Нүүрсний хулгайтай тэмцэх зуурт Монгол Улс "Нэг намын тогтолцоо" руу гулсаж явна

Засгийн газар анхлан "Шүгэл үлээсэн" “Нүүрсний хулгай”-тай хийх тэмцлийг иргэд "МАН доторх үе хоорондын тэмцлийн илрэл, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуу үе бодит эрх мэдэлтэй дээд үеэ шахаж гаргах оролдлого" гэж харж, хэрвээ үнэхээр тийм бол дэмжээд явчихья гэсэн бодолтой нь зонхилж байв. Бат итгэл байхгүй ч аймаг сумын иргэд, сонгогчидтой биш, зээл өгдөг дэлгүүртэй нь ажиллаж сонгогдоод сурчихсан улстөрчид ард түний амьдралыг хэзээ ч сайжруулахгүй гэдгийг ойлгосон учраас арай өөр байх болов уу гэж горьдсон л хэрэг юм. Тийм ч учраас талбай дээр олон хоног жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Ард түмнийг ингэж нэгтгэх хэцүү. Манайд бол 1989, 1990 оноос хойш анх удаа л ингэж олон хоног үргэлжилсэн, дорвитой жагсаал болж байна. Тиймээс энэ тэмцэл тодорхой үр дүнд хүрэх ёстой. Гэхдээ тэрхүү өөрчлөлт нь гэхдээ гагцхүү бидний 30 жилийн өмнө хүссэн, зам зууртаа гажуудчихсан /гажуудуулсан гэж хэлбэл илүү ононо/ замдаа эргэн орж, тогтолцооны шинэчлэлт хийх, эцсийн дүндээ иргэдийн амь, амьжиргаа дээшилдэг, өөрөө л хичээвэл хэн нэгний дэмжлэггүйгээр эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломжоо олж авах, нэгэнтээ шударгаар олж авсан баялгаа өөртөө үлдээж захиран зарцуулах эрхтэй байх гэх мэт явцын дунд алдагдсан олон боломжуудаа олж авахад чиглэж байгаа гэдгийг иргэд өөрсдөө эхлээд ойлгож, энэ зуурт алсдаа олон нийтэд ашиггүй, эрх баригчдад ээлтэй жишиг тогтож байгааг анзаарах хэрэгтэй байна.
Иргэдийн шаардлага, дэмжлэгээр явж буй “Нүүрсний хулгай”-тай тэмцэх зуурт ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон тулгуур зарчмууд зөрчигдөж, иргэдийн хүслийн яг эсрэг алхмуудыг эрх баригчид хийж эхэллээ.
- Хулгай нүүрлэсэн гол газар гэх, орон нутгийн, хувийн өмч хосолсон “Тавантолгой” ХК-д БЭТ томилж, улмаар бүхэлд нь төрийн өмчид авах асуудлыг судлахаар болчихлоо.
- Иргэдийн шаардлагын дагуу мөрдөн байцаалтад байгаа, гэм буруу нь хараахан тогтоогдоогүй хэргүүд, холбогдогчдыг ил зарлаж байна.
Энэ нь цаанаа иргэн хувийн өмчтэй байх, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутан гэж үзэхгүй байх мэт ардчиллын тулгуур зарчмуудыг ноцтой зөрчиж буй.
Төрийн аливаа шийдвэр жишиг бий болгодог. Угтаа төрөөс ардчиллын тулгуур зарчим, хүний эрхийн суурь ойлголтуудыг шаардаж жагсчихаад эргээд өөрсдөдөө халтай жишиг бий болгож болохгүй.
Ардчилал бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөн, тэгш боломж.
Дэлхийн эдийн засгийн схем бүхэлдээ энэ зарчим дээр суурилж байгаа. Мэдээж хэрэг, эдийн засгийн аппарат, Үндсэн хууль, сэтгэлгээний ялгаатай байдлаас хамаараад улс орон бүрт өөрийн онцлогтойгоор хөгжиж байгаа ч дээр дурдсан ойлголтуудад үндэслэсэн, нийтлэг шийдлүүдийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, иргэн Доржийн шинээр үүсгэн байгуулагдсан дурын компани цаашдаа ямар ч саадгүй өсөн дэвжсээр үндэсний хэмжээний компани болж томрох боломж олгохыг чармайх болсон. Чухам ийм боломжийг бүрдүүлсэн улсыг “Ирээдүйтэй” гэж цоллож, жишиг болгож байна. Хүчтэй нь хүчгүйгээ залгих харгис гэмээр зарчимтай ч төр үүнд хавсайдаж оролцох ёсгүй гэсэн энгийн дүрэмтэй.
