Нийгмийн

С.Одонтуяа: Д.Ганзориг дарга маш буруу ярьж байна


Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд болсон.

Түүнчлэн хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдсан билээ. Эл болон хилийн цэргийн анги, салбаруудтай холбоотой асуудлуудаар яг одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа. Тэрбээр “2019 оноос хойш 12 цэрэг амиа алдсан байна. Олон цэргийн амь нас хохирлоо. Энэ асуудлыг яаж таслан зогсоох ёстой юм бэ?

ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг:

Сүүлийн үед цэрэг амиа алдсантай холбоотой харамсалтай үйл явдал болсон. Энэ асуудлыг хууль зүйн хүрээнд бүгдийг нь авч хэлэлцүүлнэ. Салаан захирагч Б нь хууль журмын дагуу хариуцлага хүлээнэ. Та 12 хүний амь нас алдсан байна гэж байна. Би энэ тоог мэдэхгүй байна. 2019 оноос хойших бүх мэдээлэл надад байна. 336-р ангийн байрлалд 17 цэргийг хөнжил гудсыг өргүүлэн гүйлгэж байхад байлдагч А амиа алдсан. Тухайн хэрэгт холбогдсон алба хаагчид 6 сараас 5 жил хүртэл ял авсан. Ялаа эдэлж байна.

Дараа нь 327-р ангид өвс хадлангийн ажилд гарсан бүрэлдэхүүн дунд байлдагч Н 2019 оны 9-р сард хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаагүйн улмаас машинаас унаж нас барсан. Энэ хэрэг мөн шийдэгдээд явж байна.

Хамгийн сүүлд энэ оны 3.28,29-нд болсон ёс зүйгүй үйлдлийн улмаас цэргийн ам нас хохирсон. Дэслэгч Г цагдан хоригдсон. Энэ хэргээс үүдэлтэй бид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өгсөн.
Манай цэргийн алба хаагчид дунд ёс зүй харьцааны асуудал гардаг. 2018-2019 онд ихэнх нь гарсан. Түүнээс хойш 50 хувь буурсан. Одоо үр дүн гарч байгаа. Гэхдээ эцсийн дүндээ хүрэхэд бүрэн төгс болоогүй байна.

Цэргийн амь насыг хэнээс нэхэх вэ гэдэгт хариулахад холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээнэ. Зэвсэгт хүчний асуудлыг бид хүч хүрч, дангаараа шийдэж чадахгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Та маш буруу ярьж байна. Сүүлийн хүн амиа алдахад ажлаа эрчимжүүлж байна гэж ярьж байна. Яагаад олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм бэ. 2018 онд оргил үе гэж ярих буруу. Дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй санал нийлж байна. Тиймээс хуралдаад, хамтраад, ямар ажил хийвэл таслан зогсоох юм бэ гэдгийг ярьж байна. Чадахгүй байгаа, хүч хүрэхгүй байгаа ажлаа бидэнд танилцуулах хэрэгтэй?

ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг:

Сүүлийн таван жилд гарсан үзүүлэлтээр харж байгаад оргил гэж ярьсан нь миний буруу байлаа. Төсөв мөнгөний асуудал хязгаарлагдмал байгаа. Алдаа гарч байгаагаас сургамж авлаа. Бүтэц зохион байгуулалтын хувьд 2021 оноос үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой явж байсан. Гэхдээ хяналтдаа авч чадаагүй байнаас алдаа гарлаа.

Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button