НИЙГЭМНийгэм мэдээ

Цэцэрлэгийн сурагчаа зодож, харааж, өрөөнд тусгаарласан багшийг ₮800 мянгаар торгожээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын есдүгээр цэцэрлэгийн багш С сурагчаа удаа дараалан зодож, бусдаас гадуурхаж, ариун цэврийн өрөөнд тусгаарласан үйлдэл гаргасан байна.

Тодруулбал, тухайн цэцэрлэгийн сурагч 3 нас 11 сартай А-г сурч боловсрох, бусадтай тоглох, хоол идэх, цай уух эрхийг нь хязгаарлаж биед халдаж ангиас хөөж гаргасан, бага насны хүүхдийг хулгайч гэж дуудсан, бусдаас тусгаарлаж ганцааранг шийтгэж коридорт болон 00 өрөөнд байлгасан, ууттай хувцсыг шидэж өгсөн зэрэг харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Улмаар тухайн цэцэрлэгийн зүгээс С гэх багшийн ажлаас нь чөлөөлсөн ба үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокурорын дүгнэлттэйгээр шүүхэд шилжжээ.

Иймд энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: 16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах

1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button