
“Токио-2020”олимпын наадмаас Монголын жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаи Саид мөнгөн медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ. “Eguur.mn”сайт өнөөдөр Саид Моллаиг “Өнөөдрийн онцлох тамирчин”-аар онцолсон билээ.
Цахим орчинд монголчууд түүнийг “Манай аймгийнх. Үгүй ээ, манайх” гээд тэрүүхэндээ нэлээд “булаацалдаж” байна. Өчигдрөөс бүр ч их. Аймаггүй бүр Улаанбаатар хотын ч харьяат бус бөх бол тэр л дээ. Монголчууд түүнд Молом гэдэг нэр өгсөн. Ялангуяа спортын хүрээнийхэн түүнийг Молом л гэдэг. Түүнээс бусад бүх тамирчин аль нэг аймаг, сум, дүүргийн харьяат. Улаанбаатарт төрсөн нь аав, ээжийн талдаа элэгсээд овоглон барилдах нь элбэг. Харин Моломд тийм нутаг, ус байхгүй. Тэр зөвхөн Монголын бөх л гэж явдаг. Ингээд тодотгохоор хэний тухай бичиж буйг гярхай уншигчид торох юмгүй таасан нь лавтай. Тиймээ, тэр тамирчин бол ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаи Саид.
Ираны жүдоч тэрбээр иргэншлээ солин, Монголын иргэн болоод хэдийнэ хоёр жил болжээ. Түүгээр ч үл барам манай улсыг зориод ирсэн Моллаи Токиогийн олимпын наадамд монгол түмнийг төлөөлөн өнөөдөр барилдана.
МОНГОЛЫН ТАМИРЧИН БОЛСОН АНХНЫ ГАДААД ЖҮДОЧ

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын гол өрсөлдөгчдийн нэг, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт тэрбээр Монгол Улсыг төлөөлөн олимпын дэвжээнд зодоглох гадаадын анхны тамирчин. Түүнээс өөр монгол түмнийг төлөөлөн олимпод өрсөлдсөн легионер үгүй. Зүгээр нэг анхдагч болоод зогсохгүй олимпын аварга болох, медаль хүртэх боломж түүнд дүүрэн бий.
ОЛИМПЫН ӨМНӨ “TIME” СЭТГҮҮЛ ТҮҮНИЙГ ОНЦОЛЖЭЭ

Эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-д хоёр удаа V байрт шалгарсан, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн манай улсын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн нарыг гэрт нь үлдээн, Моллаи олимпод оролцож буй.
Монголын жүдочид түүхэндээ эл жинд олимп, ДАШТ-ээс медаль авч үзээгүй яваа. Эл бараан цувралыг Моллаи зогсоож чадах, Токиогийн олимпын дэвжээнд Монгол Улсын нэрийг дуурсгаж чадах эсэх олны анхаарлыг ихээхэн татаж байна. Түүнийг гадаадын хэвлэлүүд ихэд анзаарч, онцолж буй. Хамгийн сүүлд л гэхэд олимпын өмнө “Time” сэтгүүл түүнийг онцолсон билээ.
ТҮҮНИЙ ЧАНСААНЫ ОНООГ ТЭГЛЭЭГҮЙ ВЭ

Олон юм нуршилгүйгээр Моллаи Саид гэж ямар тамирчин, яагаад Монголын тамирчин болсон талаар үргэлжлүүлье. Тэрбээр Монголын тамирчин болвол жүдогийн дүрмийн дагуу дэлхийн чансааны оноогоо хасуулах учиртай байв. Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэг Казахстаны тамирчин болохдоо чансааны оноо нь тэгээс эхэлснийг спортын хорхойтнууд сайн мэднэ. Тэгвэл IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шалтгаанаар иргэншлээ сольсон түүнийг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээсэн.
Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй. Гадаадын жүдоч Монголын иргэншил авсан анхны тохиолдлын эзэн нь тэр. Тэр хэрээр Монголын жүдогийнхны төдийгүй ард түмний хувьд шинэ зүйл.
МОЛЛАЕЙ САЕИД ЯАГААД ИРГЭНШЛЭЭ СОЛЬСОН БЭ

Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Үүний улмаас Ираны жүдочид 2019 онд Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Моллаи Саид 2018 онд дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм.

Тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег мөн цэвэр ялав.
Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч руу утсаар холбогдон, Моллаиг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв.
Түүгээр ч үл барам хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Үүнийг сонссон Моллаи бие халаалтын өрөөнд уйлсан гэдэг. Иранчууд тэгээд л зүгээр орхисонгүй. Түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Моллаей Саеидтай уулзан, дахин сануулжээ.

Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Моллаи Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ.
ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилдаж чадах билээ.
ДАШТ-ий дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүрвэв. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр 2019 онд Монгол Улсын иргэн болсон юм. Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнийг Монголын харьяат болгосон юм.
Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь Монгол Улс түүнд алгаа тосон, угтсан юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын хугацаанд тэмцээн төдийлөн болоогүй. Монголын тамирчин болсноосоо хойш Моллаи өнгөрсөн жил Будапештын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэн, Монгол Улсын далбааг олон улсын дэвжээнд анх удаа мандуулсан юм. Он гарснаас хойш Тел-Авивын тэмцээнээс мөнгө, Азийн АШТ-д Монголоос ганцаараа барилдан, хүрэл медаль хүртээд буй. Монгол жүдочдоос халдвар илрээд Азийн АШТ-д барилдаагүйг манай уншигчид сайн мэдэж байгаа мэдээж. Үүний сацуу Монголыг төлөөлөн энэ жил ДАШТ-д зодоглохдоо VII байрт шалгарсан.

Ер нь ямар ч хүнд иргэншлээ солих амаргүй байдаг. Ялангуяа тамирчдад бүр ч хэцүү. Тухайн орны иргэд хэрхэн хүлээж авах, өөрийн орон зайгаа олж, амжилт гаргаж чадах эсэх гээд олон асуулт Моллаигийн өмнө байсаар ирсэн нь мэдээж.
За, тэгээд иранчууд түүнд хэрхэн хандах, яаж хавчих нь өөрөө ярвигтай асуудал. Ийм нэгэн жүдоч Монгол Улсыг төлөөлөн Токиогийн олимпын дэвжээнээс өнөөдөр мөнгөн медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье. Монгол түмэн элгэн тэврэх болно.
Amjilt husie
Iran humuus mongolchuudad ih sain bdg
yladaasai..uur oron ruu dahij tsagaachlahiig husii.mongold pers kazak durvuduud hereggui.bair hool tsalin uramshuulal geed asar ih mungu tatvar tulugchdiin karmanaas garch bna.medalitai medalgui mongolchuud bolood l bn.tamirchid gegch huls shivtereeree uursdiinhuu tuluu yvj bga uls.tedend ugdug tsalin uramshuulal geh olon terbum tugrug mongoliin ediin zasgiig tuilduulj bna
Chi hutsaach, harin chamaar dutahgui shuu. Delhi dayarchlagdaad neg bolj bhad jorlondoo suuj bsan g###g ym bh daa. Jaahan ym unsh zaa, tenegee!!! Chamaig harin Mongold hen ch medehgui bn shuu.
Chi hutsaj amidar za!!!