газартай болохыг зорьж байгаа гэсэн. Бусад засварын газраас юугаараа давуу талтай байна гэж харж байгаа вэ?

-Бусдаас тийм ч сүртэй давуу тал гаргахгүй ч гэсэн “Хайлшийн өндөрлөгөөг чанартай хийх” дээр л төвлөрч ажиллах байх.

-Та зорилгынхоо хэдэн хувьд хүрээд байна вэ?

-Хөлөө гэмтээснээс хойш зорилго гэдэг зүйлийг хэсэг мартсан. Харин одоогоос л урам орж эхэлж байна. Тэгэхээр “Миний зорилго одоогоос л эхэлж байна” гэж харж байгаа. Буцаад сайхан амьдрах эрч хүч, энерги бүгд байна.


Түүнтэй хоёр охин нь хамт ажилладаг. Том охиныг Т.Төгстөгөлдөр гэдэг, 10 настай. Харин бага охин Т.Монголжин нь 9 настай 85 дугаар сургуулийн сурагчид юм. Тэдний хувьд “Аавынх нь хөл өвдсөнөөр гэр бүлийнхээ санхүүгийн байдлыг тогтвортой байлгахын тулд зуны амралтаараа ажиллаж байгаа” гэнэ. Төгстөгөлдөр, Монголжин хоёр авто засварын талаар мэдлэгтэйгээс гадна шатар, даамын тэмцээнд амжилт гаргахаас гадна урлагийн авьяастай” гэж  хэсэг хугацаанд саатан ярилаа.

-Аавыг өвдсөнөөс хойш хоёр охин нь том болж байгаа учраас ажилд нь туслахаар машины багажуудыг цээжилж эхэлсэн-

-Анх яаж машины багаж, төхөөрөмжийг мэддэг болов?

Т.Т: Миний хувьд аавыг хөлөө хугалснаас хойш манай гэр бүл санхүүгийн дутагдалд орж эхэлсэн.

Тэгээд охидууд нь том болж байгаа учраас аавынхаа ажилд туслах нь зүйтэй юм байна гэж үзээд чадах чинээгээрээ  туслахаар багажийн нэрсийг цээжилж эхэлсэн. Харин манай дүүгийн хувьд багаасаа л автомашинд дуртай хүүхэд байсан л даа. Надаас илүү энэ ажилд дуртай.

-Та хоёр багадаа ямар ямар тоглоомоор тоглож байсан бэ?

Т.М: Бид хоёр бусад охидын адил барби, бамбарууш, дээс, айл гэр болох зэргээр л тоглож байсан. Хүмүүс бид хоёрыг машинаар тоглодог байсан уу гэж их асуусан. Гэхдээ энэ бол амьдралын эрхэнд л аавтайгаа ажиллаж байгаа хоёр охин шүү.

-Аавтайгаа ажиллахад юу нь хамгийн гоё вэ?

Т.Т: Аавтай ажиллах хамгийн гоё зүйл нь машинтай хот дундуур явдаг болохоор мэдэхгүй газраа мэдэж авах, бас зугаалж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Мөн өдөржин ажил хийснээ үр дүнд ааваасаа 10-20 мянган төгрөгийн цалин авдаг учраас хөдөлмөрөө үнэлүүлэх нь хамгийн сайхан.

-Авсан цалингаараа юу хийдэг юм бэ?

Т.М: Бид хоёр авсан цалингаа ээжид өгч хадгаламждаа хийдэг. Аав, ээж хоёр хэлэхдээ биднийг том болоход маш их хэрэгтэй гэж хэлсэн.

-Аав, ээж хоёртойгоо нээлттэй харилцаатай юу?

-Тийм ээ. Манай гэр бүлийнхэн маш нийтэч л дээ. Баярласан, гунигласан бүхий л зүйлээ ярьдаг. Тэр нь бид хоёрт үнэхээр сайхан байдаг. Хамгийн ихээр ээждээ л хамаг юм аа ярьдаг даа.

Аавтайгаа ажиллахад байнга санаа тавьж, биднийг гэдэг. “Ядарч байна уу. Өлсөж байна уу. Ядрах юм бол хэлээрэй” гээд л хайр халамж дүүрэн хүн шүү.

-Аавынхаа хөлийг эдгэтэл ажилд нь тусална-

-Аав нь өвдөөд гэртээ хэвтэж хэвтэж байхад нь бага ч гэсэн мөнгө олоод ирдэг байсан гэж байсан. Энэ талаараа яриач?

