Б.Дэлгэрсайхан: Хэдхэн “шантааж” хийгчид бусад ТББ-уудынхаа нэр хүндийг унагадаг

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хорих ангид ял эдэлж байсан зарим этгээдүүд ТББ байгуулах замаар уул уурхайн компаниудыг дарамталж, мөнгө авдаг асуудлыг хөндөн шүүмжиллээ.
Тэрээр “ТББ-уудын үйл ажиллагаанд ер нь яаж тавьдаг юм бэ. Шоронгоос гарсан нөхдүүд ТББ байгуулах тохиолдол борооны дараах мөөг шиг болсон. Эх орныхоо төлөө, газар шорооныхоо төлөө гэсэн уриатайгаар орон нутгуудад салбар нээж байна.
Тэгээд орон нутагт очиж Засаг дарга нарыг доромжилдог. Уул уурхайн компаниудыг дарамталдаг байсан газар болсон. Сүүлдээ улс төрийн намын улс төржих хэрэгсэл болсон. Сошиал дээр бичлэг хийгээд л цацчихдаг. Одоо үүнийг хянах хэрэгтэй. ХЗДХ-ийн яамнаас ял эдэлж байсан хүмүүсээ бүртгэж, мэдээлэл авдаг байдал нь хэвээрээ юу.
Энэ хүмүүс тань улс төр рүү орж ирж нөлөөлөх эрсдэл бодьтойгоор бий болчихоод байна. Жишээ ярьж болно. Энэ ТББ-ын нөхдүүдийг суманд байгаа ганц цагдаа яаж ч чадахгүй байна. Шоронгоос гарч байгаа нөхдүүдээ яаж хянаж байгааг мэдмээр байна. Хэдхэн “шантааж” хийдэг хүмүүс нийт ТББ-уудын нэр хүндийг унагаж байна” гэв.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.