Нийгмийн

Аавдаа бичсэн бадгууд

Гуравдугаар сарын 23. Аавын минь төрсөн өдөр. Яагаад ч юм энэ өдөр амьд байсныг нь, амьдарч байсныг нь илүү тодоор сануулдаг.

Ийм л сэтгэл донсолсон өдөр аавдаа бичиж байсан шүлгүүдээ хүргэе гэж бодлоо.


Амьсгал хураахын өмнө та
Хэнийг бодсон бэ?

Ард үлдэж байгаа амьдрал
Амьдралд дадаагүй үрсээ
Яаж шуухан амьдрах бол
Ямар хүнтэй ханилах бол гэж
Бодож амжсан уу?
Эсвэл....
Анхны шөнөө нэхэн дурсаж
Аав болсон мөчөө санагалзан
Анх хэлд орсон өдрийг минь
Аньсгандаа тэвэрсээр одсон уу?

Хариулаач дээ ааваа!

Амьсгал хураахын өмнө хүн
Яг юу боддог юм бэ
Амрагаа юу, үрсээ юү
Алдаагаа юу...


Аавыгаа хаана нутаглуулсаныг ч мэдэхгүй

Нутаглуулсан газар нь зориод очих ч зориггүй

Арван естэй ч амьдралаас уйдсан

Уйдсандаа уйлж үзсэн

Эмтэрч дуусдаггүй чулуун зүрхтэй байж магад би!!

Хүргэндээ өгнө гэж ижийн хадгалсаар л буй

Хөөрөгний даалимбин дотор нь бөндийж хэвтсэн нар

Хөөрхий эцгийн минь нулимс шиг бүлээн санагдаад

Хүрч үзье гэтэл салхи зүүн чихэнд

Хүний юм гэж хоёронтоо шивнэлээ

...Үүлс нүүсээр зүрхэн тушаа хунгарлах шиг

Үгс гэдэг будаа шиг олуул ажээ


СалхилахУЙ

Цасан дээр үг бичиглэх хуруу

Даарах нь ч яамай гэж бодлоо.

"Санаж байна, түргэхэн ир!” хэмээх

Сайхан үгсийг би тэндээс үсэглэн зогсов.

Дөхөж очоод л харин түргэхэн нүдээ анилаа

Дүүрэн гуниг цээжин цаана далайн чимээтэй...

Дурсан санахад ойрхон атал

Дуслах нулимсны чимээг үл сонсох

Бээрч буй гарнаас ч үл атгах

Биднийг бүтээсэн баатар эзгүй.


Хамгийн дулаахан шороон дор

Хамтдаа аавыг минь өлгийдсөн

Арван нэгдүгээр сарын салхи аа

Уулс хичнээн дүнсгэр, царай муутай харагдана вэ

Угтаа тэдний сүүдэрт өвснүүд галбираа гээж,

Шувууд нь амраглангаа тэнгэрт нисэх хүслээ тасчиж хаяад

Яс зурж өнгөрдөг ихийн их хүйтнийг туулж

Яруу найраг, эсвэл орон гэрээ бодож алхах уйт их ганцаардагчийг

Шоовдор хүн гэж итгээд шоолж суудаг л байх.

Дүнгэнэн буй моддын дэргэд

Дүлий мэтээр сууж

Дөлөөд одсон хамгийн ойрын хүмүүсээ

Санан ганцаарднам арван нэгэн сар аа...

Хэсэг цагаан үүл

Хэн нэгнийг чандлаад

Хэсэгтээ л үл задарч сарнинам

Орь хүйтэнд хавирган завсраар салхи сийгэж

Цэл залуухнаараа даарч жиндэхийн учигт

Чамайг л бодож алхнам

Хамгийн ойрын садан арван нэгэн сарын салхи аа!


Бүргэдийн үүр шиг төрсөн гэртээ

Бүгэдхэн ханиасаар аав минь ороод ирвэл

Бурханы өмнөх зул зураг хоёрыг

Бид хааш нь нуух билээ

...Галын дэргэд зогсоод хөшиж орхисон ээжийгээ

Гайхан зогсохыг хараад

Галын дэргэд зогсоо бидэн ч

Гал халуун нулимс унагах байх даа

Гал халуун нулимсандаа согтоод

Гар гараасаа хөтлөлцөөд дуулалдах л байх даа

Нэг л өдөр гэгээ татуулаад ороод ирэх юм шиг

Нээрэн хүлээсээр байвал уулзах ч юм шиг

Нэг өдөр гэдэг нь маргааш ч байж болох юм шиг ээ.

Хойд уулыг шөнөжин бороо угааж

Хоолойд тээглэсэн үгс нулимс болж зангираад

Хонь малын бэлчээрт дуу тань бүдэгхэн сонстоод

Хаалга үүдээр гэнэтхэн л

Хаврын салхи адил ороод ирэх юм шиг санагдна.

Бүргэдийн үүр шиг төрсөн гэртээ

Бүдэгхэн ханиасаар та минь ороод ирвэл

Бидний амьдралд өөр юу ч хэрэггүй ээ...


Чулуун гэр бариад цайгаа чаначихсан шүү

Чихэр авч ирээрэй хамгийн гоёос нь

Сар аргамжаатай байсаар өглөө болсонгүй

Саахалтын өвөөгийнд та ирсэн юм биш байгаа.

Нэрмэлд согтсон шувууд, тэнгэрээр хөөрцөглөж нисэлдээд

Нимгэлж орхилоо сэтгэлийг минь

Таных шиг нөмөртэй дулаахан цээж олдохгүй байна

Тас тэврээд уйлж аашлуулж аргадуулмаар...

Гэвч тэнгэр ямар хол юм бэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхөн бичдэг охин бна:Гуниг үнэртэж бна
\

Зочин
Зочин

Gaihaltai...aaviig nuhsun naiztai bolooroi

Зочин
Зочин

...duuren gunug tseejin tsaana dalain chimeetei...

Холбоотой мэдээ

Back to top button