Ж.Нарангэрэл: Улсын хэмжээнд хавдраар оношлогдсон 24 мянга гаруй хүн бий

ЭМЯ-нд тус яамны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл "Манай улсын хүн амын тоо, үзүүлэлтээсээ шалтгаалаад, Хавдар судлалын үндэсний төвтэйгөөр хөгжиж ирсэн. Гэхдээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд дээр бол хавдрын кабинет, хавдрын эмч нар ажилладаг. Тэнд тохиолдлын тооноосоо шалтгаалсан үзүүлэлтээр хими эмчилгээний болон мэс заслын эмчилгээний тасгууд байгуулагдах бололцоо байгаагүй. 2020 онд манай улсад 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Улсын хэмжээнд одоогоор 24 мянга орчим хүн хавдартай нь оношлогдоод, эмчийн хяналтад байна. Хавдар нийгмийн хүчин зүйл, бид бүхний идэж ууж, хэрэглэж байгаа зүйлсээс шалтгаалаад жилээс жилд нэмэгдэж байгаа. Монголд 2040 он гэхэд жилд хавдартай 11 мянган хүн оношлогдоно гэсэн тооцооллыг ДЭМБ-аас гаргажээ.
ХСҮТ-д мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээг хийж байгаа. Харин анхан шатны мэс засал, оношилгоо, протоколын эмчилгээний төвийн хими эмчилгээг орон нутаг болон дүүргийн эмнэлэгт хийх ёстой юм. Ингэж байж бид нэг төвийнхөө ачааллыг бууруулна. Иргэнд очих үйлчилгээг илүү ойртуулж, хүртээмжтэй болгох зорилготойгоор орон нутагт болон эрүүл мэндийн байгууллагуудад хавдрын тасаг байх нөхцөлийг бодлогоор дэмжин ажиллаж байна" хэмээв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.