Өнөөдөр бидний хүсэл, жагсаалаас гарах үр дүн чухам энэ болохоос хэдэн хулгайчийг барьж шийтгэх биш. Хулгай хийсэн нь батлагдсан этгээдүүд хариуцлагаа хүлээх нь зүй ч явцын дунд байдлаа дордуулж болохгүй.
-“Нүүрсний хулгай”-н тэмцлийн явцад олон намын тогтолцоо хүчгүйдэж, нэг намын тогтолцоо руу гулсаж байна-
“Нүүрсний хулгай”-тай хийх тэмцлийн сүүдэр нь ганц эрх баригчид жагсагчдын шаардлагыг буруугаар ашиглаж байгаад ч биш. Давхар олон намын тогтолцоог хүчгүйдүүлж, нэг намын тогтолцоо бэхжих үндэсийг тавьж байгаа явдал юм. Яг ч нэг намын тогтолцоо биш л дээ. Гарчигт хаалтад бичсэн нь ч ийм учиртай. Гэхдээ л МАН гэх ганцхан нам, тойроод хэдэн тоглоомын намтай болох зам руу улам хурдтай гулсах нөлөө үзүүлэх нь тодорхой болчихлоо.
Цаад утгаараа ардчилсан намын гол санхүүжүүлэгч, орлогын эх үүсвэрийг тасалж байгаа нь эрх баригч нам дотроо хагарсан биш, харин ч яг нэг тийшээ харчихаад улс төрийн гол өрсөлдөгчөө зохион байгуулалттайгаар, намнаж байж мэдэхээр байна.
Жагсагчдыг мэдээллээр хангах нэг эх сурвалж болсон ХҮН-ын дарга Т.Доржханд
- Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин сонгогдох эрхгүй болгох
- УИХ-ын гишүүдийг Засгийн газрын танхимд оруулах,
- Одоо болж буй жагсаалд хүч нэмэх
гэсэн маш тодорхой гурван “ажиллагаа”-нд хүч хавсарч оролцоод хариуд нь гагцхүү Парламентын засаглал, олон намын тогтолцоог хэвээр хадгалахыг хүсэж буй нь анхаарал татна.
Түүний оролцсон гурван ажиллагаа бүгд эрх баригч намд ашигтай, хүслийг нь гүйцэлдүүлсэн, эсрэгээрээ хамгийн хүчтэй сөрөг хүчин болох АН-ын эсрэг эргэж байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй өнцөг.
Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд 32 жил өнгөрлөө. Гэвч энэ хугацаанд УИХ-ын мандатын тоогоор /76/ нэр дэвшүүлэх чадалтай улс төрийн хүчин хоёроос /МАН, АН/ илүү төлөвшсөнгүй. Одоо бүр нэг намын тогтолцоо руу явж, энэ ажилд өөр нэг нам тусалж байгаа нь бас л нэг гажуудал гэлтэй.
Т.Доржхандын тухайд, хамгийн том сөрөг хүчин, нөгөө талаар хүчтэй өрсөлдөгч АН-ыг үгүй хийгээд сөрөг хүчний орон зайг эзлэх санаа агуулж байгаа нь тодорхой байна. Улстөрчийн хувьд буруутгах аргагүй. Парламентын ардчиллаа бэхжүүлэх ёстой гэдэгтэй нь ч санаа нийлнэ. Гуравдагч хүчин гэдэг утгаар нь хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин санаатай санаандгүйн алин болох нь мэдэгдэхгүйгээр эрх баригчдад тусалж, нэг нам, хэдэн тоглоомын намтай улс болгоход нь тусалж байгааг хэрхэвч зөвтгөж боломгүй.
“Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийг сайтар ажиглах ёстой болж байна
“Олон намын тогтолцоо хүчгүйдлээ” гэдэгт ач холбогдол өгөөд байгаагийн учир нь, Монголд энэ тогтолцоо угаас хүчгүйдэн, хүчгүйдсээр одоо байх уу үгүй юу гэдэг шийдвэрлэх үедээ ирлээ гэж харсных юм.
Монголд хоёр дараалж нэг намын хэт олонхтой парламент бүрдээд байна. Ямар ч сайн нам хяналтгүй бол ялзардаг. АН ч, МАН ч ялгаагүй. Тиймээс энэ удаагийн жагсаал, тэмцлийн нэг таагүй үр дүн нь 32 жилийн өмнө тэмцэж олсон ардчиллын нэг үнэт зүйл болох Парламентын ардчилал, олон намын тогтолцоог хүчгүйдүүлэх явдал болж байгааг сайтар анзаарах хэрэгтэй болж байна.
УИХ удахгүй үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. Сонгуулийн тогтолцоо ярина. Иргэдийн саналыг хамгийн бага үнэгүйдүүлдэг пропорциональ тогтолцоог оруулж ирнэ гэсэн чигтэй байгаа.
