Трампын тарифын улмаас олон орны эдийн засаг уналтад орох магадлалтай

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авснаасаа хойш олон улсын донсолгосон хэд хэдэн алхам хийгээд байгаа. Тэр ДЭМБ, Парисын тохиролцооноос АНУ-ыг татаж, Москвад ээлтэй хандаж, Гринланд болон Канадыг АНУ-д нэгтгэнэ гэж хэлж, худалдааны томоохон түншүүддээ гаалийн татвар тавьсан.
Тэгвэл лхагва гарагт /2025.04.02/ Трампын танилцуулсан хариу татвар түүний гаргасан мэдэгдэл нь хамгийн нүсэр үр дагавар дагуулах зүйл байлаа. Трамп Цагаан ордны зүлэг дээр мэдэгдэл хийхдээ “Олон жилийн турш шаргуу хөдөлмөрч америкчууд бусад орнууд баяжин, хүчирхэгжиж байгааг хажуугаас нь харж суусан. Тэд ихэнхдээ бидний зардлаар баяжсан. Өнөөдрийн үйлдлээр бид эцэст нь Америкийг дахин агуу болгож урьд өмнөхөөсөө илүү агуу болгох болно” гэж хэлээд 180 гаруй орнуудад хариу гаалийн татвар оноосон юм.
Түүний шинээр гарын үсэг зурсан гүйцэтгэх тушаалаар бол бүх улсад арван хувийн суурь татвар оноож байгаа. Зөвхөн арван хувийн суурь гаалийн тарифт Монгол Улс, Их Британи, Сингапур, Австрали, Саудын Араб гэх мэт орнууд багтана. Харин худалдааны тэнцэл их алдагдалтай орнуудад АНУ нэмэлт тариф тавих юм. Үүнд Европын холбоо (20 хувь), БНХАУ (34 хувь), Вьетнам (46 хувь), Тайланд (36 хувь), Япон (24 хувь), Камбож (49 хувь) гэх мэт орнууд багтаж байгаа.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент улс орнуудыг Трампын тарифт ногдуулахгүй байхыг анхааруулжээ. Тэр “Fox News” агентлагт хэлэхдээ “Бүх улс орнуудад өгөх миний зөвлөгөө бол хариу арга хэмжээ бүү ав. Цааш суугаад, хүлээж авч юмс хэрхэн өөрчлөгдөхийг харцгаая. Учир нь гэвэл хариу арга хэмжээ авбал хурцадмал байдал үүснэ. Хэрвээ хариу арга хэмжээ авахгүй бол энэ нь тарифын дээд хэмжээ” гэсэн байна.

Тарифын улмаас олон орны эдийн засаг уналтад орох магадлалтай
“Fitch Ratings” фирмийн АНУ-ын эдийн засгийн судалгааны албаны дарга Олу Сонола хэлэхдээ АНУ импортын бараанд ногдуулж буй татварын хэмжээ өнгөрсөн жилийнхээс арав ахин их буюу 22 хувь байна гэжээ. АНУ сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд ийм өндөр гаалийн татвартай байгаагүй юм.
Сонола “Энэ бол зөвхөн АНУ төдийгүй дэлхийн эдийн засгийн хувьд томоохон өөрчлөлт болно. Үүний улмаас олон орон эдийн засгийн уналтад орох магадлалтай. Хэрвээ энэ тариф удаан хугацаанд үйлчилбэл шинжээчдийн гаргасан ихэнх эдийн засгийн хэтийн төлөвийг хаяж болно” гэж хэлжээ.
“Moody’s Analytics” фирм АНУ-ын эдийн засаг удахгүй уналтад орж магадгүй гэж анхааруулж ирсэн. Мөн тус улсын нэмэгдэж буй төсвийн алдагдал, өндөр өрийн улмаас санхүүгийн байдал нь олон жилийн уналтад орж болзошгүйг анхааруулсан юм. Пүрэв гарагт тэрхүү фирмийн ахлах эдийн засагч Марк Занди пүрэв гарагт /2025.04.03/ хэлэхдээ Трампын тарифаас үүдэх худалдааны дайн АНУ-ын эдийн засгийг хохирооно гэсэн байна. Тэр “Хэрвээ энэ худалдааны дайн Хөдөлмөрийн өдөр (Есдүгээр сарын нэгэн) хүртэл үргэлжилбэл АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлалтай” хэмээсэн юм.
Улс орнууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Ерөнхийлөгч Трамп дэлхий дахинд, тэр дундаа Европын холбоонд бүхнийг хамарсан гаалийн татвар оноож байгаа нь дэлхийн эдийн засагт томоохон цохилт боллоо. Тодорхой бус байдал даамжирч энэ нь цаашдаа протекшионист байдлыг нэмэгдүүлнэ. Бид гангийн тарифын хариуд авах арга хэмжээний эхний багцыг бид аль хэдийн эцэслэн боловсруулж байна. Хэлэлцээ бүтэлгүйтсэн тохиолдолд бид өөрсдийн ашиг сонирхол, бизнесээ хамгаалахын тулд цаашид арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа” гэжээ.
БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдэл хийхдээ “БНХАУ нь үүнийг эрс эсэргүүцэж, өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна. Худалдааны дайнаас ялах улс гэж үгүй. Протекшионизмээс гарах арга байхгүй. БНХАУ нь АНУ-ыг татвараа нэн даруй цуцлахыг уриалж байна” хэмээсэн юм.
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү “Япон бол АНУ-д хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийж байгаа орон учир Вашингтон бүх улсад татвар оноосон нь утга учиртай эсэхийг бид гайхаж байна. Бид Японы үндэсний ашиг сонирхолд юу хамгийн сайн болохыг анхаарч үзэх хэрэгтэй. Хамгийн үр дүнтэй арга хэмжээг авч үзэхийн тулд бүх боломжит хувилбарыг судална” гэжээ. Францын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Софи Примас Трампыг дэлхийн эзэн мэт аашилж байна гэж хэлсэн байна.
Харин Малайзын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдэгдэл гаргахдаа тус улс “АНУ-ын эрх баригчидтай чөлөөт, шударга худалдааны үзэл санааг дэмжих шийдлүүдийг эрэлхийлэхийн тулд идэвхтэй хамтран ажиллана” хэмээж хариу гаалийн татвар тавихгүйгээ мэдэгдсэн байна. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони “Бид барууны орнуудыг дэлхийн бусад тоглогчдод ашигтай байдлаар байр суурийг нь сулруулах худалдааны дайнаас зайлсхийхийн тулд АНУ-тай тохиролцоонд хүрэхийн тулд чадах бүхнээ хийх болно” хэмээсэн юм. Норвегийн Ерөнхий сайд Ёонас Гар “Энэ бол маш муу мэдээ, маш ноцтой. Хэлэлцээ хийх боломж байгаа гэж америкчууд хэлсэн. Бид үүний боломжтой бүх хэлбэрээр ашиглах болно” гэжээ.
Эх сурвалж: Reuters, CNBC, BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэрэгтэй болоод тариф өссөн байх?
Бид.америк бараанд тариф нэмэх үү?
Энэ трамп гээд байгаа этгээд манайхнаар бол Нянбаатар гэсэн үг юмаа даа
Манайд Хятадын оедооын үйлдвэрүүд нь ороод ирэх байх даа аан