“Реал Мадрид”-Клубуудын ДАШТ-ий “ХААН”

Марокко улсад энэ сарын 1-нд эхэлсэн клубуудын ДАШТ Испанийн “Реал” багийн ялалтаар өндөрлөлөө. “Эзэн хааны баг” өнгөрсөн шөнө өрсөлдөгч Аль Хилялийг 5:3-аар хожиж, уг тэмцээний тав дахь түрүүгээ хүртжээ.
-“Реал” клубуудын ДАШТ-д түрүүллээ-
Испанийн багаас Винисиус Жуниор, Феде Вальверде нар дубльдэж, Карим Бензема нэгийг нэмэрлэсэн байна. Харин өрсөлдөгч багаас Ла лигт тоглож асан Лусиано Вьетто дубль толилуулж, хуучин “Порту”-гийн цэрэг байсан Мусса Марега нэг гоол оруулжээ.
Энэ тоглолтод оруулсан хоёр гоол Феде Вальвердегийн хувьд “Реал”-д ирээд оруулсан 9, 10 дахь гоол нь болсон байна. Дасгалжуулагч Карло Анчелотти түүнийг авчрахдаа “Энэ улиралд дор хаяж 10 гоол оруулахгүй бол дасгалжуулагчийн лицензээ урж хаяна” хэмээн ам гарсан байсан бөгөөд ямартай ч лицензтэйгээ үлдэхээр болов. Феде Вальверде 10 дахь гоолоо оруулсны дараа хамгийн түрүүнд Карло Анчелотти руу зүглэсний учир ийм гэнэ.

Тэмцээний шилдэг тоглогч, “Алтан бөмбөг”-ийн эзнээр Винисиус Жуниор /3 гоол, 1 дамжуулалт/ тодорсон бол “Мөнгөн бөмбөг” Феде Вальверде, “Хүрэл бөмбөг”-ийг “Аль Хиляль”-ийн довтлогч Лусиано Вьеттод очив.
“Реал Мадрид” клубуудын ДАШТ-ий “ХААН”
Хэвлэлүүд клубүүдийн ДАШТ-ий үр дүнгийн талаар мэдээлэхдээ “Реал”-ыг уг тэмцээний хаанаар өргөмжлөн гарчигласан нь их байна. Энэ нь дараах учиртай аж.
Клубуудын ДАШТ-д “Реал” таван удаа түрүүлсэн бөгөөд “Барселона” гурав түрүүлсэн амжилтаар удаалдаг. Германы “Байерн”, Бразилийн “Коринтианс” тус бүр хоёронтаа аваргалсан байна.
Итали мэргэжилтэн Карло Анчелотти энэ тэмцээнд гурван арван дамжиж манлайлсан цорын ганц дасгалжуулагч боллоо. Тэрбээр 2007 онд “Милан”-ы хамт анх түрүүлсэн бол 2015, 2023 онд “Реал”-тай түрүүлж байна.
-Клубуудын ДАШТ, “Тив хоорондын цом”-ыг нэгтгэж дүгнэвэл “Реал” түрүүний тоогоор /8/ бусдаасаа хол тасарна. “Байерн”, “Милан” дөрөв түрүүлснээр араас нь барааддаг аж.
-“Реал” өмнө нь хэрхэн түрүүлж байв-
-2014/2015 оны улиралд шигшээд Аргентиний “Сан Лоренсо”-г 2:0-ээр буулгасан. Хөлбөмбөгийн амьд домгуудын нэг икер Касильяс энэ тоглолтоор тамирчны замналаа өндөрлөж, Кейлор Наваст бээлийгээ шилжүүлж байв.

-2016/2017 оны улиралд дахин түрүүллээ. Энэ удаад Японы “Кашима Антлерс”-ыг 4:2-оор буулгажээ. Энэ бол Зинедин Зидан дасгалжуулагчийн камналаа дөнгөж эхлүүлсэн, Криштиан Роналду багийн лидер байсан тэр цаг үе байв. Криштиан шигшээ тоглолтод багийнхаа дөрвөн гоолын гурвыг оруулсан юм.
-2017/2018 Бразилийн “Гремио”-г хүнд хэцүү өрсөлдөөний эцэст буулгаж авсан. Тоглолтын цор ганц гоолыг “Реал”-ын Роналду 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан байдаг.
-2018/2019. Шигшээд Арабын нэгдсэн Эмиратын “Аль Айн”-ыг 4:1-ээр бутниргэсэн. Гоолуудын Лука Модрич, Серхио Рамос, Маркос Льоренте нар оруулав. Маркос Льоренте энэ улирлын дараа “Атлетико”-д очиж, Диего Симеонегийн хамт Испанийн АШТ-д түрүүлсэн юм.
Клубуудын ДАШТ 2023. Шигшээ тоглолт.
“Реал Мадрид” Испани – “Аль-Хилаль” Саудын Араб 5:3 (2:1, 3:2)
Маорокко, «Stade Prince Moulay Abdallah» цэнгэлдэх. 2023.02.12, 03:00 цаг.
Гоол:
1:0 – 13 Винисиус Жуниор, 2:0 – 18 Вальверде, 2:1 – 26 Марега, 3:1 – 54 Бензема, 4:1 – 58 Вальверде, 4:2 – 63 Вьетто, 5:2 – 69 Винисиус Жуниор, 5:3 – 79 Вьетто.
Реал Мадрид – Лунин, Карвахаль (Вальехо, 79), Алаба, Рюдигер, Камавинга, Модрич (Начо, 74), Кроос (Асенсио, 74), Тчуамени (Себальос, 62), Вальверде, Бензема (Родриго, 62), Винисиус Жуниор.
Аль-Хилаль – Аль-Маюф, Абдельхамид, Чжан Хен Су, Аль-Булайхи, Аль-Досари, Каррильо (Майкл Ричард, 75), Куэльяр, Аль-Досари (Аль-Досари, 75), Канно, Вьетто (Аль-Хамдан, 87), Марега (Игало, 86).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.