Нийгэм мэдээ

Д.Рагчаа: Цэргийг "шорон" шиг гэж санасан ч төсөөллөөс тэс өөр байсан

Саяхан цэргийн албаа амжилттай хааж, сурч тэмүүлэх хүсэл мөрөөдлөөр дүүрэн ирсэн Д.Рагчаатай бид цөөн хором ярилцлаа. Тэрбээр "Анх цэрэгт явах гэж байхдаа ихэд эмээж "шорон" шиг дэглэмтэй байна байх даа хэмээн төсөөлж очсон. Гэтэл тэс өөр уур амьсгалтай байсан" хэмээсэн юм.

-Сайн байна уу. Цэргийн албаа амжилттай хаагаад ирсэнд нь баяр хүргэе. Хаана алба хаав. Анх цэрэгт явахдаа ямар бодол тээж байв. Тэр бодол өөрчлөгдсөн үү?

-Баярлалаа. Би Дорноговь аймгийн Зүүнбаян сумд байрлах Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар анги дугаар ангид нэг жилийн хугацаат цэргийн алба хаагаад саяхан халагдсан. Яг энэ ангид миний өвөө Б.Халтархүү мөн цэргийн албаа хааж байсан түүхтэй.

Анх цэргийн албаны зарлан дуудах хуудас надад ирэхэд их түгшиж байсан. Угаас хүний хараа хяналт дор байдаг тул "шорон" шиг л байна байхдаа гэсэн эмзэглэл дүүрэн гэрээсээ мордож байсан. Гэтэл миний төсөөллөөс тэс өөр санагдсан. Адилхан аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн жагсаалд алхаж, сурч хөгжөөд эхлэх үеэс л "хар" бодол үгүй болсон.

Хүмүүс цэрэг гэхээр л хатуу дэглэлттэй газар хэмээн ойлгодог. Миний алба хаасан ангийн хувьд ер дэглэлт байгаагүй. Харин ч мэдэхгүй, чадахгүй асуудал тулгарах үед сайн зөвлөж, чиглүүлж байсан. Эргээд бодоход "Жа"-гаа л их санах байх.

-Жагсаал, бэлтгэлээс бусад үед юу хийж өнгөрөөж байв. Юуг сурч, өөриймшүүлэв?

-Бид жагсаал, бэлтгэлээс бусад үед соёл, хүмүүжлийн сургалтад хамрагдаж байсан юм. Үүнд сонирхолтой кино үзвэр, Монгол наадгай, сагс, волейбол гээд төрөл бүрээр л хөгжих боломжит зүйлс багтдаг.

Миний хувьд цэргийн албанд явахаасаа өмнө даруу төлөв, тэр бүр хүмүүстэй яриа өрнүүлж чаддаггүй байсан. Харин цэрэгт очоод хүмүүстэй нээлттэй харилцаж, өөрийгөө илэрхийлж сурсан.

-Цэрэг болсон нэг жилийн хугацаа хэр урт санагдав. Хамгийн ихээр хэнийг санаж байв?

-Үнэнийг хэлэхэд цэрэгт очсон эхний өдрүүд бол урт л санагдсан. Аргагүй шүү дээ, ер харж байгаагүй царай, дасал бус орчин. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уусчихдаг юм билээ. Яг халагдана гэхэд ангидаа сэтгэл хоргодож л байсан.

Тэнд байхдаа хамгийн ихээр аав ээжийгээ л санасан. Надад найз охин байхгүй л дээ. /гэж хэлээд инээв/

-Шинэ цэрэгт хөгжилтэй явдал бишгүй л тохиолдсон байхдаа.

-Тэгэлгүй яах вэ. Анх нормын хувцсаа өмсөн жагсаалд алхах үед хөл гар эвлэхгүй байсан. Бусдыгаа дагаад алхъя гээд эргээд харахад надаас ялгагдах юмгүй л харагдсан. Тэр үеийн мэдрэмж их сонин. Хөгжилтэй бас гоё.

Мөн "Марш тактик"-ийн уралдаанд бэлдэж байсан таван сарын хугацаа дурсамж, адал явдлаар дүүрэн байсан. Тэр үед би гантилаа даахгүй унагааж л явсан. Манай цэргийн ангид 180 орчим байлдагч алба хаасан. Олон ч сайхан найзуудтай болоод амжсан.

-Ямар зорилго өвөртөлж ирэв. Цаашид хэрхэх төвлөгөөтэй байна?

-Сурч боловсрох л хамгийн чухал санагдаж байна. Ер нь эрдэм мэдлэггүй бол урагшгүй шүү дээ. Тиймээс хүнд машин механизмын чиглэлээр сурч, ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг сэтгүүлч болоорой.Амжилт.

Зочин
Зочин

хайртай шүү онжи хха

Холбоотой мэдээ

Back to top button