Гэхдээ түүнээс дутахгүй чухал асуудал бол намуудад санхүүгийн хувьд тэгш байдал бий болгох явдал юм. Шинэ Үндсэн Хууль батлагдсаны дараа улс төрийн намууд асар олноороо байгуулагдаж тоо нь нэг үе 40 шахсан үе бий. Гэвч хоёр том улс төрийн хүчин сонгуульд зарцуулах хөрөнгийн хэмжээг сонгуулиас сонгуульд нэмэгдүүлсээр бусдыгаа замаасаа шахан гаргаж чадсан байдаг.
Том намын нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийнэ эхэлчихсэн байхад жижиг намуудын дарга нар мөнгө хайгаад гүйж явдаг. Ийм тэнцвэргүй өрсөлдөөнөөс торойж, УИХ-ын гишүүн болно гэдэг жижиг намаас нэр дэвшигчийн хувьд биелэгдэшгүй даалгавар. Тиймээс улс төрийн намуудын сонгуульд зарцуулах хөрөнгөний хэмжээг багасгах, намуудыг авсан саналын тоогоор төсвөөс санхүүжүүлэх, босго тогтоохгүй байх гэх мэт дэвшилтэт үзэл санааг суулгах нь ардчиллаа аварч үлдэхтэй агаар нэг ойлголт болчихоод байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ХЭЛЭЭД БАЙГАА ЧИНЬ ЯГ ХЯТАД УЛСЫН ТӨР БАРЬДАГ НЭГ НАМтай ДҮР ЭСГЭСЭН ТОГЛООМын олон НАМТАЙ ЯГ ЗАГВАР ЖИШИГ НЬ АДИЛХАН БАЙНА . МАН , ХЯТДЫН КОММУНИСТ НАМТАЙ ХАМТАРЧ ,ТЭДНЭЭС СУРАЛЦАХ ЗӨВЛӨЛГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАНТАЙ УЯЛДААТАЙ БОДЛОГЫН ҮР ДҮН
Шалгаж тодруулж байж мэдээлэх боломжтой гэчихээд, 2011-2022 оны хооронд нийт борлуулсан нүүрсний орлоготой тэнцэх үнийн дүнтэй нүүрсийг нууж зарсан байх боломжгүй гэнээ. Үгүйсгэх хангалттай үндэслэл болж чадахгүй байна МАН-ынхаан!!!
ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. ИХ ХУРЛЫГ ТАРААЖ БҮХ АРД ТҮМНИЙ ИХ ХУРАЛДААН ХУРАЛДАЖ ОНЦ БАЙДАЛ ТОГТООЖ ХУВЬСГАЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АА
Одоогоор гэдгийн цаана төр барьж байгаа нөхдүүдээ үлдээж байна. Байдал бишдээд, бүх зүйл илчлэгдэхэд МАН-ийнхан гарч ирэх үү
Доржханд МАН ын утсан хүүхэлдэй шдээ, Сангийн яаманд олон жил ажилласан МАН ын тавиул
Юун 44 их наяд вэ.нээгдсэн цагаасаа хойш 12.5 их наядын нүүрс зарсан байна.далан худалчаа.чиний энэ худлаа тооноос болж улсад хохирол учирсан бол чи өөрөө хариуцна шүү
Суурь шалтгаан нь зүгээр л ханаж цаддаггүй шунал шүү дээ
Муу үйл илчлэгддэг л бхгүй юу
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, өмчийн олон хэлбэрийг дээдлэх гэх мэтээр олон боломжуудыг олгосон ч түүнийг эрх мэдэл бүхий цөөнх овжиноор ашиглаж олонхи нь ядууралын " ангал "-руу гулсан орж байгааг юугаар зөвтгөх вэ? нэг нам байна уу, олон нам байна уу энэ бол жирийн ардуудад огт сонин биш тэдэнд өнөөдөр тэгш боломжоор хангагдаж хүний дайтай амьдрах явдал юу юунаас лүү чухал байна. нэг иймэрхүү хөндүүр сэдэв гарангуут " нам, бүлэг, фракц " яриад тэмцэл, хөдөлгөөний үндсэн зорилгыг гажуудуулдагаа больвол яаасын
ЭНЭ СЭТГҮҮЛЧ БНХАУ н УГШИЛТАЙ ТЭНДЭЭС ГАРАЛТАЙ НӨХӨР БАЙНА ЗАХИАЛГААР БИЧЖЭЭ МОНГОЛ УЛС НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДЫН НЭГДСЭН НАМТАЙ БОЛМООР БИШ ҮҮ? ХОРЖИЙЛОО
монголчууд тэнэг биш өөрөө харин хэний захиалгаар ийм юм бичиж байдаг юм
Тэнэг КОММУНИСТ бэ.Монголынхоо ирээдүйн төлөө өөрийнхөө бодож байгаөг бичиж болохгүй юу