"Цагаан сараар сурагчдын ирц тааруу байдаг тул амрах зохицуулалт хэрэгтэй"

Монголын уламжлалт сар шинийн баяртай холбоотойгоор хот хөдөөгүй сурагчдын ирц жил болгон тааруу байдаг. Энэ асуудлаас үүдэж багш нар хичээлээ нөхөж орох, сурачдын хичээл хоцрогдол зэрэг асуудал тулгардаг байна. Иймд ихэнх ЕБС-ийн багш нар цагаан, наадам зэрэг үндэсний баяр наадмаар амрах нь зүйтэй гэсэн байр суурийг нийгмийн сүлжээгээр илэрхийлээд буй.
-Одоогоор миний даасан ангийн ирц 50 хувьтай байна-
Нийслэлийн 83 дугаар сургуулийн багш
Би энэ сургуульдаа багшлаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаандаа хоёр анги дааж төгсгөсөн байдаг. Одоогоор би 11 дүгээр ангийн удирдсан багш. Манай анги нийтдээ 38 сурагчтай. Ихэнх сурагчид шинэ жил, цагаан сар зэрэг баяруудаар чөлөө авах тохиолдол их байдаг. Саяхан л гэхэд шинийн дөрвөнд хичээл ороход ангийн тал хүүхэд л ирж байгаа юм. Багшийн төлөвлөгөөгөө өгчихсөн байхад хичээлийг дараа нь нөхөх асуудал хэцүү байдаг. Хэрэв хичээлээ нөхөж орохгүй бол ангийн тал хүүхэд ямар ч ойлголтгүй болчихдог. Тийм болохоор багш, хүүхдүүдэд хамгийн том тулгарч буй асуудал болж хувирдаг.
Би бодохдоо энэ асуудлыг ирэх жил давтахгүйгээр сар шинийн өмнөх 7 хоног, дараах 7 хоногийн хичээлийг аль нэг улиралд шингээх байдлаар зохицуулалтаа намраас төлөвлөвөл ийм асуудал гарахгүй шүү дээ. Энэ алдагдлыг багш нар л эцэст нь үүрдэг. Бодлого баригчид нь энэ зэргийн зүйлээ бодож үзмээр юм" гэлээ.

-Цагаан сарын шинийн 1, 2, 3-нд бямба, ням гаригуудад таарвал дараагийн ажлын өдрүүдэд нөхөж амрааж байх хэрэгтэй-
Хэнтий аймгийн ЕБС-ийн сургуулийн долдугаар анги багш Ц.Оюу-Эрдэнэ
Орон нутгийн хүүхдүүд цагаан сарын баярын өдрүүдээр хөдөө гэр рүүгээ очихын тулд 3-5 хоногийн чөлөө хүсдэг. Багш хүн өөрийгөө бодоод чөлөө олгохгүй гээд сууж байж болохгүй шүү дээ. Энэ асуудал жил болгон тулгардаг. Эцэг эхчүүд сүүлд нь багш нарыг л буруутгаад дуусдаг. Үүнд бол бидний буруу огт биш. Зүгээр эдгээр өдрүүддээ багахан зохицуулалт хийх хэрэгтэй байгаа юм.
Би өнөөдөр жижүүр багш хийж байна. Ирц маш муу байна. Хөдөөний хүүхдүүд тэр чигээрээ алга байна даа.
Цагаан сарын шинийн 1, 2, 3-нд бямба, ням гаригуудад таарвал дараагийн ажлын өдрүүдэд нөхөж амрааж байх хэрэгтэй гэж боддог. Наадмаар ч гэсэн ялгаагүй. Ер нь улсын баяр наадам, цагаан сар, тусгаар тогтнолын өдрөөр л бүх нийтээрээ амардаг байвал зохилтой.
Миний хувьд сурагчдаа хичээл орох цагуудад ирц бүрэн оролцоосой гэж хүсдэг. Цагаан сарын баярын тухайд хугацааны хувьд харилцан адилгүй байдаг болохоор тогтсон амралтын өдөр зохицуулж болохгүй ч гэсэн дараа нь нөхөх журмаар л шийдэж өгөөсэй гэж хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
2024 онд бүх нийтээр амрах тэмдэглэлт болон баярын өдрүүдийн тухайд энэ оны 4, 8, 9, 10-р саруудаас бусад саруудад бүх нийтийн амралтын өдөр таарч буй аж.
- 1-р сар: Шинэ жилийн баяр 2024.01.01 /даваа гараг/
- 2-р сар: Сар шинийн баяр 2024.02.10-12 /бямба-даваа гараг/
- 3-р сар: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2024.03.08 /баасан гараг/
- 5-р сар: Бурхан багшийн Их дүйчин өдөр 2024.05.23 /пүрэв гараг/
- 6-р сар: Эх, үрсийн баяр 2024.06.01 /бямба гараг/
- 6-р сар: 2024 оны УИХ-ын сонгууль 2024.06.28 /баасан гараг/
- 7-р сар: Үндэсний их баяр наадам 2024.07.11-15 /пүрэв-даваа гараг/
- 11-р сар: Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2024.11.02 /бямба гараг/
- 11-р сар: Улс тунхагласны баяр 2024.11.26 /мягмар гараг/
- 12-р сар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр 2024.12.29 /ням гараг/ тус тус тохиож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 -рсарын 15 наас хичээлээ эхлээд өвөл нь ханиадны үеэр урт амрааж болнодоо . Эцэг эхчүүдийг нь цахимаар ажлуулж бно .