Т.Т: Би зураг зурах дуртай бас авьяастай л даа. Тухайн үед аавыгаа өвдсөн үед өөрийн чадах зүйлээр тусална гэж бодоод стикер хийгээд хүүхдүүдэд зардаг байсан. Өдөртөө 10 мянган төгрөгийг бол олоод л очдог байсан даа. Их дурсамжтай үе шүү.

Т.М: Би том болоод аавыгаа машины нэг дугуйг нь янзалж байхад нөгөө дугуйг нь янзалчихдаг байх хэмжээний болохыг хүсэж байгаа. Одоохондоо багаж, төхөөрөмжийг нь л ойртуулж тусалдаг. Хоёр охин нь аавынхаа хөлийг эдгэтэл ажилд нь туслаад явна даа.

-Та хоёр хичээлээ хэр сайн хийдэг вэ. Өөрсдөдөө цаг гаргаж амждаг уу?

Т.Т: Бид хоёр хичээл орж байх үед зөвхөн өөрсдөдөө л цаг заваа зарцуулдаг. Миний хувьд шатар, дааманд сонирхолтой. Тэр чинээгээрээ дүүрэг, нийслэлийн тэмцээнд оролцож, амжилттай оролцдог. Бас би том болоод жүжигчин болохыг хүсдэг. Одоогоос хичээгээд бэлдэж байгаа.

Т.М: Би хичээлээ сайн хийдэг. Бас би "Уран жиргээ" шүлгийн уралдаанд байнга оролцдог. Гэхдээ тийм ч сайн амжилт гаргадаггүй ээ. Манай аав, ээж гоё шүлэг уншдаг гээд байнга л магтдаг. Тэр нь надад үнэхээр сайхан санагддаг.

Би том болоод бага ангийн багш болно. Яагаад гэвэл хүүхдүүдийн дэвтрийг үзэж, хичээл заана гэдэг хамгийн сайхан ажил юм болов уу гэж боддог. Сайн хичээхэд болно доо.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
7 сар 17, 2024 08:33

Хэрсүү мундаг охидууд байна даа

Зочин
Зочин
7 сар 17, 2024 09:57

Ямар хөөрхөн охид вээ . Сайхан гэр бүл юма . Улам амжилт хүсэе

Зочин
Зочин
7 сар 17, 2024 12:47

Охидтой аав жаргадаг юм аа . Та гуравд амжилт !

Зочид
Зочид
7 сар 17, 2024 14:31

Аавдаа тус�##�даг ямар мундаг, зүтгэлтэй, хайр хүрмээр хоёр охиндоо баяр хүргэж байна. Хайртай аавынх нь хөл бүрэн эдгэрч танай гэр бүлд эрүүл энх, аз жарг�##�, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Аав нь өөрийн гэсэн гараштай болж дэлгэр сайхан амьдрана.

Авто ийн инженер
Авто ийн инженер
7 сар 17, 2024 14:34

Стандарт хэмжээндээ хийгдсэн машиныг гар аргаар өөр загварын пүрш амартизатор тавьж л өндөрлөнө, энэ нь машины аюулгүй байд�##�д нөлөөлж амархаан унах х�##�ьтарч гулгах гээд тун ч гэмтэй л дээ, мэрэгжлийн авто инженер үүд очиж үзэж ш�##�гах л хэрэгтэйм бн даа, уучлаарай хөө чамайг доош нь хийх гэсэнгүй, болгоомж хэрэгтэй баахан аюул осол гарах бий л гэж анхааруулсан юм,

Зочин
Зочин
7 сар 18, 2024 15:12

Хурдны зам дээр 180 хүргэх гэж байгаа биш, уярсан пүрш 1-2 см суулт авчихсан байгаа, хайлш 2,5 см өргөнө ингээд үндсэндээ норм�##�ь өндөрөөсөө ялгаагүй, ачаа ачиж хүн суугаад 2-3 см өндөрлөсөн нь буцаад 5-6см суудаг ингэхээр сүйдтэй аюул учрахгүй

Ebe
Ebe
7 сар 17, 2024 19:38

Erguu l#r man d sanalaa ugsun duu

Иргэн
Иргэн
7 сар 17, 2024 21:04

Монгол юм даа!!! Хөгжсөн оронд бол өөр шүү!!! Хөөрхөн охидууд аавдаа тус�##�на гэдэг ирээдүйд сайн болно шүү!!!

Дэл
Дэл
7 сар 17, 2024 21:36

Түрүүний хүн зөв хэлсэн байна стандарт гэж том юм байна машин хүний аюулгүй байд�##� их чух�##� хэр зэрэг хийсэн вэ цаг хугацаа харуулна тэрнээс муу юм бодож хэлсэнгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button