Волейбол: Шигшээ баг өнөөдөр Индонезийн багтай тоглоно

Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 14-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд Бахреины Риффа хотод зохион байгуулж буй.
Энэхүү тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг эх орноо төлөөлөн “Баянхонгор Кроунд Гео” клубын нэрээр оролцож байна. Энэ жилийн клубуудын Азийн аваргад Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, Хятад, Хонгконг, БНСУ, Австрали, Индонез, Монгол, Кувеит, Йемен зэрэг нийт 16 улсын баг тамирчид өрсөлдөж байгаа юм.
Манай баг Азийн аваргын "С" хэсэгт Япон, Тайланд, Иемений багуудтай учраа таарсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж 3:0-ээр ялалт байгуулаад байна. Ингэснээр шигшээ баг шилдэг наймд шалгарч үлдээд буй. Тэд хэсэгтээ Иемений багтай таван ээлжийн тоглолт гаргаж 3:2-оор ялагдсан бол, Японы багтай дөрвөн ээлжийн тоглолт гаргаж 3:1-ээр хожигдол хүлээгээд байсан билээ.
Шигшээ баг өнөөдөр Индонезийн багтай 16 цаг 30 минутаас тоглоно.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.