Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын шинэ тарифыг дэлхий нийт сэтгэл зовнин хүлээж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр /2025.04.02/ улс орнуудад хариу татвар тавьж буйгаа мэдэгдэнэ гэдгийг Цагаан ордон мягмар гарагт /2025.04.01/ мэдээлжээ. Хариу татвар гэдэг нь Америкийн бараанд гаалийн татвар тавьдаг орнуудад ижил хэмжээний тариф тавих юм.

Трамп өнөөдрийг “Чөлөөлөх өдөр” гэж нэрлээд байгаа. Тэр Вашингтоны цагаар 16:00 минутад (Улаанбаатарын цагаар 04:00) хариу гаалийн татвар тавих талаар мэдэгдэл хийх юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт хариу татвар нь Трамп мэдэгдсэний дараа шууд хэрэгжиж эхэлнэ гэж хэлсэн байна. Харин автомашины импортод тавих 25 хувийн татварыг пүрэв гарагаас хэрэгжүүлж эхэлнэ гэж Левитт хэлжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ Трампын танилцуулах хариу татвар нь улс орнуудад тавих гаалийн татварын хязгаар гэсэн байна. Хэрвээ улс орнууд Трампын захиргааны шаардлагыг биелүүлбэл хариу татвар буурч магадгүй гэдгийг тэр нэмж хэлсэн юм.

Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет саяхан “Fox Business”-т өгсөн ярилцлагадаа худалдааны тэнцэл хамгийн муу байгаа 10-15 оронд татвар тавихад анхаарал хандуулна гэж хэлсэн байсан. Тэгвэл Трамп ням гарагт /2025.03.30/ хэлэхдээ энэ долоо хоногт зарлах гэж буй хариу татвар нь худалдааны алдагдал хамгийн ихтэй 10-15 улс бус бүх орныг хамарна гэсэн билээ.

Албан тушаалаа хүлээн авснаас хойш Трамп хөнгөн цагаан, гангийн импортод тариф тавьж, БНХАУ-д оноодог гаалийн татварыг нэмэгдүүлсэн. Тэрбээр хэд хэдэн удаа өөр тариф ногдуулна гэж сүрдүүлсэн ч тэднийгээ цуцалж эсвэл хойшлуулсан байгаа.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Левиттийн гаргасан мэдэгдэл нь Трамп энэ удаад хойшлуулж цуцлалгүй жинхэнээсээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг харуулав. Левитт “Ерөнхийлөгч олон арван жилийн турш эдгээр асуудлыг судалж ирсэн гайхалтай зөвлөхүүдийн багтай. Бид Америкийн алтан үеийг сэргээхэд анхаарлаа хандуулж байна” гэжээ. Хариу татвар нь бизнес, хөрөнгө оруулагч, хэрэглэгчдэд дэлхийн худалдааны дайныг даамжруулна гэх айдсыг нэмэгдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button