Нийгэм мэдээ

"Бие даалтын 7 хоног"-оор бага анги 15-20, дунд болон ахлахынхан 30-40 минутаас илүү хичээллэхгүй

Ерөнхий боловсролын сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог. Гэхдээ 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн сурагчид "бие даалтын долоо хоног"-той болсон.

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног энэ сарын 31-ны өдрөөс буюу Баасан гарагт эхэлнэ. Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах юм.

Гэтэл зарим хувийн хэвшлийн сургуулиуд тус бие даалтын долоо хоногоор бүтэн цагийн хувиараар хичээллэх болсон тухайгаа эцэг эхчүүдэд мэдэгджээ. Энэ талаар эцэг эхчүүдэд тайлбарлахдаа, "Сар шинийн баярын амралтаар илүү амарсан хоёр хоногийг нөхөж ажиллах журам баталсан. Энэ хүрээнд бие даалтын долоо хоногоор бүтэн хичээллэнэ. Удахгүй сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхлэнэ" гэж мэдээлжээ.

Боловсролын ерөнхий газраас өнгөрсөн оны наймдугаар сарын 16-ны өдрийн 01/3576 дугээр албан бичигт "Бие даалтын долоо хоногийн зохион байгуулах" зөвлөмжийг баталжээ.

Уг зөвлөмжид "Бие даан гүйцэтгэх ажлыг сонирхлын дагуу баг болгон байгалийн ухаан, нийгмийн ухаан гэх мэт судлагдахууны интеграц хэлбэрээр өгч болох бөгөөд хийж гүйцэтгэх хугацааг бага ангид өдөрт 15-20 минут, дунд болон ахлах ангид өдөрт 30-40 минутаас ихгүй байхаар төлөвлөх" гэж заажээ.

Энэхүү зөвлөмж шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургуулиуд "Бие даалтын долоо хоног"-ийг зохион байгуулах учиртай.

Хичээлийн жилийн бие даалтын долоо хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button