Кейс: Хүүхэд дайрч хүнд гэмтээсэн ч хоригдоогүй. Амь насыг нь хохироосон ч бага ял авсан хэргүүд
Өдрийн цагаар гарцаар гарч яваад автомашинд дайруулж амь нас, эрүүл мэндээрэй хохирч буй хүүхдийн кейс жил бүр давтагддаг болов.
Албаныхны зүгээс осол гарах бүрд тэс хэсэг газарт хурд сааруулагч байршуулж замын зураас тодруулах зэрэг ажлыг хийдэг. Гэхдээ үүнийг зөвхөн хүүхдийн амь эрсэдсэн эсвэл хүнд бэртсэнийг хэвлэлүүд мэдээлж хариуцлага нэхсэн үед л тухайн зам засагддаг болсон нь тодорхой хэдэн жишээнээс харагддаг.
Мөн яагаад анхааруулж, нийтэд бодитоор сэрэмжлүүлсээр байхад ослын тоо нэмэгдсээр байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Хэвлэлийн хувьд ч тэр осол бүрийн араас хохирогчийн ар гэрийг яриулж, замын хурд сааруулагч тавихыг шаардаад өнгөрүүлдэг нь хүнд хүрдэг ч хүүхдийг хамгаалсангүй.
Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 7-ны өдөр БЗД-т гарцаар гарч явсан 12 настай хүү "Приус-30" маркийн автомашин хурдаа сааруулалгүй дайрсан осол гараад байна. Хүүгийн биеийн байдал өдгөө маш муу. Хүнд бэртэлтэй эмчлүүлж байгаа гэх. Харин жолооч нь эмэгтэй байсан нь нотлогдоод байгаа юм. Мөн тус зам дээр болсон жилд багадаа 3-4 хүүхэд осолддог гэх мэдээлэл бий.
Үүн дээр одоо асуудал биш хууль ярих нь зөв байх. Учир нь өнгөрсөн жилүүдэд зөвхөн олонд ил болсон хүүхэд дайрсан ослын жолооч нарын зарим нь одоог хүртэл хуулийн хариуцлага хүлээж ял шийтгэл аваагүй. Харин зарим нь хүүхдийн амь хохироосон хэр нь бага гэж хэлж болмоор ял шийтгэл авсан байгаа нь жолоочдын хариуцлагад нөлөө үзүүлж байгаа нь мэдээж.
Ингээд өмнөх жилүүдэд гарч олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан зөвхөн ил гарсан зам тээврийн осолд жолооч ямар хариуцлага хүлээснийг дэлгэрүүлэн хүргэе.
НЭГ. Тахилтад гарцаар гарч явсан хоёр охиныг дайрч, нэг нь амиа алдсан хэрэг:
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудалд 2023 есдүгээр сарын 21 /2023.09.21/-ний өдөр 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам гарч яваад автомашинд мөргүүлж, улмаар нэг нь газар дээрээ нас барж, нэг нь хүнд гэмтэл авсан харамсалтай хэрэг гарсан.
Тус хэргийг шүүх хурал 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болсон. Улмаар шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодож яваад тус ослыг гаргасан 27 настай иргэнд 4.6 жилийн хорих ял оноосон байгаа юм.
Учир нь дээрх осол нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэсэн заалтад хамаарсан байгаа юм.
Ингээд тус зүйл ангийн 3-р хэсэг энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн заалтаар жолоочид ял шийтгэл оногдуулжээ.
ХОЁР. Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн хэрэг:
Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байдаг.
Улмаар Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх олон удаа хойшилж, сунжирч явсаар хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Харин Ч.Маралмаа уг шийдвэрийг эсэргүүцэж, тэрээр давж заалдсан ч давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэлэлцээд гомдлыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Гэтэл үүний дараа цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулсан байх ёстой Ч.Маралмаа эрх чөлөөтэй явж байгаа нь олон хүний анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан.
Харин албаныхан Ч.Маралмаа цахим гав зүүж, зорчих эрх нь хязгаарлагдана гэх мэдээллийг өгсөн ч биелэлтийн талаарх мэдээлэл байдаггүй.
Энэ мэтчилэн хүн дайрч гэмтээсэн ч торгууль төлөөд салчихдаг тохиолдол их бий. Дээр дурдсан жишээ олны анхааралд өртсөн том хэргүүд. Бас анзаарвал аль аль нь хоёр хүүхэд дайрсан хэрэг. Гэтэл шийдвэрлэлт нь ийм. Тэгэхээр далд болж шийдвэрлэгдэж буй ослын ял шийтгэл ямар байх нь тодорхой. Осол гармагч очиж замаа засах биш хуулиа засах цаг болсон юм биш үү.
Д.ЖАРГАЛМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...НОВШИЙН УОС НИЙГМИЙН БАЙДАЛ..ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ..МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Ч ЁСТОЙ УЛ БОЛЖ ДЭЭ..